“Bank of China” ба О.Чулуунбат

9-8-1Хамааралгүйгээр биеэ даагаад ядуу амьдарснаас хамааралтай баян амьдарсан нь дээр…

Энэ бол Монгол­банк­ны ­ерөнхийлөгч асан, өдгөө Эдийн зас­гийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатын Bank of China-ийн талаар хэвлэлд өгсөн ярилцлагынх нь хэсэг. Өөрөөр хэлбэл, Bank of China-г оруулж ирэхийг дэмжсэн О.Чулуунбатын үг.  Тэрээр цааш нь “…Гадны банкууд манайд орж ирнэ гэвэл алгаа ташаад хүлээж авах хэрэгтэй. Учир нь бид мөнгөгүй байна. Мөнгө агаар ус шиг хэрэгтэй байна. Мөнгө, хөрөнгө орж ирэх бүх цонх, хаалгаа нээх ёстой…” хэмээн үргэлжлүүлсэн байдаг.

О.Чулуунбат бол Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Банкны системийн гол лидерүүдийн нэг гэж олон нийт үздэг. Тиймээс түүний үгийг “Үнэн зөв” хэмээн итгэгсэд талын Монголд олон гэж хэлэхэд болно. Гэвч мань О.Чулуунбат биднийг хааш нь хөтлөөд байна вэ гээд учир мэдэх хүмүүс асуугаад эхэллээ.

Хятадууд яаж ийгээд л салбараа нээхийн тулд Монголын топ банкируудын нэгээр PR-дуулж байгаа нь ч олны анхаарлыг ийнхүү татаж эхлээд байна гэлцэх болов.

БНХАУ-ын Төрийн банк /Bank of China/ нь Хятаддаа хамгийн том дөрвөн банкны нэг, дэлхийн шилдэг 10 банкны тоонд багтдаг. Нийт 15 их наяд юанийн актив хөрөнгөтэй ланжгар “баян” банк байх.

Тэднийх хэдийнэ Монголд төлөөлөгчийн газраа нээчихсэн. Одоо салбарынх нь асуудал яригдаж эхэлж байх шиг… Сайхан Хятадын удирдагч Си Жиньпин айлчлахын өмнөхөн БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун нэгэн сонинд Bank of China-ийнхаа талаар ярьжээ. Ярилцлагадаа “БНХАУ-ын зүгээс Хятадын банкийг Монголд нээхийг төр, засгийн удирдлагуудаас хүсч байгаа. Хятадын Засгийн газар ямартай ч дэмжсэн. Мэдээж, эцсийн шийдвэрийг Монголын тал гаргана. Бидний энэ хүсэлтийг нааштайгаар хүлээн авахыг Монголын талаас хүсч байна. Дэлхийд нэр хүндтэй Хятадын банк Монголд салбараа нээвэл эдийн засагт хүчтэй дэмжлэг болно. Нөгөөтэйгүүр энэ банк Монголд орж ирснээр арилжааны банкуудтай өрсөлдөх байдал үүсэхгүй. Хятадын зүгээс Монголын Засгийн газраас хязгаартай эрх хүссэн. Тиймээс Монголын арилжааны банкны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэхээс өрсөлдөхгүй. Нөгөө талаар дэлхийн төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ийм том банк Монголд орж ирвэл эдийн засагт ашигтайн дээр гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл үзүүлж, тэднийг татах боломжтой юм” гэсэн байдаг. Эндээс үзвэл, өдгөө дэлхийн 31 оронд салбараа оруулаад байгаа Bank of China Монголд ч салбарлуулах сонирхол ихээхэн байгаа нь илт.

Харин Монголын сонирхлыг Bank of China хэр зэрэг хөдөлгөх вэ? Дэд сайд О.Чулуунбатын хэлж байгаагаар “Bank of China-аас хамааралтай баян амьдаръя, бидэнд мөнгө агаар уснаас хэрэгтэй байгаа юм чинь…” гэх үү. Бас ноён Элчин сайд Ван Шяолуны хэлснээр “Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ том банкийг оруулж ирж, хөрөнгө оруулагчдыг татан, эдийн засгаа өөд татъя” гэж шийдэх үү?

Bank of China саяхан удирдагчийгаа ирэхийн өмнө Монголын “Туушин” компанид зээл олгож түүнийгээ олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сайтар хүргэсэн. Ингээд мөнгө зээлүүлээд байна шүү гэсэн мессэжийг манай бизнесмэнүүдэд өгөх гэсэн хэрэг болов уу даа. Юутай ч эхлэлээ тавилаа гээд сайхан л PR-даж байна.

Гэсэн ч Монголд хэн нэгэн Чулуунбатын хүсэл бодол, зарим бизнесмэний хэтийн зорилгоос илүү нэг том асуудал бий. Тэр бол нийт монголчуудын эрх ашиг. Тэгэхээр Bank of China орж ирснээс монголчуудын эрх ашигт хэр зэрэг нийцэх вэ гэдгийг хамгийн эхэнд харах учиртай.

Монгол Улсын Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал гэж бий. Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд Эдийн засгийн аюулгүй байдал хэмээн тусгайлсан заалт байдаг. Түүнд “…аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах… Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж…” гэсэн гүн гүнзгий утга учир бүхий үг өгүүлбэр байна.

Түүнээс гадна Bank of China орж ирснээр дотоодын санхүүгийн системийн эрсдэл нэмэгдэх аюултай юм. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт, капиталын богино хугацаат, тогтворгүй урсгалд хялбар автах, үүнээс улбаалан банкны системийн эрсдэлд өртөх магадлал өндөр болно гэсэн үг.

Мөн манай улсад цаашид өсөх Хятадын хөрөнгө оруулалттай, оролцоотой компанид Bank of China үйлчилж эхэлнэ гэдэг нь улс орны эдийн засгийн аюулгүй байдалд шууд хамааралтай асуудал.

Өнөөдөр манай арилжааны банкууд байнгын өндөр инфляц­тай, зах зээлийн эрсдэлтэй нөхцөлд хүү, бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ өрсөлдөж байгааг хэн бүхэн мэднэ. Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан аажмаар зээлийн хүүг бууруулж, санхүүжилт олгох арга чарга хайн ажилласаар байгаа. Сайн муу нэр дуулан, Монголын санхүүгийн зах зээл, банкны салбарын өрсөлдөөнд тоосоо өргөж яваа арилжааны хэдэн банк маань өнөөдөр боломжийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй болж байгааг мэргэжлийнхэн ч хэлдэг, хэрэглэгчид нь ч мэддэг болсон юм байна лээ. Гэтэл Bank of China орж ирснээр тэдний өрсөлдөөнд нөлөөлж, урт хугацаанд өргөжин хөгжих чадваргүй, дотоодын хуримтлал өсөх боломжгүйд хүрэх хортой.

Басхүү манай Зээлийн мэдээллийн тухай хуульд заасанчлан  Bank of China орж ирвээс зээлдэгч бүрийн маш нарийн мэдээлэл тэр чигээрээ тус банкинд очих ажээ.

Энэ бүхнийг дурдахын учир нь Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа “Эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах…бодлого баримтална” гэж заажээ.

Учир мэдэх хүмүүсийн яриад байгаачлан О.Чулуунбат болон УИХ-ын зарим гишүүний лоббидож байгаа Bank of China Монголд салбарлах нь дээрх мэтийн сөрөг үр дагавартай. Тиймээс Bank of China-аас хамааралгүйгээр ядуу амьдарсан нь бидний цөөхөн монголчуудад өлзийтэй ажээ.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР /ЗУУНЫ МЭДЭЭ/

.


URL:

Сэтгэгдэл бичих