Улаан талбайг цээжээрээ хамгаалсан Д.Зоригт

Монголд машин гангараа биш гутамшиг болчихож. Унааныхаа хоолыг мөнгөөр нь худалдаж авах данагар байлаа ч гуйланчлахаас аргагүй байдал эх оронд минь үүсээд байна. Тавантолгой, Оюутолгой, уран, алт, мөнгө гээд л хаа сайгүй хачин их гайхуулсан бид одоо ганц литр шатахууны мэдэлгүй зовлонг яс махандаа шингэтэл ойлгож байна.
Ийм цаг үед ЭБЭХ-ний сайд Д.Зоригт иргэдийн бухимдал, гомдол төрүүлсэн мэдэгдэл хийлээ. 2008 оны сонгуулийн өмнө “Роснефть” компаниас манай улсад шатахуун түгээх 100 станц байгуулах санал бүхий захидал илгээсэн. Монголчууд энэ захидлын учрыг олох гэж ядаж байхад цаадуул нь хэдийнэ шатахууны үнэ нэмэх зэргээр арга сүвэгчилчихдэг байсныг бид мэднэ.
Гэтэл энэ удаа дахин захидал ирэхэд Д.Зоригт сайд Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд “Захидалд манай улсыг дарамталж, шахсан зүйл байхгүй. Энэ захидал Ерөнхийлөгчид бус Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад ирсэн” гэж мэдээлсэн байх юм. Дарамт шахалт байхгүй байтлаа яахаараа өнөөдөр монголчууд шатахуунаар дутагдаад, сүүлдээ 20 жилийн өмнөх картын бараанд дугаарласан үе давтагдахдаа хүрдэг билээ. Сонгогчдынхоо эрчим хүч, эрдэс баялгийн хэрэглээг саадгүй хангахаар сонгогдсон тэрээр энэ цаг үед ийм хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь ямар учиртай вэ.
Зөвхөн АИ-92 шатахууныг “Шунхлай” 13 литрээс илүү өгөхгүй гэсэн бол “Магнай трейд” 20 литрээс илүү худалдахгүй болжээ. “Талоноор өгнө” гэсэн шошго шатахуун түгээх станцуудын гаднах ханшийн самбар бүрт өлгөөтэй. “Д.Зоригг сайдын хэлснээр хоёр сарын дараа энэ бүхэн хэвийн байдалдаа орох юм байна” хэмээн “Шууд” телевиз мэдээлсэн байна. Харин УИХ-ын гишүүн О.Чулуунбат манай сонинд өгсөн ярилцлагадаа “”Роснефть”-ээс холдохгүй байх шалтгаан энэ улс төрд байна” гэж хэлсэн.
Тэрээр “Өөрсдөө 100 хувь гаднаас хамааралтай байж дотоодынхоо нөөц бололцоог 100 хувь ашиглахгүй суугаад байна гэдэг нэг зүйлийг хэлээд бдйгаа биз дээ” гэсэн нь энэ бүхнийг батлаад өглөө. “Роснефть”-ээс дөрвөн жилийн өмнө ирсэн захидлаас хойш бид юу ч хийгээгүй. Шалтгаан нь өнөөх л улстөр, сонгууль, эх орны хишиг, агаарын бохирдол. Хэтэрхий арчаагүй, хариас хэтэрхий хамааралтайн зовлон энэ.
Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан “2000 оноос хойш нефьт боловсруулах үйлдвэр байгуулах хүсэлтээ 17 компани ирүүлсэн. Тусгай зөвшөөрлөө авсан. Харамсалтай нь хөрөнгөний гачаалаас болоод цуцлуулсан. Засгийн газар дэмжихгүй байгаагийн шалтгаан нь хэт монополь болох вий гэсэн болгоомжлол” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, гадаадын ганц компани дотоодынх нь олон компанийг монопольдчихоод байхад дотоодын аж ахуйн нэгж нь хэт эрх мэдэлтэй болох вий гэж манай Засгийн газар хардаж буй.
“Муу муудаа дээрэлхүү, муна гадсандаа” гэгч л Монголд болж байна. Ийм байхад ЭБЭХ-ний сайд маань хүлээж авсан захидлаа магтан дуулж, дарамталсан, зовоосон юм байхгүй гэж цээжээрээ хамгаалаад сууж байна. Тэгэхээр монголчуудаас сонгогдсон сайд Монголынхоо төлөө ажиллаад байна уу, Кремлийн талд хичээгээд явна уу. Хариултыг нь ард түмэн шүүнэ биз.

Ж.Цогзолмаа


URL:

Сэтгэгдэл бичих