Арилжааны банкууд 888 төслийн мөнгийг өндөр хүүтэй эргэлдүүлсээр байх уу?
Засгийн газраас чингис бондын 1/3-ийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд олгохоор шийдвэр гарч үүний дагуу сонгон шалгаруулалт явуулснаар тэнгэрээс унасан гэмээр 888 төсөл дээн тунасан цаг саяхан. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд нийт 7.3 их наяд төгрөг хэрэгцээтэй байгаагаас үйлдвэрлэгчид 4.2 их наяд төгрөгийн зээлийг засгаас хүссэн байна. Үүний үр дүнд 40 мянган ажлын байр шинээр бий болж эдийн засагт 9 их наядын эерэг үр дүн авчирна гэсэн тооцоог ч манай хөгжлийн банкныхан гаргаад байсан. Гэвч зээлийг төр өөрөө зохион байгуулж олгохоор үргэлж л танил тал, авлигын асуудал давхар яригдаж байдаг юм хойно 888 төслийг санхүүжүүлэх ажиллагааг арилжааны банкуудад шилжүүлсэн юм. Гэтэл эдгээр 888 төслөөс ердөө 105 нь л арилжааны банкны болзолыг хангаж зээлжих эрхээ аваад байгаа. Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалттайгаар нийт 275 тэрбум төгрөгийн 0.9 хувийн хүүтэйгээр тарааж олгосон.
Арга механизмийн хувьд Засгийн газар өөрөө зээл олгохгүй байх нь зөв. Тийм ч үүднээс үйлдвэрлэгчдэд жилийн 9 хувийн хүүтэй зээл олгох болзолоор Чингис бондын хөрөнгөнөөс арилжааны банкуудад байршуулсан үйлдлийг буруутгах аргагүй юм.
Гэтэл засгаас маш бага өртөгтэй зээлийн эх үүсвэр авсан Арилжааны банкууд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд хомхой сэтгэлээр хандаж байна гэх бизнесмэнүүд эрс олширчээ. Өнөөдрийг хүртэл тэр банк ийм хэмжээний зээлийг 9 хувийн хүүтэй олголоо гэсэн мэдээллийг үйлдвэрлэгчид сонссонгүй. Гэтэл арилжааны банкуудын сарыни 1.8- 2.0 хувь жилийн 20-24 хувийн хүүтэй зээлүүд зах зээлд гарсаар л байгаа юм. Чухам эндээс Арилжааны банкууд Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хувийн ашиг хонжооныхоо төлөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг бизнесийн өндөр ашгийн төлөө эргэлдүүлээд байна гэх хардлага төрж байгаа юм.
Хэдэн тоо баримтыг нь энд сөхөж үзье. Хөгжлийн банкнаас олгосон 275 тэрбум төгрөгийн ердөө 125 тэрбум төгрөг нь арилжааны банкуудаар дамжиж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл хэлбэрээр гарчээ. Гэтэл 150 тэрбум төгрөгийг Арилжааны банкууд өнөөг хүртэл зах зээлд гаргахгүй байна. Засгийн газрын шийдвэр аль 3-р сард гарч, оны сүүлийн улирал эхэлж байхад яагаад нийт зарцуулах ёстой зээлийн 50 хувь нь гарч чадаагүй байна вэ? гэдэг дээр Ерөнхий сайд эмзэглэж Эдийн засгийн хөгжлийн яам, хөгжлийн банкыг ажлыг эрчимжүүлж зээлээ олгохгүй удаагаад байгаа банкуудтай хариуцлага тооцохыг сануулсан.
Арилжааны банкууд “шалгуур хангасан төсөл ирэхгүй байна” гэх өнөөх л улиг болсон хариултаар албан тушаалтнуудын амийг таглаж суугаа. Гэвч бодит байдал дээр Арилжааны банкууд ийм төрлийн зээл олгох сонирхолгүй байгааг үйлдвэрлэгч, бизнесмэнүүд ярих боллоо. Тэд банкны шалгуур гэгч зүйл нь зүгээр л шалтиг болж хувирсан, өмнө нь хангаад болдог байсан шалгуур нь одоо болохгүй болж, хэт жижиг зүйл дээр шалтиг хэлж зээл олгохоос татгалзаад байгаа гэж гомдоллож байна. Арилжааны банкууд Улсаас 5 орчим хувийн хүүтэй авч зах зээлд 9 хувийн хүүтэй нийлүүлнэ гэсэн мөнгөө жилийн 20 орчим хувийн хүүтэйгээр зах зээлд гаргаж дундаас нь 11 хувийн ашиг хүртээд байгаа нь хэнд ч ойлгомжтой нууц биш боллоо. Иймд хомхой сэтгэлээр төр засгийнхаа бодлогыг унагаж, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд саад тогтор болоод байгаа Арилжааны банкуудтайгаа Засгийн газар хариуцлага тооцох цаг нь болжээ.
Чингис бондын хөрөнгөнөөс гадна өөр эх үүсвэрийн багагүй мөнгийг арилжааны банкууд ашгийн төлөө эргэлдүүлээд байгаа баримт үүгээр дуусахгүй. Тухайлбал Х.Баттулга ҮХХААЯ-ны сайдаар ажиллаж байхдаа 278 сая ам.долларыг хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бага хүүтэй зээл олгуулахаар Голомт банкинд байршуулсан байна. Төд удалгүй Голомт банкинд задрал явагдаж эзэд нь нэгнийхээ булхайг дэлгэцгээх болсон. Гадаадын хэвлэл мэдээллээр ч Голомт банкны санхүүтэй холбоотой сөрөг мэдээллүүд гарах болсон билээ. Томоохон хувь нийлүүлэгч Л.Болд тус банкнаас гарснаар банкны санхүүгийн байдал хүндэрсэн гэдгийг зарим эх сурвалж мэдээллэдэг. Үйлдвэр хөдөө, аж ахуйг дэмжих зориулалттай энэ мөнгө Голомт банкны шархыг нөхсөөр өнөөг хүрсэн гэх хардлага үүнээс гарч байгаа юм. Учир нь өнөөдрийг хүртэл Голомт банкнаас тариалан, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг дэмжих зориулалттай бага хүүтэй зээл олгохгүй байна. Зээл хүссэн аж ахуй нэгжүүд мөн л шалгуур хангаагүй гэх шалтигаар нь амаа үүдүүлж хугацаа алдсаар байгаа ажээ. Харин эзнээ хүлээсэн тэр мөнгө банкны сефинд хөдөлгөөнгүй хэвтээгүй нь л ойлгомжтой.
Т.Цагариг
24tsag.mn
URL: