Германчууд Чернобылийн хортой мах иддэг байж

527-1409896978wild-boar-70x_13f220Украины Чернобыльд цөмийн рөактор дэлбэрч осол болсноос 28 жилийн дараа ч гэсэн ослын үр дагавар бүрэн арилаагүй байна. Германд зэрлэг гахайг тусгай зөвшөөрлөөр агнаж махыг нь өндөр үнээр борлуулдаг юм.

Гэтэл Саксони мужид сүүлийн үед хийсэн судалгаагаар тэдгээрийн нэлээд хэсэг нь хүний хүнсэнд хэрэглэж болохооргүй их хэмжээний цацраг идэвхтэй байжээ. Судлаачид үүнийг 1986 онд Чернобылийн осолтой холбон тайлбарласан байна.

Тухайн үед агаар маш их хэмжээний цацраг идэвхт бодис дэгдсэн. Цацраг идэвхтэй бодис нь агаарын урсгал, хур борооны улмаас 1000 км зайд орших Саксони муж төдийгүй Францын нутгийн хөрс шороонд үлдсэн гэдэг.

Зэрлэг гахай хоншоороороо газар ухаж, мөөг болон ургамлын үндсээр хооллодог тул хөрсөнд хуримтлагдсан хортой бодисонд илүү өртдөг байна. Түүнчлэн ийн бохирдсон бүс нутгийн мөөгийг хүнсэнд хэрэглэж болохгүй гэж үздэг.

Саксонид 2012 оноос хойш агнасан зэрлэг гахайн маханд шинжилгээ хийлгэхийг шаардаж, цацрагийн хэмжээ 600 беккерелээс давсан тохиолдолд хүнсэнд хэрэглэхийг хорьжээ.

Гэтэл Саксонид нэг жилийн дотор агнасан 752 гахайн 297-д нь цацрагийн хэмжээ дээрх хязгаараас давснаас заримынх нь хэд дахин давсан байна. Мэргэжилтнүүд радио идэвхт бодисын хэмжээнээс үзэхэд энэ асуудал дахиад 50 жилийн хугацаанд арилахгүй бололтой.

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих