Авлигын хэргээр шалгагдсан багш, оюутнуудад ял оноолоо
Авилга авсан, өгсөн, зуучилсан хэрэгт буруутгагдаад байсан Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн 52 оюутан 2 багшид холбогдох шүүх хурал ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид боллоо.
Багш оюутнуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2, 269.2-т зааснаар буруутган шүүсэн юм. Уг хэрэг 2012 оноос хойш шалгагдаж байсан. Оюутнууд сургуулийн сургалтын албаны менежер Б.Жавхлантөгсөд ихээхэн хэмжээний хахууль өгч гайгүй дүн авдаг.
Харин менежер Б.Жавхлантөгс туслахаараа сургуулийн компьютерт бүртгэгдсэн оюутнуудын дүнг засдаг байсан гэж эх сурвалж мэдээлсэн юм. Мөрдөн байцаалтын явцад сургалтын менежер Б.Жавхлантөгс туслахтайгаа хамтран оюутнуудаас 30 гаруй сая төгрөг хахуулаар авсан нь тогтоогдсон гэж байна. Улмаар оюутнуудад гайгүй дүн тавьж, мөн зарим нэг оюутны дипломыг хуурамчаар гаргаж өгсөн тухай шүүгдэгч оюутнууд мэдээлсэн юм.
Улсын яллагчийн зүгээс сургалтын менежер Б.Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн 268.2-т зааснаар буруутган, 5.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр, оюутан Б.Бадамдоржийг бусад оюутнуудаа хахуулд өгөхөд зуучилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269.2-т зааснаар буруутган 5.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн энэ үеэр Б.Бадамдоржийн өмгөөлөгч Г.Батбаяр Эрүүгийн хуулийн задаргааг тайлбарснаар Б.Бадамдоржийн зүйлчлэлийг 269.1 болгон өөрчилж, Б.Бадамдоржид төлөвлөсөн 5.6 жилийн хорих ялыг нэг жилийн хорих ял болгон өөрчлүүлжээ. Улмаар шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял болгон өөрчилсөн байна.
Бусад оюутнуудын хувьд 1-3 жилийн хорих ял сонссон ч шүүх бүрэлдэхүүн нэг жилийн тэнсэн харгалзах ял болгон өөрчилжээ. Мөн сургалтын менежер Б.Жавхлантөгс хоёр настай хүүхдийн хамт хоёулахнаа амьдардаг учир ялыг хоёр жилээр хойшлуулж шийдвэрлэсэн байна.
URL: