Маханд буу тулгаач, сайд аа
Монголчууд гуриландаа санах зовох шаардлагагүй гэнэ. Учир нь энэ жил дотоодын улаан буудайн хэрэгцээг 100 хувь хангах боломжтой талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан “шоудав”. Шоу гэж тодотгосон нь 1990 он хүртэл манай улс дотоодын хэрэглээгээ бүрэн хангаж ирсэн. Хангах ч ёстой. Харамсалтай нь, 2000 он хүртэл энэ байдал доголдож эхэлсэн. Улмаар 2000 оны дундаас улаанбуудайд урамшуулал олгож, “Атрын-III” аян өрнөсөн нь энэ салбарт сэргэлт авчирсан гэж хэлж болно. Гэтэл эрхэм сайд гавьяа байгуулсан мэтээр гайхуулж суугаа нь эмгэнэлтэй. Магадгүй ирэх сонгуулиар энэ ажлаа товойлгож, их сэнтийд санаархах биз.
Манай улс 2012 онд 100 мянган тонн улаанбуудай экспортлох нөөцтэй болсон. Гэтэл жил гаруйн хугацаанд энэ нөөц дуусч, импортлох хэмжээнд хүрсэн талаар салбарын сайд онцолж, тариаланчдыг алмайруулсан юм. Мэдээж энэ бүхэн салбарын сайд төдийгүй шинэчлэлийн Засгийн газар ажлаа хангалтгүй хийсний илрэл. Харин өнөөдрийн энэ амжилт Ц.Туваан тэргүүтэй шинэчлэлийнхний бус сайн муугаар хэлүүлж, хараалгаж, ерөөлгөж байсан С.Баярын санаачилгаар өрнөсөн “Атрын аян”-ы үр шим. Гагцхүү аз нь таарч, аятайхан үед салбарын удирдлагын сэнтийд заларсан эрхмүүдэд өөрийгөө сурталчилах боломж олдсоноос өөрцгүй. Яг л хотын дарга шиг. Түгжрэлд сэтгэл зовниж, дугаарын хязгаарлалт хийх санаачилгыг гаргасан мэт. Хачирхалтай нь, хотын мэрийн санал санаачилга мэт харагдаж байгаа дугаарын хязгаарлалт өмнөх хотын даргын үед хэлэлцэгдэж, зураг төсөл хэдийнэ цаасан дээр буусан байсан гэнэ. Тэр ч бүү хэл, төлөвлөсний дагуу хугацаандаа хийгдэж байгаа ажил хэмээн Хангарьд ордон доторх эрхмүүд шивнэлдэв.
Ардчиллынхны үед амьдрал дээр биелэлээ олж буй эдгээр ажлын нэг нь дээрх улаанбуудайн хангамж. ҮХААЯ-наас тариалалтад зориулж, 724 аж ахуйн нэгж, иргэнд 2.7 мянган тонн шатахуун, 290 аж ахуйн нэгж иргэнд 9.3 мянган тонн буудайн үр, 322 аж ахуйн нэгж иргэнд 152.7 тонн ургамал хамгаалалтын бодис, 57 аж ахуйн нэгжид 215 тонн бордоог 20-50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож дэмжлэг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, яам хийх ёстой ажлаа л хийсэн. Юутай ч иргэд улаанбуудай, гурилынхаа хангамжид айлтгүй боллоо. Харин улаанбуудайн үнийн асуудлаар шоудаач, сайд аа. Тариаланчид буудайгаа үйлдвэрүүдэд боломжийн үнээр борлуулахыг хүсдэг. Тэр мэдээж. Харин гурил үйлдвэрлэгчид нь буудайгаа хямд үнээр авахыг эрмэлздэг болохоор Оросоос оруулж ирсэн буудайг худалдаж авах нь өртөг багатай тусдагийг та мэдэх үү. Энэ хавар нэг тонн улаан буудайг 460 мянган төгрөгөөр худалдаж авах сайдын тушаал гарсан талаар дэд сайд тодотгож байна билээ. Засгийн газар өнгөрсөн жил нэг тонн улаан буудайг 350 мянган төгрөгөөр тогтоож өгсөн. Үйлдвэрлэгчид үүнээс даруй 100 мянган төгрөгөөр хямд үнээр буудайгаа хойд хөршөөс худалдан авах нь ашигтай байдаг нь хаа хаанаа асуудал үүсгэх шалтгаан болсныг эрх биш сонссон байлгүй. Энэ жил ч дээрх үйл явц давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс хийх ёстой ажлаа хийсэн гэж сурталчилж байхаар энэ мэт зүйлд анхаарлаа хандуулж, ажил хэрэг болгооч, эрхмүүд ээ.
Нөгөөтэйгүүр, иргэд хямд үнээр шинэ мах идэх болсон талаар шоудахад ч болохгүй зүйл алга. Ерөнхий сайдын хэлдгээр мах хүртэл тансаг хэрэглээнд орж, тааруухан амьдралтай нэгнээр даажигнах болов. Мал аж ахуйн орон атлаа махыг хоолондоо амт оруулах төдийд хэрэглэдэг улс хуруу дарам биз. Шулсан яс түүж, дотор гэдсээр бор ходоодоо цатгадаг иргэн нийслэлд төдийгүй орон нутагт бий. Мах бэлтгэж байгаа аж ахуйн нэгжүүдэд төрөөс тодорхой хэмжээний урамшуулал өгдөг. Тэгсэн хэр нь махны үнэ нэмэгдэж, иргэд дарлагдсаар өнөөдрийг хүрсэн. Тэгвэл энэ чиглэлээр мэргэшиж, шоудаж яагаад болохгүй гэж.
Д.ДОРЖ
new.mn
URL: