Хүнийг юу аугаа болгодгийг эрдэмтэд тайлбарлав
“Яаж аугаа хүн болон амжилтад хүрэх вэ?” гэсэн асуултыг олон хүн өөртөө тавьдаг билээ. Хариулт нь хэзээд ганцхан байдаг. Ерөөсөө л байнга дасгал сургуулилт хийх хэрэгтэй юм. Бүх аугаа хүмүүс үргэлж л өөрийн ур чадвараа сайжруулан хэзээ ч хүрсэн амжилтдаа сэтгэл нь ханаагүй гэдэг. АНУ-ын Мичиган мужийн Улсын их сургуулийн эрдэмтэн Зак Хэмбрик энэ сэдвээр маргалдах бодолгүй байгаа аж. Онол хэзээд хэрэгтэй гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрөв. Харин тэрбээр ямарваа нэгэн ажил хийж, амжилт олоход тухайн хүний оюуны чадавхийн түвшин анхандаа ямар байсан бэ гэдгийг бодолцож үзэх ёстойг зөвлөж байна. Хэмбрик эрдэмтэн судалгааны явцад богино хугацааны маш хүчтэй ой санамжтай хүмүүс тэдэнд өгөгдсөн элдэв даалгаврыг ихээхэн туршлага хуримтлуулж, мэдлэг олсон хүмүүсийг бодвол илүү сайн биелүүлж байсныг тайлбарлав. Богино хугацааны ой санамжийг өөрөөр “Ажлын ой санамж” гэж нэрлэдэг билээ. Энэ ой санамж тухайн хүний ой тойндоо аливаа мэдээллийн хэсгүүдийг байлгах чадварыг тодорхойлдог аж.
Өөрөөр хэлбэл, энэ ой санамжийн ажиллах зарчим компьютерийн шуурхай ой санамжтай тун төстэй гэнэ. Судалгааны явцад цаасан дээр бичигдсэн ая дууны ноотыг унших зэрэг хүнд хүчир даалгаврууд өгөгдөж байв. “Өндөр хэмжээний ур чадвартай болохын тулд туршлагаас их зүйл хамаардаг. Үүнд хүрэхийн тулд тусгайлсан мэдлэг, боловсрол хэзээд хангалтгүй байдаг юм. Богино хугацааны ой санамж амаргүй салбаруудад дуу хөгжим, шатар, шинжлэх ухаан түүнчлэн гольф зэрэг сэтгэн бодох чадвар өндөр шаардагддаг спортын төрлүүдэд ихээхэн чухал билээ” хэмээн Хэмбрик эрдэмтэн ярив. Тэрбээр The New York Times сонины нэрт сэтгүүлч Дэвид Брукстай санал зөрөлдөж байгаа юм. Энэ сэтгүүлч өөрийн бичсэн “Нийгмийн амьтан” гэдэг номондоо “Онолын хувьд IQ-гийн үзүүлэлт нь 150 байдаг хүн энэ үзүүлэлт нь 120 байдаг хүнээс ухаантай байх ёстой. Тэгвэл амьдралдаа амжилтад хүрэх тухай яригдаад иртэл энэ 30 онооны илүү байдал нь давамгай байдлыг тэр болгон олгодоггүй юм” гэжээ. Хэмбрик эрдэмтэн амьдралд илүүрхэх байдал нь тухайн хүний оюун санааны түвшнээс шууд хамааралтай байдаг гэж үзэв.
Судалгааны явцад энэ түвшинд ген болоод эргэн тойрны нөхцөл байдлын хүчин зүйлүүд нөлөөлдөг болох нь тодорхой болжээ. Ер нь хүмүүс IQ-гийн түвшинг дээшлүүлэх гэж элдэв янзын аргыг хэрэглэн үүндээ нөлөөллийн олон аргачлалыг ашигласан билээ. Гэвч өнөөг хүртэл ийм шидтэй арга хэрэгслийг олоогүй юм. Учир нь, энд удамшил гэдэг зүйл томоохон үүрэг гүйцэтгэдэг байна. Мичиганы их сургуулийн эрдэмтэд Иллинойс мужийн их сургуулийн судлаачидтай хамтран энэ асуудал дээр ажиллахаа үргэлжлүүлэх юм. “Когнитив дасгалууд нь хүмүүний сэтгэн бодох чадварыг сайжруулна хэмээн бид найдаж байгаа. Гэхдээ ийм дасгалуудыг бодож олох нь чухал болоод байна” хэмээн Иллинойс их сургуулийн эрдэмтэн Элизабет Менц онцлон тэмдэглэжээ.
URL: