Д.Баярмөнх: Гишүүн Ж.Батзандан намаа үгүйсгэж байна
Ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулж явсан ахмад гишүүд өнөөгийн төр засгийн гишүүдэд дуу хоолойгоо хүргэж хэвлэлийн бага хурал хийсэн юм. Ардчилсан намын ахмад гишүүд ямар учраас төр засгийнханд хандаж байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны АН-ын дэд дарга, ахмад гишүүн Д.Баярмөнхөөс тодрууллаа.
-Сүүлийн үед танай намын ахмад гишүүд нэгдэж төр засагт хандах болсон гэсэн. Чухам ямар учраас төрийн өндөрлөгүүдэд хандах болов?
-Өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдлаас болоод Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-д дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй болоод байна. Бидний 1990 онд хийж байсан Ардчилсан хувьсгал анх ямар зорилготой хийж байсан замаасаа гажаад байна. Тиймээс бид дуу хоолойгоо хүргэх шаардлага гарлаа. Одоогийн энэ ардчилал бол анх бидний хүсч байсан ардчилал биш юм. Өөрөөр хэлбэл, 1937 оны хэлмэгдлийн байдал өнөөдөр Монголд ирээд байна. Хууль хяналтын байгууллага дотроос Авлигатай тэмцэх газар, шүүх болон зарим байгууллага хуулиа хүчин төгөлдөр мөрдөж ажиллахаа больжээ. Авлигатай тэмцэх газар хэн нэгний хамаатны систем буюу хэсэг бүлэг хүмүүсийн хамааралтай ажиллаж эхэллээ. Юу хийх, хэнийг хардаж цагдах нь хэрээс хэтэрч байна. Энэ байдал нь Засгийн газраас хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг бүхэлд нь харлуулах, үгүйсгэх гэсэн байдлаар хүртэл илэрч байна.
-АН доторх бүлэг, фракцууд нь хуваагдаж зөрчилтэй болсон. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааг хүртэл үгүйсгэх боллоо?
-Хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудыг үгүйсгэсэн гишүүд манай нам дотор байна. Бидний залгамж халаа болж байгаа залуу улстөрчдийн дотроос сүүлийн үед асуудал гаргаж байна. Эх орноо ирээдүйд авч явах боловсрол, мэдлэгтэй залуус олон байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тэдний дотор УИХ-ын гишүүн Ж.Батзандан байна. Өөр бусад гишүүд ч бий. Нийгэмд хэрэгтэй зарим нэг хуулийн төслүүдийг хүртэл батлах тал дээр хойрго хандаж байна. Энэ асуудал манай намын УИХ дахь гишүүд болон хороодоос гарч байгаа нь намын хөтөлбөрийн хэрэгжилтэд чөдөр тушаа болсныг хэлэх хэрэгтэй. Энэ байдал үргэлжилбэл АН доторх хагарал улам хурцдах болно. АН-ын удирдлагууд өнгөрсөн жил таван мянга гаруй гишүүнтэйгээ уулзсан байдаг. Эдгээр гишүүний олонх нь нам доторх эв нэгдлээ хадгалах хэрэгтэй байна гэсэн саналыг хэлсэн байгаа юм.
-Тэгэхээр нам доторх асуудлаа шийдэх хэрэгтэй болоод байна уу?
-Шинэчлэлийн Засгийн газар бүтээн байгуулалтыг сайн хийсэн гэж бид үзэж байгаа. Баруун таван аймгийн замын ажлыг 100 хувь хийсэн. Орон сууцжуулах хөтөлбөр сайн хэрэгжиж байна. Харин УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хийсэн ажлыг харлуулах юм. Өөрсдөө өмнө нь хийгээгүй байж, ажил хийсэн хүнийг их шүүмжилж байна. АН, МАН ч бай ард түмнийхээ итгэлийг хүлээж гарч ирсэн болохоор ажлаа гүйцэтгэх нь л чухал. Сүүлийн үед АН-ыг МАН-тай нэгдэх тухай ярих болсон. Энэ хоёр нам нэгдэх асуудал огт гарахгүй гэж бодож байна. Одоогийн байдлаар бидэнд эв нэгдэл чухал байна. Мэдээж дутагдалгүй хүн гэж байхгүй. Эвсээд ажиллахын оронд буруу харж суучихаад байвал хэзээ ч ажил хэрэг болохгүй. Энэ хэмжээнд УИХ-ын гишүүд хамтарч ажиллах хэрэгтэй гэж хэлмээр байна. Манай нам доторх фракцуудын зорилго нь өөр өөр байгаагаас өнөөдөр хагарал үүсгээд байна. Намын мөрийн хөтөлбөр гэж бий. Хөтөлбөртөө үнэнч байх хэрэгтэй. Бодитоор хийж байгаа ажлаа намын аль нэгэн фракц нь үгүйсгэж байгаа нь арт түмнийхээ төлөө биш, сандал ширээний төлөө яваад байгааг нь илчлээд байна. Энэ байдлаараа бид 2016 онд ард түмний итгэлийг олж чадахгүй гэдгийг хэлье.
Д.ЦЭЦЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: