Барилгын материалын өртгийг бууруулах боломжтой гэв
“Шведийн байгаль орчин судлалын институт”, “Каритас Чех Репаблик” байгууллага, МХАҮТ хамтран хэрэгжүүлж буй “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн “НОГООН БАРИЛГЫН ПРАКТИК” сэдэвт сурагч багш бэлтгэх сургалт эхэллээ.
Сургалтаар манай улсын барилгын салбарт голлон хэрэглэж буй цемент, ус, хайргаар хийдэг бетоны найрлагад цахилгаан станцуудаас гарсан хог хаягдлыг нэмснээр өртгийг бууруулж, дулааны чанарыг сайжруулан байгалийн баялгийг хэмнэх тухай ярилцав.
Энэ үеэр төслийг зохион байгуулагчид “Бид барилгын салбарт ажиллаж буй компани, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд барилга үйлдвэржилтээс үүсэх экологийн өөрчлөлт, сөрөг үр дагаврын талаар мэдлэг өгч байгаль орчинд ээлтэй барилгын материал үйлдвэрлэхийг зорьж байна” гэсэн юм.
“Каритас Чех Репаблик” байгууллага нь олон улсын стандартад нийцсэн байгаль орчинд ээлтэй барилгын материалуудыг үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангах боломжийг бүрдүүлэх SWITCH-Asia төслөө Европын холбооны санхүүжилтээр өнгөрөгч 2012 оноос хэрэгжүүлсээр байгаа аж.
Б.Уранчимэг
Монголын мэдээ
URL: