“УИХ-д цөөнх байх хэрэгтэй” гэв
АН-ын ахмад гишүүд өнөөгийн төр засгийн талаар байр сууриа илэрхийллээ. Уг мэдээллийг А.Жасрай, Ч.Цэдэнсодном, Д.Эрдэнэцэцэг, Б.Цэрэнпагма нар хийсэн юм. Тэд 1990 онд эхлүүлсэн ардчилсан хувьсгал үндсэн замаасаа гажиж байгаа тул Монголын төрд сануулах хэрэгтэй гэдэг үүднээс ийнхүү хэвлэлийнхэнд ханджээ. Тэд “Ардчилсан хувьсгал үндсэн замаасаа хазайж, 1937 оны хэлмэгдүүлэлт эхэллээ. Иргэд үг хэлэх эрхээ хасуулж, мөн хууль хяналтын байгууллага тэр дундаа АТГ-ыг хянах хяналтын системгүй учраас дураараа авирладаг, хуучны нийгмийг аюулаас хамгаалах яам шиг ажиллаж хүний нэр төр, эрхэнд халдаж, ардчилсан замаас хазайлгаж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зарим хөтөлбөрийг зогсоодог эрхтэй байгууллага болж хувираад байна. Энэ нь хэсэг бүлэг хүмүүсийн захиалгаар Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг харлуулах, гутаах, унагах зорилготой нь холбоотой” хэмээн мэдэгдлээ. Мөн Прокурорын байгууллагын харьяанд Мөрдөн байцаах газар байсныг өөрчилсөн нь дуртай шүүгчдээ очоод хорих шийдвэрийг гаргуулдаг, хүний эрх зөрчигдөж байхад Хүний эрхийн үндэсний комисс нь байр сууриа илэрхийлдэггүй зэрэг зөрчил гарсаар байгаа нь ардчилсан үзлээс ухрахад хүргэж байна. АН-д олон залуу шинээр гишүүнээр элссэн. Тэдэн дунд боловсролтой залуу олон бий. Гэвч зарим нэг нь Засгийн газрынхаа хийсэн бүтээснийг харлуулдаг, хагалган бутаргах ажлыг хийж байгаа нь зохисгүй. Эе эвээ хичээж, алдаа дутагдал байгаа бол түүнийг нь ил цагаан хэлж, засч залруулах талыг илүү бодож ажиллах ёстой. Сүүлийн өдрүүдэд АН, МАН хоёр нийлж Засгийн газар байгуулах тухай яриа олон нийтийн дунд тархаж байна. Ийм байж таарахгүй, олонхи нь Засгийн газраа байгуулснаараа ажиллаж, цөөнх нь хяналтаа тавиад явах ёстой. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хийсэн ажил их. Авто зам олноороо баригдаж, барилга байшингууд ч олноор сүндэрлэж байна. Ард иргэдийн амьдралд тустай “Нүүрс” хөтөлбөрийг ч үүнд хамааруулж болно. Гэхдээ уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан албан тушаалтнуудыг АТГ-аас саатуулж хорьсноор хөтөлбөр хэрэгжихгүй болох нь гэсэн яриа ард иргэдийн дунд ихээр цацагдах боллоо. Нүүрсний үнэ өсөхгүй байхад уг хөтөлбөр үр дүнгээ өгч байсан. Ард иргэд рүү хандсан ийм хөтөлбөрийг зогсоож болохгүй гэлээ.
М.ӨНӨРӨӨ
- See more at: http://www.unen.mn/content/39243.shtml?alias=unen#sthash.CV7ncyVx.dpuf
URL: