“Х.Тэмүүжин” гэгч төрийн эсрэг гурван хурандаа хуйвалдаан зохион байгуулсан уу

uls_54066b6218287_1ЦЕГ-ын даргын зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралджээ. Энэ нь яамдын сайдын зөвлөлийн хурал гэгчээс илүү цочир сонин, бас “хүчтэй”, “сонирхолтой” хурал байдаг юм байх. Учир нь сайдын зөвлөлийн хурал бараг долоо хоногт нэг удаа хуралддаг бол ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурал жилд нэг болдог болохоор салбарын бус хүмүүсийн яриад байгаачлан шуурхай зөвлөгөөнөөс тэс өөр юм гэнэ.

Энэ удаагийн ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурал “аянга, цахилгаан” ихтэй байж, гурван хурандааг “ниргэж”, нэг мөрдөн байцаагч арай гэж цалингийн хувиар торгуулаад өнгөрсөн байна. Хамгийн сонирхолтой нь “ниргүүлсэн”Эрүүгийн цагдаагийн газрын дарга хурандаа Н.Ууганбаяр, тус газрын дэд дарга Б.Ариунболд, УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарыг ажлаас чөлөөлөөд зогсохгүй, Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан байж болзошгүй хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт хандсан гэнэ. Өөрөөр хэлбэл гуравхан хурандаа төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэж байхад нь яг цагаа олж “төрийг аварчээ”.

Уг нь цагдаагийн байгууллагын ажилтнууд тэднийг “дээрээс” зүгээр өнгөрүүлэхгүй гэдгийг гадарлаж “Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу УМБГ, ЭЦГ-ын даргын албан тушаал байхгүй гэх шалтгаар огцруулчихлаа” гэлцэж байжээ. Гэвч Төрийн ордны гадна буун дуу гаргасан “Гал үндэстэн” холбооны  тэргүүн Ц.Мөнхбаяр, кино найруулагч Г.Бадамрагчаа нартай ижил зүйл ангид холбогдуулан шалгах болсон нь гайхахад хүргэжээ. Нэр бүхий гурван хурандаа төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулж чадна гэдэгт Х.Тэмүүжин сайд үнэнээсээ итгээд байна уу. Манай төр ердөө л гурван хурандаагийн гарын үзүүрт ганхахаар тийм хүчгүй болчихсон гэж үү. Эсвэл эрхэм сайд томилогдсоноосоо хойш нэр дурдалгүй эгдүүцээд байснаараа тэдгээр хурандааг “зайлуулах” нь гол зорилго байв уу. Цагдаагийн хурандаа нар дээд байгууллагаасаа өгсөн тушаалын дагуу, хуулийн хүрээнд, тогтсон хэм хэмжээнд үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр гурван хурандаатай хариуцлага тооцох өөр шалтаг, тэр тусмаа улс төрийн шалтгаан байсан юм биш биз.

Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол 16-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг. Харин тайлбар гэх хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахад оролцсон боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө энэ тухай төрийн зохих байгууллага, албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэжээ.

Тэгэхээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ба хар тамхины хэргээр ял шийтгүүлсэн Г.Сарангэрэл нар нийлээд төр бололтой юм. Х.Тэмүүжин сайдын эрх мэдлийг авах гээд хуйвалдаан зохион байгуулагч нар нь цагдаагийн хурандаа нар болж таарах нь. Тэдний хэн нэг нь “Сайд аа, хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэлийн утсыг зохих шатны дагуу шалгаж байсан чинь таны утастай холбогдсон болох нь тогтоогдлоо, Зугтаарай!” гэж анхааруулсан бол 16-20 жилийн ял тулгах гэмт үйлдэлд унахгүй байж л дээ. Нэг ийм хачин явдал ЦЕГ-т тохиолдоод байна. Магадгүй, түүхэндээ анхных ч байж мэдэх юм.

Энэ хэргийг яах аргагүй Тагнуулын ерөнхий газар шалгаж таарах нь. Гэтэл “замд” нь дахиад сайд “тааралдвал” яах вэ. Шалгасан албан хаагчид буруудах уу, “олдсон” сайд хариуцлага хүлээх үү гэдэг нь сонирхолтой байгаа биз. Лав л эхлээд Тагнуулын ерөнхий газрын даргадаа илтгэж таарах байх. Дарга нь Ерөнхий сайддаа илтгэдэг юм билээ. Ерөнхий сайд угийн “ил тод” хүн болохоор УИХ-ын нэгдсэн чуулган дээр зарлаад орон даяар мэдээлчих биз. Харамсалтай дүр зураг харагдаж байгаа байх. Гэвч үйл явдал нэг ингэж л өрнөөд байгаа юм.

Чухамдаа Эрүүгийн цагдаагийн газрын дарга хурандаа Н.Ууганбаяр, тус газрын дэд дарга Б.Ариунболд, УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандааХ.Доржсүрэн нарыг яагаад Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан байж болзошгүй хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгуулах болсон нь тодорхойгүй үлдэж байна. Заавал энэ зүйл ангийг тулгахаас аргагүй ноцтой үндэслэл харагдахгүй, зүгээр л “Ийм зүйл анги тулгана шүү” гэсэн анхааруулга мэт түгшүүрийг үзүүлэв.

Харин Тагнуулын ерөнхий газарт хандахын тухайд эртнээс эхэлсэн учраас цагдаагийн хурандаа нарын утсаар ярьсан ярианы бичлэг бүтэн өдөржин цахим хуудсаар дуулиан тарьж байсан болов уу. Ямартай ч тэр бичлэгийг олон нийтэд дэлгэснээс хойш цагдаагийн байгууллагын ажилтнууд ямар нэг хэмжээгээр айдас хүйдэстэйгээр, дарамттайгаар ажлаа хийдэг, хүнтэй ярихдаа хүртэл 1937 оны “До яамныхан”-ы нэгэн адил ойр хавийнхнаасаа эмээдэг болсон аж.

Товчхондоо цагдаа ажлаа сайн хийвэл, “дээрээс” өгсөн тушаалыг албан үүргээ хэм хэмжээний дагуу гүйцэтгээд явбал Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаанд өөрийн мэдэлгүй оролцчихсон, ТЕГ-ынханд хянагдаад явж байж мэдэх нь. Тиймээс шалгах ажиллагааны явцад албан тушаалтан “тааралдвал” тухайн албан тушаалтанд мэдэгдэх ёстой болох нь ээ дээ. Лав ЦЕГ-таа мэдэгдэх биш байх нь. Учир нь дарга нь тэр хэргийг шалгах тушаал өгсөн юм чинь. Энэ бүхэн тэгээд шинэчлэл үү. Эсвэл цагдаагийнхныг дотроос нь задлах, хагаралдуулах, талцуулах, тагналцуулах маягаар энэ шинэчлэлийг хийх ёстой юм болов уу.

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих