Хор, хоол хоёрыг ялгаж өгөөч Д.Батмөнх дарга аа
Мэргэжлийн хяналтын газрыг шан харамж харж мөнгөтэй бийлэгжүү нэгний талд үйлчилдэг гэх яриа оргүй биш бололтой.
Энэ яриаг батлах мэт нэгэн явдал өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт болсон юм.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандорж хэвлэлийн хурал зарлаж хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ашигладаг үйлдвэрүүдэд шалгалт хийсэн тухайгаа их л сүр дуулиантайгаар мэдээлсэн юм. Тэдний хийсэн шалгалтаар манай хүнсний үйлдвэрүүд хүний биед хортой нэмэлт бүтээгдэхүүн ашиглаж байгааг тогтоосон юм байх.
Эдгээр нэмэлт бүтээгдэхүүнүүд нь хорт хавдар үүсгэх эх үүсвэр нь болж, ургийн гажгийг ч бий болгох магадлал өндөртэй хэмээн тэд мэдээлсэн.
Тэгсэн хэрнээ үндэсний хэмжээний ямар, ямар том компаниудын бүтээгдэхүүн монголчуудыг хордуулаад байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад, тэрбээр “Энэ удаа нэрийг нь хэлэхээс татгалзаж байна” гэсэн хариулт өгч олон хүнийг гайхшируулсан юм. Уг нь тэд шалгалтаараа сүү, бялуу, гурил, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд хүний биед хортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ашиглаж байгааг илрүүлсэн аж.
Гэтэл тэд ард иргэдийгээ аль үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнээс болгоомжлох ёстойг хэлсэнгүй.
Энэ нь нийгэмд айдас хургуулаад зогсохгүй зарим нэгэн үйлдвэрүүдийн бизнес үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна.
Хатуухан хэлэхэд тус газрынхан ажил хийж байгаа мэт харагдахын тулд жирийн нэгэн Дорж, Дулмаагийн үйлдвэрт шалгалт хийгээд түүнийгээ л олон нийтэд дэлгэдэг болохоос эрх мэдэл бүхий албан тушаалтны нөмөр нөөлөгт нуугдагсдын зөрчлийг илрүүлсэн ч түүнийг нь хав дараад өнгөрдөг нь нууц биш юм.
Тухайлбал тэдний энэхүү мэдээллээс болж хамгийн их хохирсон хүмүүс нь хувиараа бизнес эрхлэгчид. Учир нь жижиг дунд үйлдвэрлэлийн бизнесээр зээл авч гурил, гурилан бүтээгдэхүүн хийдэг хэд, хэдэн үйлдвэрлэгчид тус газрын мэдээллийн дараа худалдан авалт эрс буурч байна гэж гомдоллосон юм.
НМХГ-ынхныг дээрх мэдээллийг хийсний дараа манай редакци руу олон хүн утасдаж “Бид ямар хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс татгалзах ёстой юм бэ. Та нар энэ талын мэдээллийг ард иргэддээ үнэн зөвөөр нь гаргаж өгөөч. Тэгэхгүй бол бид ямрыг нь хэрэглэх, ямраас нь татгалзах ёстойгоо мэдэхгүй байсаар хордож үхэх аюулд хүрэх нь байна” гэж байсан юм. Яг үнэндээ бид нар ч дээрх иргэд шиг мэдээлэл хомс байгаа.
Эндээс үзэхэд нэрийг нь нууцалж буй компаниуд энэ хэдэн хоногт хэчнээн хэмжээний бүтээгдэхүүн ар иргэдэд худалдсан бол гэдэг нь өөрөө асуулт юм.
Мөн хүний биед хортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа үйлдвэрүүдийг мэдсэн мөртлөө яагаад нэрийг нууцлах болов гэдэг нь ч асуудал.
Хэдийгээр ийм асуудалд бизнесийн байгууллагын нэр хүнд дагалдан явдаг ч ард иргэдийн амь арай илүү гэдгийг мэргэжлийн хяналтын удирдлагууд төдийгүй байцаагчид нь мэдэж л баймаар.
Тус газрынхан уг нь “Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийг сахиулан, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчинг дэмжиж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” хэмээн зорилгодоо тунхагласан байдаг байна.
Гэтэл тэд энэ удаа иргэдийнхээ эрүүл мэндийг умартаж зөвхөн бизнесийн таатай орчинг бүрдүүлэхийн тулд хор үйлдвэрлэж байгаа компаниудын нэрийг энэ удаа зарлахаас цааргаллаа.
Хэрвээ нэр нь нууцлагдсан үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн хүний амь нас эрүүл мэндийг хохироосон нь нотлогдвол МХЕГ, НМХГ давхар хариуцлага хүлээх нь дамжиггүй.
Тиймээс МХЕГ-ын дарга Д.Батмөнх та нууцын зэрэглэлтэй байгаа энэхүү мэдээллийг ил болгож шударга үнэнчээр ажиллахыг албан хаагчддаа сануулахад илүүдэхүй биз ээ.
Өөрөөр хэлбэл тэдний энэхүү нууцласан мэдээллийн ард хэн гэгч эрхмийн ямар нууц хадгалагдаж байгааг танай байцаагч, үйлдвэрлэгч хоёр сайн мэдэж байгаа.
Иймд хор, хоол, хоёрын ялгааг түмэнд хэлж өгөх нь таны үүрэг гэдгийг сануулъя, Х.Батмөнх дарга аа.
Р.Саруул
Эх сурвалж:
URL: