АЙЛЧЛАЛ: Хэн юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй айлчлал өнөөдөр болно. Өнөөдрийн гол сэдэв болох ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын талаар хэн юу хэлэв, хэвлэлүүд ямар сэдвийг онцолсон талаарх гол мэдээллийг багцлан хүргэж байна.
Бид эртний, сайн нөхөд. Монгол Улс аль оронтой илүү нягт хамтран ажиллах ёстой вэ гэдгийг мэдэхийн тулд хүмүүсээс санал асуудаг. Санал асуулгад оролцогсдын 60 хувь нь Орос улстай гэж хариулдаг юм. 1990 оноос хойш ийм л байдалтай байна. Нийгэм, үе өөрчлөгдсөн ч гэлээ дунд насны хүмүүс ч тэр, залуус ч тэр Орос улс, Орос хүмүүс, манай хоёр орны сайн нөхөрлөлд элэгтэй ханддаг. Энэ хөрс суурин дээр олон зүйлийг хөгжүүлж болно.
Монгол Улс бол Оростой стратегийн түншлэлийн түвшинд харилцаатай байдаг цөөн орны нэг. Бид үүнийгээ хөгжүүлэхийг хүсч байна. Мэдээж уламжлалт, томоохон төслүүд бий. Одоо бид төмөр замын транзит тээвэрлэлт, транзит боломжийн дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй. Мөн хүмүүс хоорондын, салбар хоорондын харилцааг хөгжүүлэх нь чухал. Бид үүн дээр анхаарал хандуулан, Оросын талд найдвар тавьж байна. Энэ айлчлалаас бид олон зүйл хүлээж байна. Монголын эдийн засаг өнөөдөр унтаа байдалтай байна, түүнийг сэрээх хэрэгтэй. Ерөнхийлөгч Путины хамтаар түүнийг сэрээнэ гэж би бодож байна. Оросын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ эзэн болдог хүн. Хэлж, гарын үсэг зурсан л бол хэрэгжинэ гэсэн үг. Би үүнд итгэл төгс байна.
Бид Монголд Оросын хөрөнгө оруулагчдыг татах сонирхолтой байна. Үүний тулд Монгол улсын Засгийн газар гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, төслүүд хэрэгжүүлэх замаар хүмүүст туслах ёстой. Медведевийг 2009 онд айлчлах үеэр бид хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Дараа нь бид гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэж үзэхэд үр дүн 70 хувьтай байсан. Тиймээс суурь, түүхэн холбоо байгаа.
Эх сурвалж: “Российская газета” сонин. /Ikon.mn сайт нийтлэв/
Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины институтын орлогч захирал, профессорСергей Лузянин: Монголчууд үүргээ зарим тохиолдолд биелүүлж байгаагүй
-Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчаар байгаа нь ОХУ-д ч, БНХАУ-д ч аль алинд нь бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд итгэл өгч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад статусаа дээшлүүлэх саналд бид хүндэтгэлтэй ханлаж байна” хэмээн хэлсэн. Үүнийг Москва, Бээжин аль аль талархан хүлээж авч байгаа. Улаанбаатар Хятадын Торгоны замын эдийн засгийн бүс төслийг ихээхэн сонирхож байгаа. Хариуд нь Бээжин APEC буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын ирэх арваннэгдүгээр сард Шанхайд болох уулзалтад оролцохыг урьж, форумын байнгын байнгын гишүүн болоход дэмжлэг үзүүлэхээ амалсан. Энэ дашрамд хэлэхэд, APEC-ийн Владивостокод болсон уулзалтад ОХУ Монголыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн ч, дипломат шугамаар асуудлыг цагт нь боловсруулж чадаагүй юм.
Монголын хувьд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ хоёр хөршийн зах зээлд татваргүй, квотгүй гаргах боломж бий болно. Эдийн засгийн хориг арга хэмжээнд ороод байгаа Оросын хувьд “Шинэ Зеландын нийлүүлж байгаагаас илүү хэмжээний мах, махан бүтээгдэхүүнийг Монгол нийлүүлнэ” гэсэн Монголын удирдагчийн мэдэгдэл цагаа олсон хэрэг. Сүүлийн хоёр жилд ОХУ-Монголын эдийн засгийн харилцаанд шийдэх асуудлууд гарч ирсэн. ОХУ-аас Монгол руу хийж байгаа худалдаа тэнцвэргүй байна. 70 сая ам.долларын импорт байхад экспорт 1,6 тэрбум хүрч байна. Харамсалтай нь, Монголын тал үүргээ дандаа биелүүлж байгаагүй, зарим үед тоглоомын дүрмээ өөрчилж байсан бол зарим үед зүгээр л биелүүлэхээс татгалзаж байсан. Гурван талын уулзалт санал болгосноор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өсөн нэмэгдэж байгаа Хятадын улс төр, эдийн засгийн нөлөөг Оросын оролцоотойгоор аажмаар тэнцвэржүүлэхийг хүсч байгаа байх.
Эх сурвалж: lenta.ru /News.mn сайт нийтлэв/
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан: Стратегийн баримт бичигт гарын үсэг зурахгүй
-Хоёр орны иргэд хоорондын харилцаа, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц өгсөн шийдвэрүүд гарна. Гэхдээ бидний хүссэн бүх баримт бичигт гарын үсэг зурна гэвэл хүлээлт болно. Цаг хугацааны хүчин зүйлсээс шалтгаалан энэ удаагийн айлчлалаар стратегийн баримт бичигт гарын үсэг зурахгүй. Гэхдээ 20-иод баримт бичигт гарын үсэг зурна гэж ойлгож болно. Энэ нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна. Айлчлалын үр дүнд хэсэг хугацаанд зогсонги байдалд орсон хоёр орны харилцаа шинэ шатанд гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Төмөр замыг тойрсон 3-4 баримт бичиг бий. 100 хувь ярих эсэх нь тодорхойгүй байна. Чухам ямар ямар баримт бичигт гарын үсэг зурахыг урьдчилж хэлэхэд хэцүү.
Эх сурвалж: www.news.mn
Жаахан тэсвэл Монголын эдийн засаг ёроолоос босч ирэх гээд байдаг. “Жаахан тэсэх” гэдэг нь ямар хугацаа билээ? Юуны түрүүнд валютын нөөцөө шавхчих гээд байна. Сар бүр 150 сая ам. долларын импорт Монгол улс зайлшгүй хийх хэрэгтэй. Олон зардлаа танаж, импортыг багасгаад, үлдэж буй хэмжээ нь. Хэрвээ энэ оны үлдсэн хугацаанд сар бүр 150 сая ам. долларыг валютын нөөцөөс гаргасаар байвал Монгол улсын төлбөрийн тэнцэл бүрэн хямарна. Энэ улаан шугамтай өдрүүдийг “жаахан тэсэх хугацаа” хэмээн нэрлээд байна.
Улаан шугам доогуур төлбөрийн тэнцлийг унагачихгүйн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины “бэлгийг” тэсэн ядан хүлээж буй юм. Дээрх 150 сая ам. долларын 100 сая нь шатахууны импортын төлбөр. Энэ дүнг хойшлуулж, зээл болгож чадвал ноён Путин Монгол оронд хагас өдөр морилон саатсаны ойрын үр дүн гарах гээд байдаг. Шатахууны импортын төлбөрийг гадаад худалдааны санжүүжилтийн бусад механизмаар солих саналыг Монголын талаас В. Путинд юуны түрүүнд тавихаар зэхжээ. Дараагийн асуудал нь рублийн своп хэлэлцээр хийхийг чармайж байна. Си Жинпиний айлчлалаар 15 тэрбум юаны свопын гэрээг хоёр улсын Төв банкууд байгуулсан шиг рублийн тодорхой хэмжээний своп манай улсад чухал байгаа.
Монголын талын дээрх хоёр саналыг ОХУ хүлээн авах магадлал бий. Хэдийгээр өнгөрсөн жилүүдэд Оросын Төв банк свопын талаар ам нээдэггүй байсан боловч олон улсын харилцааны шинэ орчин, эдийн засгийн өөр нөхцөл үүсч буйг дагаад Монголбанктай тодорхой дүнгээр свопын гэрээ байгуулах боломжтой. Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих гэрээ зурж, ОХУ-ын том компаниуд Монголын уул уурхайн төслүүдэд оролцох боломж нээгдвэл худалдаа нэмэгдэн, рублийн хуримтлал бүрдэх бололцоо бий. Мөнгөн тэмдэгтүүд маань хоорондоо түргэн шуурхай хөрвөх нь хэн хэндээ хэрэгтэй гэдгийг Путин ахайд Монголын Засгийн газар учирлах гэж байна. Монголын ямар төсөлд ОХУ оролцох сонирхолтой вэ? В. Путины энэ удаагийн айлчлалын өмнө гэрээ хэлэлцээрийн бэлтгэл ажил бага, харин Халх голын ялалтын ой, соёлын өдрүүдийн тухай ёслолын чанартай яриа өргөн тархсаныг эрхэм Та анхаарч буй биз ээ. ОХУ-ын Ерөнхийлөгч 2009 онд Монгол улсад Ерөнхий сайдын хувиар айлчлахдаа тохиролцсон хоёр төслөө юуны түрүүнд хэрэгжүүлэхийг шаардах магадлалтай. Монголын шинэ төмөр замын төслүүдийн 50 хувьд оролцох, Мардайн ураны орд газарт мөн 50 хувийн хамтарсан компани байгуулах тухай 5 жилийн өмнөх яриагаа хэрэгжүүл гэсэн гол шаардлагыг тавих буй за. ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээнд Австрали нь тус улсад нийлүүлдэг ураны экспортоо зогсоож байгаагаас үүдэн Монголын түүхий эдийн түшиц газрыг Путин баталгаажуулж авахыг зорьж таарна.
Нийтлэлч Л.БОЛОРМАА /baabar.mn/
- Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл: Хоёр орны чөлөөт худалдааны бүсийн тухай саналууд бэлэн болсон
Бид ноён Путины айлчлалын үеэр манай хоёр орны хоорондын бүх талын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тунхаг, энэ зорилгод хүрэх дунд хугацааны төлөвлөгөөнд гарын үсэг зурах санал тавьсан. Ер нь энэ айлчлалын үеэр арав гаруй хэлэлцээрт гарын үсэг зурна. Өнөөдөр манай хоёр орны харилцааны түвшин ахисан байгаа. Үүний илрэл нь Оросын Ерөнхийлөгчийн айлчлал юм. Монгол Улс болон ОХУ-ын хооронд чөлөөт худалдааны бүсийн тухайд гэвэл манай тал тодорхой саналуудыг бэлтгэсэн. Орос руу нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний экспортын тухайд манай тал ихэвчлэн мах, махан бүтээгдэхүүн санал болгодог. Гэхдээ энд чанарын асуудал яригддаг. Манайх бэлчээрийн мал аж ахуйтай, харин Орос улс нийлүүлэгдэж буй махны стандартад өндөр шаардлага тавьдаг. Оросын аль хэсгийг бид мах махан бүтээгдэхүүнээр хангах вэ гэдгээс бүх зүйл шалтгаална. Манай улс махны нийлүүлэлттээс гадна хүнсний ногоо, тэр бүү хэл үр тариа нийлүүлэх боломжтой гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй.
Эх сурвалж: “Интерфакс” агентлаг. /Ikon.mn сайт нийтлэв/
Хоёр хөршийн сөргөлдөөн
ЗСБНХУ задарснаас хойш алдсан нөлөөгөө Монголд эргүүлэн тогтоохын тулд оросууд тал хувийг нь авч үлдсэн “Улаанбаатар төмөр зам”-аа ашиглахыг нэн тэргүүний зорилгоо болгожээ. Монголын асар их баялгийн бараг тавилангаар заяасан ганц худалдан авагчид нь хүргэх, улмаар бусад оронд гаргахад далайд гарцгүй манай оронд төмөр зам хамгаас чухал. Үүнийг тэд тооцсон бөгөөд “Мянганы сорилын сан”-гаас төмөр замд оруулах гэсэн тун ашигтай хөрөнгө оруулалтыг зогсоож дөнгөсөн юм.
Манай хойд хөрш зөвхөн төмөр замыг бэрсээ болгожээ гэдэг нь 2013 оны байдлаар Монголд ОХУ-ын хөрөнгө оруулалттай зургаан компани байгаагаас тодорхой харагдана. Харин БНХАУ ирэх жилүүдэд дэлхийд тэргүүлэх эдийн засгийн өсөлтөө гол зэвсгээ болгон ашигладаг. Социализын үед ЗСБНХУ-ын манай гадаад худалдаанд эзэлж байсан байр суурийг өмнөд хөрш маань аль эрт өөрийн болгожээ. Хамгийн шоглоомтой нь хуучин Зөвлөлтийн хөрөнгө болоод мэргэжилтнүүдийн хүч хөдөлмөрөөр илрүүлсэн байгалийн асар их баялгийн тодорхой хэсгийг БНХАУ-ын компаниуд хянаж байна. Бусад салбарт оруулсан Хятадын хөрөнгө оруулалт ч манай “гурав дахь хөрш”-үүдийг хавьтуулахгүй.
Манай хоёр хөрш эдийн засгийн ашиг сонирхлоо нэгтгэсэн нь хамгийн чухал. Үүн дээр “хэн нэгний” явуулгаар гадаадын хөрөнгө оруулалтгүй болчихсон Монголын эрх ашиг ч нэмэгдэнэ. Чухамдаа бол анчин гурван бие барьчихаад гох дарахаар амьсгалаа түгжсэн мэт нөхцөл байдал манай гурвыг өдгөө нэгтгэж байна. Ангийн олз нь мэдээж эдийн засгийн ашиг. Монголчууд бид үүнийг л зөв тохируулах аваас зарим нэгний муу амлаад байгаа шиг хоёр хөршийнхөө идэш болохгүй бөгөөд Хятад, Оросын дунд шаасан гадас шиг орших аваас тусгаар тогтнол маань баталгаатай хоцорно. Орос, Монгол, Хятад гурав байсаар байх болно.
Нийтлэлч Д.БАТБАЯР /”Гэрэг” сэтгүүл/
Олон улсын харилцааны судлаач, эрдэмтэн Д.Баярхүү: Путин Монголыг зориод ирж байгаа нь улс төрийн асар их ач холбогдол
Үр дүн гэхээс илүү ОХУ-ын Ерөнхийлөгч Монголыг зориод, айлчилж ирж байгаа нь улс төрийн асар их ач холбогдолтой үйл явдал. Тодорхой нэг мөнгөн дүн, ашиг орлого олох талаас нь битгий хараач. Улс төрийн ач холбогдлыг нь тооцооч ээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг аваад, өмнөд хөршийн төрийн тэргүүн айлчилснаас хойш арваадхан хоногийн дараа ирнэ гэдэг Монгол Улсын хувьд гадаад бодлогын асар том ялалт гэж би харж байна. Хоёр орны харилцаанд ямар нэг зөрчил, маргаан шийдэгдээгүй асуудал гэж байхгүй. Үүнийг улам төгөлдөржүүлэх л асуудал бий. Өнгөрсөн 24 жилд Монгол Улсын гадаад бодлого шинээр хөгжин төлөвшихдөө маш зөв, тэнцвэртэй харилцааг тогтоон бариад явж байгаа. Энэ бол Монголын шинэ гадаад бодлогын асуудалд бий болсон бодит ололт юм.
Э.ЭНХМАА /gogo.mn/
В.Путины айлчлал ба шинэ Евроази
Владимир Путин бол ардчилагч ч биш, сталинист ч биш. Харин тэр чадварлаг геополитикч. В.Путин 2005 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Зөвлөлт Холбоот Улс задран унасан нь ХХ зуун дахь хамгийн аймшигтай геополитикийн гамшиг байсан гэжээ. 1994 онд ОХУ, Казахстан, Беларусийн төрийн тэргүүнүүд Евроазийн үзэл санааг хөгжүүлэх тухай саналыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан. Тэгвэл энэ санаа тун удахгүй биелэлээ олох нь. 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Евразийн Холбоо нэртэй эвсэл байгуулагдах нь тодорхой болсон. Европын Холбоотой адил бүс нутгийн улс орнуудыг нэгтгэсэн хүчирхэг холбоо болно. Улстөрийн нийслэл нь Москва бөгөөд бүрэлдэхүүнд нь Орос, Беларус, Казахстан багтана. Тажикистан, Кыргызстан, Армен улсууд ч элсэнэ гэдгээ илэрхийлсэн бай¬на. Хорин сая гаруй километр квадрат талбайтай, 170 сая гаруй хүн амтай хүчирхэг холбоо удахгүй үйл ажиллагаагаа эхлэх гэж байна.
Евроази гэж нэрээ сольсон Оросын их геополитик тун удахгүй Ази тивийн зүрхэнд орших Монгол Улсын хаалгыг тогшино гэдэгт эргэлзэх шаардлагагүй болсон. Түүний алгуурхан эхлэл нь В.Путины энэ удаагийн айлчлалаар тавигдахыг ч үгүйсгэх аргагүй. Хөрш, хөршөө сонгодоггүй ч ХХI зуунд мөнхийн хоёр хөрштэйгөө ямархуу харилцаатай байхаа шийдэх түүхэн цаг үед бид амьдарч байна. В.Путины энэ удаагийн айлчлал энэ асуудалд тодорхой хариулт өгөх нь ч дамжиггүй.
URL: