Хувийн дунд сургуулийн төлбөр 56 сая төгрөгт хүрчээ

9-3-9Жил бүрийн  намар их, дээд сургуулиудын төлбөр хэдэн хувиар нэмэгдэх бол гэсэн бодол  эцэг, эхчүүдийн санааг багагүй зовоодог. Гэтэл  хувийн гэсэн тодотголтой дунд сургуулиудын төлбөрийн нэмэгдэл аль хэдийн тэнгэрт хаджээ. Багаар бодоход 500.000-1.000.000 төгрөгөөр  нэмэгдсэн байна. Гадаад, дотоодын гэсэн нэр хаягтай тэдгээр сургуулийн төлбөрийг  их, дээд сургуулийн  төлбөртэй харьцуулахад  манай оюутнууд  дипломын боловсролыг харин ч хамгийн бага зардлаар олж авдаг юм байна. Хоёрдугаарт, бидний олонх нь төлбөр авдаггүй, төсвөөс санхүүждэг улсын сургуулиудад хүүхдээ суралцуулдаг учраас энэ талаарх мэдээллийг төдийлөн сонирхдоггүй юм байна. Тэр тусмаа төрийн албанд ажилладаг, төсвөөс цалинждаг, төлбөрийн чадваргүй иргэд хүүхдээ хамгийн ойр, хаяандаа байгаа сургуульд нь өгдөг. Мөн харьяа сургуулийнх нь сургалт чанаргүй санагдвал сайндаа л хотын төвийн сургуульд, нийслэлдээ нэр хүндтэй гэгдэх 1, 2, 3 дугаар сургуульд, гүнзгийрүүлсэн сургалттай ангид хүүхдээ суралцуулахыг хүсдэг нь нууц биш. Гэтэл амьдралын боломжтой зарим эцэг, эх арай л өөрөөр сэтгээд эхэлжээ. Тэдний хувьд хүүхдээ гадаадад суралцуулахаас илүүтэй дотооддоо өндөр зэрэглэлийн боловсрол эзэмшүүлэх сонирхолтой болсон байна. Суралцах орчин нөхцөл, сургалтын арга барил, заах хичээлээс нь хамаараад тэд англи, хятад, япон, солонгос зэрэг хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, гадаад, дотоод багштай, хувийн сургуульд хүүхдээ сургах сонирхолтой болсон байна. Мөн тэр хэрээр ахлах анги төгсөхдөө  ядаж л хэрэглээний хэл устай, хэнтэй яаж харьцахаа мэддэг болгоод төгсгөхийг хүсдэг болж.  Хүмүүсийн энэ эрэлт хэрэгцээг дагаад нийслэлд  сүүлийн жилүүдэд шинээр байгуулагдах сургууль, цэцэрлэгийн тоо идэвхтэй өсч байгааг албаны хүн ч бас хэлж байв. Ямартай ч өнөөдөр Улаанбаатар хотод  төрийн бус өмчийн 95 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ тоо төрийн өмчийнхтэй нийлээд 211 хүрдэг аж.  Тиймээс улсын  сургуулийн хүрэлцээ хангамж, нэг анги болон нэг багшид ногдох хүүхдийн тоо зэргээс шалтгаалан олны танил эрхмүүд нэр хүндтэй, төлбөр өндөртэй хувийн сургуульд хүүхдээ суралцуулах сонирхолтой болсон байна. Өндөр төлбөр төлж байгаагийн хэрээр хүүхдийн сурлага, хүмүүжил, сурах орчин, багшийн заах арга барилд өндөр шаардлага тавьдаг гэж байна.

Нийслэлд нэр хүндээрээ тэргүүлдэг, өндөр төлбөртэй, олны танил эрхмүүдийн хүүхдүүд явдаг хувийн сургуулиудыг судалж үзлээ. “Олонлог”, “Эрэл”, “Шинэ Монгол”, “Радуга”, “Американ”, “International School of Ulaanbaatar”, “Сант”, “Орчлон”, “Улаанбаатар Элит”, “Хобби” гээд гарын арван хуруунд багтахгүй олон сургууль байна. Эдгээр сургуулийн жилийн сургалтын төлбөр нь харилцан адилгүй  ч бүгд сая төгрөгөөс   хол давжээ. Манай улсад их, дээд сургуулийн жилийн төлбөр сайндаа л  2.5-3 сая төгрөгт багтдаг. Харин мастер болон докторт 3.5-4 сая төгрөг зарцуулдаг. Гэтэл дунд сургуулиудын төлбөр түүнээс хэд дахин их байгаа нь  зарим эцэг, эхчийн  гайхшралыг төрүүлээд байна. Нийслэлд үнэндээ  сая төгрөг дотор эргэлдэх сургалтын төлбөртэй сургууль бараг алга. Хувийн сургуульд хүүхдээ оруулахыг хүссэн ч халаас нимгэн эцэг, эхчүүдийн зарим нь   “Хувийн сургуулиудын төлбөрийг улсаас тогтоож өгч болдоггүй юм уу?” гэсэн асуултыг салбарын яаманд нь тавьж байна. Харин хариуд нь “Хувийн сургуулиудын төлбөрт хяналт тавих боломжгүй.  Учир нь эцэг, эхчүүд сургуулиа сонгодог. Нөгөө талаас сургууль нь хүний хувийн өмч” гэсэн хариултыг албаныхан тавьсаар хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Тиймээс сургалт болон суралцах орчин зэргээрээ дээгүүр эрэмбэлэгддэг сургуулиудын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

Энэ жагсаалтыг “International School of Ulaanbaatar” буюу Олон улсын дунд сургууль тэргүүлж байна. Тус сургуулийн  ахлах ангид хүүхдээ сургахын тулд та хоёр боломжоос сонголт хийж болно. Эхнийх нь стандарт буюу байгууллагынхаа тусламжтайгаар төлбөрийг нь төлж болох бол нөгөөх нь хувиараа төлөх. Стандарт хэлбэрийг сонголоо гэхэд та 30790 ам.долларыг өнөөгийн ханшаар монгол мөнгөнд шилжүүлэхэд 56 сая 191 мянга 750 төгрөг төлнө гэсэн үг. Хувиараа төлөх сонголт хийвэл  20013 ам.доллар буюу 36 сая 523 мянга 725 төгрөг тушаах болох нь.   Харин бага ангийнхны төлбөр 15412 ам.доллар буюу 28 сая 126 мянга 900 төгрөг гэсэн. Хэрвээ нэг гэр бүлийн хоёр хүүхэд сурвал нэгнийх нь төлбөрөөс таван хувь хөнгөлдөг аж. Сургалтын төлбөр нь ОУДС-ийн барилга байгууламж, сургалтын хөтөлбөрт зарцуулагддаг. Гэхдээ тэднийг  Монгол дахь олон улсын цорын ганц дунд сургууль гэж хүлээн зөвшөөрдөг учраас АНУ-ын Засгийн газраас зарим санхүүжилтыг нь өгдөг  юм байна. Харин “Улаанбаатар-Элит” бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр 7000 ам.доллар буюу өнөөгийн ханшаар 12 сая 775 мянган төгрөг болж байна. “Орчлон” бүрэн дунд сургууль жилийн төлбөр найман сая төгрөг. Тус сургуулийн хувьд материаллаг бааз сайтай бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн программаар хичээллэдэг аж. “Хобби” бүрэн дунд сургууль жилийн төлбөр таван сая төгрөг. Тус сургууль нь  “AP” программаар хичээллэдэг бөгөөд англи хэлийг түлхүү үздэг. Энэ  утгаараа англи хэлээрээ монголдоо номер нэг гэгддэг аж. Мөн “Сант” бүрэн дунд сургууль жилийн төлбөр таван сая төгрөг. “Сант” сургууль нь математикийн чиглэлээр мөн дээгүүр жагсдаг юм байна.

“Мон-Турк” бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр 3.5-4 сая төгрөг. Гэхдээ энэхүү төлбөрт хоол, унд байрны мөнгө гээд бүх зүйл нь багтдаг гэсэн. Энэ сургууль нь мөн л  бүрэн дунд сургуулийн хувьд чанараараа дээгүүрт жагсдаг гэдгийг эцэг, эхчүүд хэлж байв. “Олонлог” болон “Русская Гимназия”,  “Логрифм” “Плеханов”, “Эрэл”, “Орос 14”, “Гёте” зэрэг бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр 3-4 сая төгрөг юм байна. Харин бусад нь  1.6-3 сая төгрөг хүртэлх төлбөртэй.

Б.ТУУЛ, Р.ОЮУН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих