Маса Игата: Монголчууд өөрсдөө босох хэрэгтэй, Хятадаас гуйгаад байж болохгүй
Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд ээлж дараалан Монголд буугаад мордож буй энэ цаг үед хөрөнгө оруулагчдын хөл хөдөлгөөн ч идэвхжлээ. Си даргыг ирээд буцсанаас хойш эдийн засгийн зарим асуудал маш хурдан шийдэгдэж байгаа гэнэ. Айлчлалын үр дүн буюу одоохондоо нааштай сайн мэдээ нь энэ. Харин бид үүнээс гарах үр дагавар буюу хожим хойшид үүсэх асуудал, тавилан заяагаа одоохондоо таашгүй.
Өөрөөр хэлбэл, БНХАУ-аас гурван жилийн хугацаатай 162 сая ам.долларын зээл авахаар болж гэрээнд гарын үсэг зурсан. Одоо орос ах нар ирээд Монголоор дамжуулан хийж болох дэд бүтцийн төслүүдийг эцэслэн шийдэх юм байх. Худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлууд ч давхар ярианы сэдэв болж буй нь намрын халуун өдрүүдийг хэдэн градусаар нэмж шарав. Харин Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагаст тавхан хувийн өсөлттэй байсан. Сүүлийн хагас жилийн өсөлтийг тэг хувьтай байх болов уу хэмээн эдийн засагч, судлаач, хөрөнгө оруулагчид таамаглаж байгаа нь хэцүүхэн хачир.
Юутай ч хөрөнгө оруулагчдын чуулганыг энэ жил найм дахь удаагаа зохион байгуулав. Өчигдөр эхэлсэн чуулга уулзалтад 500 хүн оролцож байгаа. Үүнээс 150 нь гадаадын хөрөнгө оруулагчид. Япон, Хонгконг, Сингапур, БНХАУ, АНУ, Нигери зэрэг улсаас Монголыг сонирхсон хүмүүс иржээ. Ихэвчлэн аль хэдийнэ Монголд хөрөнгөө оруулчихсан хууччуул “наашаа харсан” аж. Тэд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийгээд алдагдал хүлээснээ ярьж байна. Харин энэ жил шинээр ирсэн хөрөнгө оруулагчид цөөхөн байгааг зохион байгуулагчид нь нуусангүй. Гэхдээ хөрөнгө оруулагчид 2010 оноос өмнө дандаа уул уурхайг сонирхдог байсан бол одоо эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарыг ч сонирхдог болжээ. Ялангуяа сүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж буй юм байна.
Тус чуулганыг зохион байгуулагч “Frontier securities”-ийг үүсгэн байгуулагч, захирал Маса Игата “Монгол Улсын Засгийн газар шинэчилсэн бүрэлдэхүүнээр ажиллаад хоёр жил болж байгаа. Энэ хугацаанд эдийн засаг муудсаар байна. Засгийн газар энэ байдлыг засч сайжруулахын тулд бодлого явуулж байгаа л даа. Тухайлбал, “Чингис” бонд гаргасан. Гурван жилийн дараа төлж эхэлнэ. Гэтэл гурван жилийн дараа Засгийн газар нь солигдчихно. Өөрөөр хэлбэл, “Чингис” бондыг гаргасан Засгийн газрын гишүүд бүгд явчихаар хэн хариуцлага хүлээх вэ. Тиймээс монголчууд засаглалаа сайжруулж, хариуцлагатай болгох хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдад гурван жилийн дараа буцаагаад мөнгөө татаж авч чадах уу, үгүй юу гэдэг нь чухал шүү дээ. Үүнд л их санаа зовж байгаа. Гэтэл “Чингис” бондыг авсан хүмүүс ямар зүйлд яаж хэрэглэсэн, хэзээ буцааж төлж эхлэх вэ гэдгээ огт тайлбарлаж ярьдаггүй. Энэ нь маш буруу жишиг юм. Хувь хүмүүс ч гэсэн эдийн засаг уналтад орсныг ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Засгийн газар ч хүмүүс рүүгээ чиглэсэн ажил хийж, анхаарлаа хандуулмаар байна. Магадгүй дараа жилээс эхлэн эдийн засаг сайжирна гэдэгт зарим хөрөнгө оруулагч итгэлтэй байна. Тиймээс энэ жилдээ багтаан “Рио Тин То”-н асуудлыг шийдэх хэрэгтэй. Гэтэл үүнийгээ нэг тийш нь шийдэхгүй Хятадаас гуйгаад байдаг. Өөрөөр хэлбэл, өмнөд хөршдөө л найдвар тавиад суух нь маш буруу. Монголчууд өөрсдөө хөл дээрээ босч ирэх хэрэгтэй” гэж зөвлөв.
Монголын эдийн засаг 2010 он хүртэл асар өндөр үзүүлэлттэй байсан сайхан цаг бий. Харин түүнээс хойш зогсонги байдалд орчихсон. Тухайн үед хөрөнгө оруулагчид цаашид өсөх боломжтой уул уурхайн салбарт итгэл дүүрэн байлаа. Гэтэл сүүлийн хоёрхон жилийн хугацаанд итгэл найдвар нь алдагдаж эхэлсэн юм. Тэдний сэтгэлийг нь засч, итгэлийг сэргээхийн тулд Хөрөнгө оруулалтын хууль батлагдсан. Гэвч хөрөнгө оруулагчдын зарим нь үүнийг “Зарчмын хувьд эрх зүйн орчин бүрдсэн мэт боловч бодит байдал дээр хэрэгжүүлэхэд хэцүү” гэдэг “дүн тавив”.
Харин УИХ-ын гишүүн О.Чулуунбат “Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох нь өнгөрсөн жилтэй харьцуулахад өсч байна. Манай хууль, эрх зүйн орчин таатай болж байгаа. Харин засаглал хүндрэлтэй хэвээр байгааг үгүйсгэхгүй. Учир нь маш олон гарын үсэг, тусгай зөвшөөрөл шаардаж байна. Удаан хүлээлгэж, шан харамж нэхлээ гэдэг гомдол байнга гардаг. Тиймээс бид засаглалаа боловсронгуй болгож, таатай нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь Засгийн газар тууштай, тогтвортой, залгамж чанартай байх цаг иржээ. Бидний үнэлгээ унаж байгаа гол асуудал үүнд л бий” хэмээн тайлбарлалаа.
Г.ГАНЧИМЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: