Дэлхийг цочроосон халдлага
АНУ түүхэнд арилгаж болшгүй хар толбо үлдээсэн есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш 13 жил өнгөрч байна. Одоогоос 13 жилийн өмнө Нью-Йорк хотод дэлхий дахиныг цочроож, олон мянган хүний аминд хүрсэн аймшигт террорист халдлага болсон билээ.
2011 оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын эсрэг нэгэн зэрэг дөрвөн ч цуврал халдлага үйлдэгдсэн юм. Өглөөгүүр алан хядагч “Аль-Кайда” бүлэглэлийн амиа золиослогч 19 хүн дөрвөн хэсэг болон зорчигч тээврийн дөрвөн онгоцыг барьцаалан америкийн гол гол объектыг мөргөн сүйтгэхээр явсан байдаг. Тэдний хоёр нь Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг дэх Дэлхийн худалдааны төвийн барилгыг чиглэсэн бол гурав дахь нь Вашингтоноос холгүй орших АНУ-ын Батлан хамгаалах яамны барилга Пентагоныг чиглэжээ.
Эхний онгоц өглөөний 8 цаг 46 минутад Дэлхийн худалдааны төвийн барилгыг 94-98 дугаар давхрын орчмоор мөргөсөн бол хоёр дахь онгоц хоёр дахь цамхгийн 78-85 дахь давхар орчмоор есөн цаг хоёр минутын үед мөргөжээ. Харин гурав дахь онгоц нь Пентагоны барилгыг 9.37.46 цагт мөргөж унасан юм. Дөрөв дэх онгоц нь Вашингтоноос хойд зүгт 240 орчим км-ийн зайд Пенсильваний баруун хэсэгт талд сөнөжээ.
Энэ халдлагын үеэр нийтдээ 2977 хүн амь алдсанаас 2606 нь Дэлхийн худалдааны төвд, 125 нь Пентагонд, дөрвөн онгоцонд нийтдээ 246 хүн амь эрсэдсэн юм. Үүний дээр 19 алан хядагч бас амь алдсан.
Энэ аймшигт халдлагыг алан хядагч “Аль-Кайда” бүлэглэлийн тэргүүн Осама Бен Ладены итгэлт хүн Халид Шейх Мохаммедын санаачилгаар үйлдсэн гэдэг. Тэр 1996 оноос Бен Ладентай ойртон түншилж, 1998 онд Африкт АНУ-ын ЭСЯ-нд бөмбөг тавьж дэлбэлэхэд оролцож байжээ. Түүнийг 2003 оны гуравдугаар сард Пакистанаас баривчилсан юм. Тэр өгсөн мэдүүлэгтээ “Есдүгээр сарын 11-ний ажиллагааг эхнээс нь дуустал би хариуцсан” гэж байжээ.
2009 онд есдүгээр сарын 11-ний өдрийг АНУ-д Мөргөл, дурсгалыг хүндэтгэх өдөр болгон зарласан юм.
М.ХҮСЛЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: