АНУ Монголд сануулга өгөв!

901113654093f5cae92e41Өнгөрсөн хавар Путин Крымийг Украйнаас тасдан авч, Орост нэгтгэсэнээр олон улсын харилцаанд том хувиралт гарав. BBC агентлаг энэ үйл явдлыг “Хүйтэн дайн” дахин эхэллээ хэмээн зарласан юм. Ийнхүү, Орос Барууны ертөнцтэй илэрхий сөргөлдөөнд орж, Украйнд Орос ба Барууны талыг баримтлагчдын хооронд иргэний дайн дэгдсэн нь дэлхийн улс орнуудыг талцуулах нөхцөлд оруулах нь тодорхой болжээ.

Энэ сарын 3-нд Барууны ертөнцтэй “хүйтэн дайн” эхлүүлсэн гэх Путин Монголд айлчлав. Путин Монголд айлчлахын өмнө хөрш Казахстанд нэгэн том сануулгыг өгчээ. Найм дугаар сарын 29-нд Путин уламжлал ёсоор зохиогддог “Селигер” залуучуудын чуулганд оролцохдоо Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг “урьд нь ямар ч улс оршин тогтнож байгаагүй нутаг дээр улс байгуулсан” онцгой хувьтай хүн хэмээн хэлсэн нь ажиглагчдын анхаарлын татсан юм.

Тэдний үзэж буйгаар, Казахстанд өгсөн Путины энэ анхааруулга Назарбаев Украйн, Европын Холбооны хооронд байгуулагдах гэрээг дэмжсэнээс үүдэлтэй ажээ. “Хүйтэн дайн” эхлээд буй энэ үед ОХУ-ын үнэнч холбоотон гэгдэх Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев Барууны ертөнцтэй харилцаагаа муутгахыг хүсэхгүй байгаа нь ийнхүү Путинаас дээрх сануулгыг авахад хүргэв бололтой.

Дээрх ёсоор, Путин Монголд айлчлахдаа гадаад харилцаа, олон улсын тавцанд ОХУ-тай хамтарч ажиллахыг манай эрх баригчдад санууллаа. Түүний айлчлалаас харвал, улам бүр хурцадсан олон улсын харилцаа Монгол улсыг Барууны ертөнц, эсвэл ОХУ-ын аль нэгийг сонгох салаа замын уулзварт аваачиж мэдэхээр болжээ. Хэрэв Монгол аль нэг замыг нь сонговол, нөгөө талынх нь дайсан болж хувирна.

Гэтэл, сая АНУ-ын элчин сайд, хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл Монголд хандан гадаад харилцааны бодлогодоо анхаарахыг санууллаа. Тэрээр манай хэвлэлүүдэд хандан ингэж хэлжээ:

“Сүүлийн үед олон улсын хамтын нийгэмлэг, түүний дотор Монголын хамтрагчид маань “Гуравдагч хөршийн бодлого”-ын худалдаа, бизнесийн тулгуур багана дээр арай бага анхаарал хандуулах хандлага ажиглагдаж байна… Дээд түвшиний айлчлалуудыг амжилттай солилцож, олон улсын тавцан дээр хамтран оролцож байгаа болохоор гуравдагч хөршийн бодлогыг боломжоороо хэрэгжүүлсэн гэж бодож магадгүй. Эдгээр дипломат үйл ажиллагаа, хоёрт талт болон олон талт арга хэмжээнүүдийг төгсгөл болгож харах нь сайхан ч дөнгөж миний хэлсэнчлэн гадаад бодлого, эдийн засгийн бодлогын хэлхээ холбоог мартсан хэрэг болно. Ингэх нь эдийн засгийн нь нэгэнт хийсэн худалдааны хэлцэл, түүнээс үүссэн хамтын хөгжил зэрэг бодит үр дүн хардгийг үгүйсэх хэрэг болох юм”

Хятад, Оросын төрийн тэргүүнүүдийн дараалсан айлчлалаар Монголд багагүй хэмжээний эдийн засгийн тусламж үзүүлэхээр шийдсэн бол, хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл та нар “Гуравдагч хөршийн бодлого”-ын худалдаа, бизнесийн тулгуур багана дээр арай бага анхаарал хандуулах хандлага ажиглагдаж байна” хэмээн монголчуудад хэллээ.

Улам бүр хурцадсан олон улсын харилцаа ийнхүү Монгол улсыг Барууны ертөнц, эсвэл ОХУ-ын аль нэгийг сонгох салаа замын уулзварт аваачиж мэдэхээр байна. Мэдээж, олон улсын харилцаа арай таатай байх үед хөгжиж чадаагүй Монголд энэ хоёр зам аль аль нь туулахад хэцүү юм. Хамгийн түвэгтэй нь, монголчуудын хувьд “гуравдахь зам” үгүй болсон байж магадгүй.

Ш.Т.Лантуу

Эх сурвалж: www.gashuun.mn


URL:

Сэтгэгдэл бичих