Ц.Шинэбаяр: Надтай адил үзэл бодолтой гишүүд, хөдөлгөөнийхөнтэй хамтарч байна
МАХН-ын нэр МАН болж үүнтэй холбоотой УИХ дахъ МАХН-ын бүлэг МАН-ын бүлэг болсон. Харин УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр намын нэрийг өөрчилснийг эсэргүүцэж байгаа бөгөөд МАХН-даа үлдэнэ, МАН-ын бүлэгт орохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-МАН-ын бүлэгт орсонгүй. Одоо та сул гишүүн болсон уу?
-Би одоо сул гишүүн. МАН-д элсэхгүй. Энэ тухайгаа ч олон удаа хэлсэн. Намын их хурлын талаар олон гишүүн шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэрний нэг нь би. Ингэж хэлбэр төдий яваад үр дүн гарахгүй. Бодитой шинэчлэл хийх хэрэгтэй байсан юм.
-Бодитой ямар шинэчлэл?
-Тухайлбал, XXV их хурлын биелэлтийг ярихгүй байж шинэчлэл хийнэ гэж яриад байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа учраас л МАХН-даа үлдэхээр шийдсэн.
-МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл гээд байгаа шүү дээ?
-Намын зарим удирдлага эргэлзээтэй олон тайлбар хийгээд байна. Их хурлын үеэр “Ардын нам мандтугай, Ардын засаг мандтугай” гээд л, киноны хэсгээс харуулж байгаад л жанжин Сүхбаатараар баахан реклам хийсэн. Их хурал дээр болохоор бүр 1924 оны уугуул нэр сэргээж байгаа мэтээр хэлж байснаа Улсын дээд шүүх дээр очихоороо, уугуул нэрээ сэргээж байгаа юм биш. 2006 онд татан буугдсан Баасангийн намын нэрийг сэргээж байгаа гэж байна. Ингэж биднийг хууран мэхэлж, төөрөгдүүлж байгаа зүйл ажиглагдаад эхэллээ. Үүнийг эсэргүүцэж байгаа намын гишүүд нэмэгдэж байна.
Миний хувьд гэнэт сая шийдэж байгаа юм биш. Бүр хоёр жилийн өмнөөс хамтарсан Засгийн газар байгуулагдах үеэс л энэ шийдвэрийг гаргасан. Харин хэдийд мэдэгдэх вэ гэдгээ л бодож байсан юм.
-”Шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө нэгдсэн хөдөлгөөн”-нд элссэн үү? Таны адил байр суурьтай хүмүүс таньтай холбоо барьж байна уу?
-Би энэ хөдөлгөөний гишүүн биш. Би хүний үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ МАН-д элсэхгүй гэж байгаа, Надтай адил үзэл бодолтой гишүүд, хөдөлгөөнүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Одоо МАХН-аа сэргээж гишүүдээ нэгтгэхээс өөр аргагүй болж байна. Ийм бодолтой хүн хүн асар олон байна. Хөдөө орон нутаг, аймгуудаас, хотын дүүргүүдээс их утасдаж байна. Би хагас бүтэн сайнгүй, маш их завгүй ажиллаж байгаа.
-МАХН нэрийг дахиж хэрэглэхэд хууль эрх зүйн хувьд боломжгүй юм биш үү?
-Улс төрийн намуудын тухай хуульд намын нэр өөрчлөх тухай байдаг л даа. Гэхдээ тэд хуурч мэхэлсэн. Уугуул нэрээ сэргээнэ гэчихээд одоо болохоор уугуул нэр гээгүй 1996-2006 байсан нэрээ авч байгаа гэж байгаа нь намын гишүүдийг их бухимдуулж байна. Тэгэхээр тэд МАН гэж хууль эрх зүйн хувьд авах боломжгүй нэр авчихсан шүү дээ. Энэ нэрийг 21-24 онд хэрэглэж байсан. Дараа нь 1990-2006 онд хэрэглэж байсан. Тийм болохоор 7 хоногийн өмнө хэрэглэж байсан нэрийг сэргээж авахад харшлах зүйлгүй гэж бодож байна.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр мөн л МАХН-ын нэрийг өөрчлөхийн эсрэг байсан. Гэтэл одоо МАН-ын Бага хурлын гишүүн болчихлоо. Та ч МАН-ын бага хурлын гишүүн шүү дээ?
-Тийм би ч Бага хурлын гишүүн. Миний оронд хүнээ сонгож авах биз.
Л.Нинжсэмжид http://niigmiintoli.mn/
URL: