“Женко” Х.Баттулга Ерөнхий сайд болохгүй
“Давхар дээл”-ээ сайн дураараа тайлсан анхны сайд бол Х.Баттулга. Одоогоос ердөө дөрөвхөн сарын өмнө тэрбээр УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамыг толгойлдог, “Давхар дээл”тэй сайд байлаа.
Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Давхар дээл”-ний тухай хуулийг дэмжсэнээр ийнхүү өөрийн хүсэлтээр дан дээлтэй болоод байгаа. Түүнийг ингэж давхар эрх ямбаасаа татгалзсанд намын гишүүд нь багагүй шүүмжилсэн. Тэр бүү хэл, түүнийг засагт авч үлдэх гэж ил, далд багагүй юм болсон ч тэрбээр өөрийн гаргасан шийдвэртээ бат зогссоор дан дээлтэн болсон.
Ийнхүү өөрийн үзэл бодлоо хамгаалан байж сайдын албан тушаалаа өгсөн нь ирээдүйн том суудалд санаархсны илрэл байсан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд багагүй гарч байна. Өөрөөр хэлбэл, бодлогын алдаанаас болж эдийн засгаа тавиад туучихсан Засгийн газрыг огцрох хэрэгтэй хэмээн тал талаас нь боорлож байгаа.
Хоёр хөршийн томоохон айлчлал давхцаагүй байсан бол нам, хөдөлгөөнүүдийн намрын синдром эхэлж, улс төрд багагүй бужигнаан үүсэхээр байсан ч дарагдаад байгаа гэхэд хилсдэхгүй. Ийнхүү засагт хөдөлгөөн орох чимээ улс төрийн хүрээнийхнийдунд хүчтэй өрнөж байгаа үед “Х.Баттулга гишүүн дараагийн Ерөнхий сайдад хүч үзнэ” гэх мэдээлэл цацаж эхлээд байна.
Тэр бүү хэл, Засаг солигдохын эхний алхам нь УИХ-ын дарга З.Энхболд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдод алхаа аваачиж өгөх гэж байна гэх мэдээлэл ч явж байна. Өөрөөр хэлбэл, Ардчилсан хүчний холбоо буюу “Шонхор” фракцынхан МАН-тай тохироо хийсэн учраас алх маш хурдан дараагийн хүндээ шилжих нь гэсэн шуумыг тарааж эхэллээ.
Гэтэл энэ бол хэн нэгэн нийтлэлчийн санаа, гаргалаа биш бөгөөд ердөө л цаанаас тарааж байгаа захиалгат мэдээлэлгэдгийг хэлэх хүн байна. Товчхондоо, З.Энхболд УИХ-ын даргынхаа алхыг тийм ч хурдан бусдад өгөхгүй нь лав. Эдийн засаг хүндрэлтэй байгааг харуулах хамгийн эхний үзүүлэлт болох ам.долларын ханшийг эрх баригчид хүчээр ч болов буулгачихаад байгаа.
Цаашлаад БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр 30 гаруй гэрээнд гарын үсэг зурсан. Одоо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний айлчлалын үеэр ч мөн цөөнгүй гэрээгүзэглэж, ажил хэрэг болохын эхлэлийг тавих нь гарцаагүй. Зөвхөн эдийн засагт үүссэн сөрөг үр дагавар болох ам.долларын ханшийг хүчээр бууруулсан шигээ энэ Засгийн газар ямар нэг өсөлтийг хүчээр ч болов буулгах нь тодорхой.
Товчхондоо, Н.Алтанхуягийн Засгийн газар тийм ч амархан огцрохгүй. Гэхдээ байдал бишдэж, энэ Засгийн газар огцорч, дараагийн Засгийн газар бүрдэхдээ хүрвэл Х.Баттулгыг Ерөнхий сайд болно гэх шуум их байна. Үүнд ч олон нийт итгэх хандлагатай байгаа нь харагдаж байгаа.
Гэвч энэ бол үнэнээс зөрөх таамаглал. Учир нь Х.Баттулга бол Баянхонгороос гурвантаа сонгогдсон гишүүн. Бүр тодруулбал, УИХ-ын 2004, 2008, 2012 оны сонгуульд Х.Баттулга гэх эрхэм Баянхонгор аймгаас гурвантаа сонгогдсон. Товчхондоо тэр бол Баянхонгороос л гардаг Баянхонгорын хүн.
Харин Монголынх, тэр дундаа АН-ынх биш. Баянхонгорынхон түүнийг Ерөнхий сайдаар сонгож болох ч нам нь түүнийг Монгол төрийн гуравдахь эрхмээр нэр дэвшүүлэх эсэх нь эргэлзээтэй. Засагт олонхи нь дээлээ давхарлан суугаа намын нөхдөө эсэргүүцэн байж дан дээлтэн болчихоод байгаа энэ үед бүр ч хэцүү. Тэр дундаа АН хэдий олон фракциас бүрддэг ч гол цөм нь болсон “Алтангадас”-ынхан “Женко” Х.Баттулгыг дэмжихгүй нь лав.
Ерөнхий сайд, “Алтангадас”-ын тэргүүн Н.Алтанхуягийн саналыг Р.Бурмаа нарын гишүүнээс эхлээд дэмжих хүн цөөнгүй. Харин УИХ дахь сөрөг хүчнээс түүнийг дэмжих хэсэг бас л цөөн. Тухайлбал, Сү.Батболд, Ц.Нямдорж нарын фракцынханч мөн дэмжлэг үзүүлэхгүй. МАН-ын хуучин кадр, тулхтай ганц гишүүн Ц.Нямдоржийн шийдвэр олон хүнийг араасаа дагуулах нь тодорхой.
Энэ хүн Х.Баттулгад дургүй гэдэг нь өнгөрсөн хавар ил болж, өөрийн үзэл бодлоо маш хурцаар илэрхийлж байлаа. Х.Баттулга гишүүнийг “Давхар дээл”-ээ тайлах хүсэлт гаргах үед тэрбээр “Эдийн засаг хүндрээд АН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болоод ирэхээр багаа хаячихаад зугтаж байна. Энэ бол Х.Баттулгын хийдэг ажил. АН-ын УИХ, Засгийн газрын гишүүд Х.Баттулга гэж хэн бэ гэдгийг таньчихаад байгаа нь сайн.
Удахгүй ард түмэн энэ хүний олон мууг мэдэх болно. Энэ Засгийн газар Х.Баттулгаас салж байгаад баяртай байна” хэмээн хатуухан хэлж байсан удаатай. Цаашлаад түүний энэ үеэр ярьснаас үзэхэд Х.Баттулга гишүүний тарыг АН-ынхан таньчихаад байгаа учраас түүнийг Ерөнхий сайдын суудалд залахыг дэмжинэ гэдэг байжболомгүй хувилбар.
Товчхондоо, Ерөнхий сайдын суудалд нэр дэвших хүнийг УИХ-аас дэмжиж, олны хүртээлд оруулах учиртай. Гэтэл энэ мэтчилэн Х.Баттулгыг дэмжих гишүүн, фракц ч ховор байна. Товчхондоо, “Женко” Х.Баттулга бол массын хүн. Х.Баттулгын гаргасан шийдвэр, үзэл бодлыг олон нийт дэмждэг, түүнийг сайн хүн гэж хардаг.
Цаашлаад түүнийг Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлбэл олонхи нь дэмжих магадлал өндөр ч улс төрд нам, улс төрийн хүчин, томчуудын дэмжлэггүйгээр хол явдаг дүрэм байхгүй учраас түүнд “Шаанс” байхгүй гэсэн үг.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн
URL: