Боловсролын сайдын буруу бодол
Сайдын эл үг оюутнуудад таалагдсан нь лавтай. Үнэндээ чадаж байгаа тохиолдолд хэн нэгнийг захирал болохыг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ өнөөдөр шүүгээ, цүнх болгондоо ТББ-ын тамгатай болсон болоогүй компани байгуулж, амар хялбараар амьдрахыг санаархагч залуучууд Монголоор дүүрэн байгааг бид харж байна. Гэлээ гээд тэд бүгдээрээ баялаг бүтээж улсад тав битгий хэл арван цаасны татвар төлсөн нь алга.
Өнгөрөгч оны байдлаар наян мянга шахам аж ахуйн нэгж, зуун мянга хол давсан ТББ-ууд улсын бүртгэлд байна гэсэн албан мэдээлэл бий. Тус тоон үзүүлэлтийг хөгшин, хөвөө, хөгжлийн бэрхшээлтэй оюутан, цагдаа, цэрэг, төрийн алба хаагчдыг хасаад тооцоход идэвхтэй хөдөлмөр эрхлэх насны хоёроос гурван хүний дунд нэг захирал нэртэн оногдож байна гэсэн үг болж таарч байгаа юм.
Дээр дурдсан наян мянгын улсад төлж буй татварын хэмжээг ачааны хүндийг үүрч буй цөөхөн хэдэн компаниудын төрд төлж буй татвартай харицуулахад үнэндээ өчүүхэн тоо гарна. Гэлээ гээд жижиг, аж ахуйн нэгжүүдийг энд бас л үгүйсгэсэнгүй.
Нөгөөтэйгүүр бүгдээрээ болсон болоогүй компанийн захирал болох амбицтайгаар сургуулиа онц сайн дүүргэдэг юм аа гэхэд хэн тэдний ажлыг хийх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Нөгөө муу нэртэй, луу данстай хужаа нараараа хамаг муухайгаа хийлгэх үү. Бодит байдал дээр тийм зүйл байх боломжгүй юм.
Сүүлийн жилүүдэд манай улсад зам барилгын салбарт эрчимтэй бүтээн байгуулалт өрнөж энэ хэрээр мэргэшсэн боловсон хүчин шаардагдах болсон. Компаниуд ч эхэндээ аль болох дотоосоо боловсон хүчин авахыг эрмэлзэж байлаа. Гэтэл яасан гэхээр компаниудын ажиллах хүчнээ монгол залуучуудаараа бүрдүүлье гэх сайхан хүсэл адаг сүүлдээ харганын ноос түүж, эсгий хийхийн үлгэр болж хоцоров. Юу болсон гэдгийг нь та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа хойно.
Юу болсон талаар товч өгүүлвэл, хөдөө, гадааны ямар ч мэргэжилгүй баахан залуучуудыг барилга дээрээ аваад ажиллуудаг байна. Улмаар нөгүүдүүл нь ч ажилдаа овоо нэг дүртэй болж байснаа нэг л өдөр цалингаа аваад архи уугаад алга болж байгаа тухай онигоо шиг баримтууд үй олноороо бий.
Энэ бүхний эцэст яадаг вэ гэхээр, гүйцэтгэгч компаниуд захиалагч талтайгаа гэрээгээ байгуулаад мөнгө төгрөгөө авч өгөлцөчихсөн юм хойно, барилгаа барьж л таарна. Цалингаа аваад архи уугаад алга болсон хэдэн сайхан гаруудаас болж ажлаа тал дундаас нь орхилтой биш. Харин компаниуд барилгын ажлаа чанартай, хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд аргаа барсандаа хятадаас энэ чиглэлийн ажиллах хүчин олноор нь оруулж ирэх болсон нь нууц биш.
Энэхүү байдлыг Монголоор дүүрэн ажилгүй залуучууд байсаар атал заавал хятадаас барилгачид оруулж ирдэг нь юу ч вэ дээ, муусайн, эрлийз хурлийзуудын хийж байгаа ажил гэх маягаар өөнтөгч хүмүүс захаас аван шүүмжлэхийг бид бас л сонсож ханалаа. Эцсийн бүлэгтээ компани удирдах бүү хэл, зөвхөн зам барилга дээр ажиллах мэргэжилтэй боловсон хүчний тухайд авч үзэхэд л ийм байна.
Уг нь Л.Гантөмөр сайдын тухайд оюутнуудыг бүгдээрээ компанийн захирал бол гэж уриалахын оронд “Сайн мэргэжилтэн бол, сайн мэргэжилтэн болсон хойноо элдэв эрх мэдэл, албан тушаал, тамга тэмдэг хөөлгүйгээр мэргэжлээрээ амжилттай сайн ажиллаж, сайхан амьдар” гэж л уриалсан бол сайдын зангарга харагдах байв. Даанч тэгсэнгүй дээ хөөрхий.
- See more at: http://politics.time.mn/content/48858.shtml#sthash.e00BJEAp.dpuf
URL: