Халх голын дайн ба зөвлөлтийн хилчид
Урьд өмнө нь манай Хилийн түүх судлалын секторын судлаач, эрдэмтэд Халхын голын дайнд Хязгаарын цэргийн анги, отряд, салбаруудын оролцоо, дайны үр дүн, тоо баримтын талаар хэд хэдэн нийтлэл бичиж уншигч та бүхэнд хүргэсэн билээ. Энэ удаагийн нийтлэлдээ Халхын голын дайнд манай мөнхийн хөрш ОХУ-ын хилчин дайчдын оролцооны талаар дурдахыг зорилоо.
Халхын гол бол манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан харийн дайсныг бут цохисон түүхэн ялалтын талбар юм. Япон, Манжийн талаас 1939 оны тавдугаар сард цэрэг зэвсгийн хүчээр БНМАУ-ын нутаг Номонхан, Бүрд-Овооны чиглэлээр цөмрөн орж, Халхын голын зарлаагүй дайныг эхпүүлсэн юм.
Халхын голын районд явагдсан энэхүү байлдаан нь нэгж талбайд ноогдох зэвсэг техникийн нягтралаараа урьд өмнө дэлхийн дайны түүхэнд болоогүй томоохон байлдаан бөгөөд дайтагч талуудаас 130 мянган хүн, 1000 гаруй танк, хуягт машин, 800 гаруй байлдааны нисэх онгоц оролцсон бөгөөд сүүлийн үед түүх судлаач, эрдэмтэд дэлхийн II дайны эхлэлийн анхны цучил ассан гэж үзэх болсон байна.
ЗХУ өөрийн холбоотон БНМАУ-ын эсрэг Японы цэрэг халдан довтолсныг эсэргүүцэж БНМАУ-ын хилийг бидний хооронд 1936 оны гуравдугаар сарын 12-ны өдөр байгуулсан харилцан туслалцах гэрээний үүргийн дагуу, бид өөрийн хил хязгаарын нэгэн адил эрс шийдвэртэй хамгаалах болно” гэдгээ 1939 оны тавдугаар сард мэдэгджээ.
Энэхүү дайнд Зөвлөлт Холбоот Улсын Улаан армийн бие бүрэлдэхүүнээс гадна Хиагтын, Мангутын, Даурын хилийн отрядуудаас бүрдүүлсэн тусгай шилмэл батальоны дайчид МАХЦ-ийн зургаа, наймдугаар дугаар морьт дивиз, наймдугаар дивизийн хуягт дивизион, 15, 17 дугаар моры хороо, Хязгаарын цэргийн Халх голын, Энгэр шандын, Тамсагбулагийн хилийн отрядын цэрэг эрс мөр зэрэгцэн тулалдаж, амь насаа дэвсэн, асгарах цусаа урсган, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн ялалтыг бидэнд авчирсан юм.
Халхын голын дайнд оролцсон Монгол, Зөвлөлтийн цэрэг армийн байлдааны ажиллагаануудын талаар Монгол, Хятад, ОХУ, Японы эрдэмтэн, судлаач нараас гадна өрнөдийн орны түүх бичлэгт их, бага, үнэн, худал ямар ч байсан дурдагдсаар олон зуун ном зохиол туурвигдан бүтээгджээ.
Гэвч уг дайнд Зөвлөлтийн хилчдийн гүйцэтгэсэн үүргийн талаар судалгааны ном зохиол, бүтээлд төдийлөн сайн дурдагдаагүй байгаа нь түүхийн бас нэг цагаан толбо болон үлджээ. Иймд энэхүү асуудлыг судлан шинжлэх шаардлага өнөөдөр судлаач бидний өмнө тулгамдсан асуудлын нэг болж байна.
Зөвлөлт Холбоот Улс 1939 оны зургадугаар сард Хиагтын, Мангутын, Даурын хилийн отрядуудаас бүрдүүлсэн 300 хүнтэй “Тусгай шилмэл батапьон”-ыг зохион байгуулжээ. Тусгай батальоны захирагчаар Хиагтын хилийн отрядын штабын дарга, хошууч А.Е.Булыгаг томилсон байна.
Уг батальон ЗХУ-ын Хиагтаас мянган уул давж, түмэн голыг гатлан БНМАУ-ын Дорнод аймгийн нутаг Халх голын Хамар даваанд байлдааны үүрэг гүйцэтгэхээр иржээ. Тэд 1939 оны долдугаар сарын 15-наас наймдугаар сарын 18-ны хооронд фронтын галын шугамд ойр байгаа, чухал амин судас болох Халхын голын гарамын аюулгүй байдлыг хангах, дайсны гэнэтийн довтолгооноос хамгаалах, гарам дээр журам сахиулах үүрэг гүйцэтгэж байв.
Фронтын командлалаас тус батальоны I, II, III салааг Халхын голын гармын хамгаалалтад хуучнаар нь үлдээж, IV, V салааг нэгтгэн 100 хилчин дайчдаар бүрдүүлж, ахлах дэслэгч Михайловоор удирдуулсан буудлагын рот болгон зохион байгуулсан юм.
Рот Монгол ардын хувьсгалт цэргийн VI морин дивизийн хориглолтын баруун жигүүрийг халхалж, Япончуудад нөөц хүчээ татах бололцоо олгохгүй байх, элсэн манхнуудыг үлдэн хоцорсон хэсэг бүлэг Япончуудаас цэвэрлэх, дайсны хүн хүч, нөөц, хөдөлгөөнийг тагнан турших, амьд хэл олзлох, дайсны болон түүний галын системийг олж илрүүлэх, түүнд цохилт өгөх, дайсны давшилтыг хориглон зогсоох зэрэг үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж байсан байна.
Батальоны захирагч, хошууч Булыга 1939 оны есдүгээр сарын 3-ны өдөр Дотоод хэргийн ардын комиссариатын /ЗХУ-ын Дотоод хэргийн яам/ Хилийн цэргийн Чита мужийн болон Зөвлөлт Социалист Автономит Буриад Улсын тойргийн даргад бичсэн захидалдаа, “…Хилчдийн батальон одоог хүртэл байлдааны талбарт тавигдсан үүргийг муугүй биелүүлж байна.
Хилчдийн үйл ажиллагааг командлал ч биш энд байлдаж байгаа ажилчин, тариачны улаан армийн бие бүрэлдэхүүн өндрөөр үнэлж байна. Хүмүүс хоёр cap нуувч нүхэнд хувцсаа тайлалгүй, хагас нойртой амьдарч байна.
Одоо сэрүүн болж байна, дулаан хувцас, харуулын нэмэгдэл хувцсаар хангахыг хүснэ” гэж дурдсанаас үзэхэд Оросын хилчин дайчид цэрэг хүнийхээ өргөсөн тангарагтаа хэрхэн үнэнчээр зүтгэж байсан нь тодорхой.
Тиймээс ч Халхын голд байлдсан Зөвлөлтийн хилчдийн батальоноос Шипунов Андрей Петрович нарын 29 цэргийн албан хаагч амь үрэгдэж, Солдатов Георгий Павлович нарын 48 дарга байлдагчид шархадсан юм.
ЗХУ болон БНМАУ-ын төр засгаас тусгай батальоны хилчин дайчдын байгуулсан гавъяаг өндрөөр үнэлж, Булыга Андрей Евстафьевич, Курчев Андрей Павлович, Зозуля Иван Тимофеевич, Пичугин Валентин Арсентьевич нарын 84 цэргийн албан хаагчдыг одон медалиар шагнан урамшуулжээ.
ЗХУ болон БНМАУ-ын төр засгаас хоёр орны хилчин дайчдын байгуулсан гавъяаг өндрөөр үнэлж, олон арван дайчид “Улсын баатар” хэмээх эрхэм цолыг олгож, мянга мянган цэрэг эрс одон, медалиар шагнагджээ.
Халхын голын дайны ялалт нь Монгол Улсын тусгаар тоггнолыг бататгаж, манай ард түмний эрх чөлөөг бэхжүүлж, хоёр улс, хоёр ард түмний найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдсэн юм.
Халх голын хөрснөөс дайны шарх аниагүй, хүн зоны зүрхнэх хагацлын сүүдэр арилаагүй. Гэхдээ бид өнөөдөр баярлаж, аз жаргал баяр хөөрөөр дүүрэн байна. 75 жилийн тэртээ эх сайхан Монгол орныг минь харийн түрэмгийлэгчдээс өмгөөлөн зогссон мөнхийн хөрш ОХУ-ын ард түмэндээ баярлаж, түүхт ойгоо хамтран тэмдэглэж байна.
Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг өнөөдөр бид хамтран тэмдэглэж байгаа явдал нь Монгол Улсын Хил хамгаалах байгууллага ОХУ-ын ХАБА-ны Хилийн албаны нягт хамтын ажиллагааны үр дүн мөн.
Энэ онд тохиож буй Халхын голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын ХАБА-ны Хиагтын хилийн отрядыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 90 дүгээр зарлигаар ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс дахь Холбооны Аюулгүй байдлын албаны Хиагтын албыг Цэргийн гавъяаны одонгоор шагнаж урамшуулсан нь хоёр орны хилчдийн болон цэрэг иргэний харилцааг батжуулан бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой үйл явдал болжээ.
Өнөөдөр хэдийгээр Халхын голын дайнд оролцсон хоёр орны ахмад дайчдын тоо цөөрсөн ч ирээдүйд тэдний байгуулсан баатарлаг гавъяаг хойч үедээ үүрд мөнхжүүлэн үлдээх зорилгоор ХХБ-ын Шинжлэх ухаан технологийн зөвлөл, ОХУ-ын ХАБА-ны судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудын дунд хамтран ажиллах талаар гэрээ, протокол байгуулан хамтын ажиллагааг өргөжүүлэх, архивын баримтуудыг солилцох, үүгээр ч зогсохгүй Монгол Улсын хилийн түүх, хил хамгаалалтын түүхэнд холбогдох бусад эх сурвалжуудыг олж илрүүлэх, эрдэм шинжилгээний хурал, симпозиумыг хамтран зохион байгуулах шаардлагатай байна.
Судлаач, дэд хурандаа Н.Даваадорж
Эх сурвалж: “Эх орны манаа” сонин
URL: