Хятад, Оросын тэргүүнүүд давхилдсан Монгол оронд юу болох гээд байна?

хөршүүд“Орос,Хятадын завсар дахь Монгол Улс 1990-2014 он” ном саяхан хэвлэгджээ.  ГХЯ-нд  хөршүүдтэй харилцах газар хэлтсүүдэд олон жил ажиллаж байсны хувьд ахмад дипломатч  Б.Баасансүрэн өөрийн ажил, амьдралын туршлага, ажиглалт дүгнэлтэд тулгуурлан амьд агаад сонирхолтойгоор бичжээ. ОХУ, БНХАУ-тай цаашид хөгжүүлэхэд  өөрийн санал бодлоо нэмэрлэсэн уг номыг  ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар олон жил ажилласан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д. Ёндон хянан тохиолдуулсан  юм байна.

Хоёр хөршийн  тэргүүнүүд ээлж дараалан  ирж байна. Хятадын даргынх  хийгээд энэ өдрүүдэд  Монголд  ирэх Оросын дээд хэмжээний айлчлалын ач холбогдол нь юу байх бол  хэмээн  Б.Баасансүрэнгээс асуужээ.

Тэрээр уг асуултад хариулахдаа “Саяхан  урд хөршийн Си даргын айлчлалын  их үр дүнтэй  болов.  Манай талаас хүсэн хүлээсэн бүхэн бараг ёсоор болов гэлтэй. Хятад “Монгол хөгжлийн  темпийг цаашид хадгалахад үндсэн эх үүсвэр болж туслахаар боллоо. Гадны хөрөнгө оруулалтаар цангасан өнөөгийн нөхцөлд монголын эдийн засгийн сэргээх, сэлбэх гарц нэээгдэж байна. Худалдааны хэмжээг 2020 он гэхэд 10 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэх, Хятадын нутгаар дамжин транзит тээврийг нэмэгдүүлэх, Зүүн хойд Хятадын далайн боомтуудаар дамжин далайд гарч  ашиглахыг монголчуудад зөвшөөрч, хөрөнгө оруулалтын багц тохиролцоонд гарын үсэг зурсан. Хөрөнгө оруулалт, дэд бүтэц, санхүү гэсэн харилцан хамтран ажиллах гурван гол салбараа хоёр улс  тодорхойллоо.

В.Путин ерөнхийлөгч дан ганц Монголыг зорин гараагүй. Тэрээр Якутск, Алтай хязгаар гэх мэтийн дорнодын мужуудын ажил  байдлыг газар дээр нь шалгаж зааварлах зэргээр улс орны дотоодын нөр  их ажлаа элбэн тохинуулах завсараараа Монголд зургаан цаг буугаад мордох нээ. Том гүрний алсыг харсан стратегич агаад  ажил хэрэгч удирдагч тэрээр  Халх голын ялалтын ойн баярт голлон оролцон  гар барьж зураг авахуулах төдийгээр  саатах гэж ирж буй нь лав биш байна.

Си даргын айлчлалын үер улс төрийн том асуудлууд хөндөгдсөн бол ОХУ ч гэсэн  эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна улс төрийн асуудлуудад томоохон ач холбогдол өгөх нь тодорхой байна. Гурван талын уулзалт хийх тухай Элбэгдорж Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал  бий. Си дарга үүнийг дэмжив. Харин Оросын тал Монголоор дагнасан нэрт эрдэмтдээрээ дамжуулан Путинийг ирэхийн өмнө уг асуудлаар байр сууриа илэрхийлж байна уу гэлтэй. ОХУ-аас Монголтой харилцах асуудлаарх бодлогыг тодорхойлж, гол зөвлөмжийг өгч байдаг гол газруудын нэг нь Оросын ШУА-ийн Алс Дорнодын  болон Дорно дахины институтууд  билээ. Алс Дорнодын институтын орлогч захирал, проф, Монголын асуудлаарх гол эксперт  С.Лузянин  энэ наймлугаар сарын 29-нд  “Лента.ру”-д өгсөн яриандаа,   “Гурван талын ийм механизм тогтвол  уг нь нэн чухал байгаа юм. Тэгвэл Монголын  “Гурав дахь хөршийн бодлогыг нь үр өгөөжтэй хязгаарлан барихад Орос, Хятад  хамсан байр сууриа нэгтгэж авна.  Монголын хувьд ч бас хоосонгүй үлдэж Хятад, Оросын зах дээр бараа бүтээгдэхүүнээ татвар шимтгэлгүй нийлүүлэх боломжтой болно. (Формирование подобного треугольника чрезвычайно выгодно всем трем его участникам. РФ и КНР могут более эффективно сдерживать активность “третьей силы” на монгольском направлении, наращивая и координируя свою монгольскую политику. Для Монголии появляется реальная возможность в будущем доставлять свою продукцию без пошлин и квот на российский и китайский рынки). Европын Холбоо, Австралиас  ОХУ-д нийлүүлэх  хүнс, маханд хязгаар хориг тавиад байгааг ашиглан энэ орон зайг Монгол нөхөх гэсэн хүсэлтэй ч Оросын тал нэг их бэлэн бус байгаа. Учир нь, “Монголын тал цөөнгүй удаа тоглоомын дүрмийг өөрчлөх эсвэл бүр биелүүлэхээс татгалзах зэргээр хүлээсэн үүргээ заримдаа биелүүлдэггүй ирсэн зэрэг нь нөлөөлөх байх”. Монгол ОХУ-д  70 сая ам.долларын бараа экспортлож 1.6 тэрбум ам.долларын шатахуун авч Оросоос авч,  худалдаа  нь асар их  тэнцвэргүй болж байгаа” гэжээ. Үнэндээ эрдэс түүхий эдээ ургаш алдагдалтай, хямд боловч борлуулж олсон хэдэн ногооныхоо 80 шахам хувийг  бензинд өгч ирсэн  манай хөөрхийлэлтэй байдлыг тойруугаар хэлээд авч. Проф С Лузянин цааш бичихдээ, “АНУ цэрэг –улс төрийн идэвхтэй үйл ажиллагааг Азид  явуулахад нь  Монгол  бэлэн обьект нь болж ирсэн. АНУ-ын “хүмүүнлэгийн гэгдэх” цэргийн бүх үйл ажиллагаанд  нь Монгол идэвхтэй оролцож ирсэн.  10 гаруй жил нутаг дээрээ АНУ-тай  хамтран “Хааны эрэлд” гэгдэх цэргийн сургууль хийж ирсэн. Энэ бүхэнд Москва, Бээжингийн зэвүү нь хүрч ирсэн. Хойшдоо тусламж, эдийн засгийн аргаар хөрш Монголыг АНУ-ын бодлогын үзүүрт гүйж явдгийг нь болиулж  өөрийн геободлогынхоо хүрээнд татан авахаар  Бээжин ажиллаж эхлэв. ШХАБ-д ажиглагчийн статусыг нь ахиулаад авчихвал  Орос, Хятадын хувьд бүр болооод явчихна. Учир нь Элбэгдорж өөрөө “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын зүгээс тус байгууллагад оролцох Монголын  түвшинг  ахиулах санал гаргасанд нь хүндэтгэлтэй хандаж байна” гэж ам алдсан удаатай хэмээн тэрээр бичжээ.

ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын гол шинжээч бөгөөд ахмад монгол судлаач доктор Марк Гольман наймдугаар сарын 12 –нд “АНУ нь Монголтой цэргийн салбарт хамтрах гэж зүтгэж байна” гэсэн нийтлэлдээ,  “Монгол нь АНУ-тай цэрэг улс төрийн салбарт их ойртон нөхөрлөж байгаа нь хөрш орнуудыг түгшээж байна. АНУ-ын БХ-ын сайд Ч Хейгл  өнгөрсөн хавар Ази Номхон далайн 13 орноор айлчлах явцдаа Монголд ирээд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзахдаа “ Монгол бол АНУ-ын хувьд их үнэ цэнэтэй түнш гэж” магтсан.Түүний айлчлалын зорилгыг Монголын сонинд бичихдээ “Холбоотны түншлэлийг зузаатгахад оршсон” гэж бичиж байв. Энэ айлчлалын үеэр АНУ-ын цэргийн баазыг Монголд байгуулах асуудал яригдсан гэсэн мэдээ  Монголын “Өдрийн сонин”-д цухалзаад өнгөрсөн.Энэ айлчлалын үеэр Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ны дэд элчин сайд  Керк Макбрайт “АНУ нь Монголын хувьд  “Гуравдахь хөршийн” тэргүүн манлайд байх эрмэлзэлтэй” гэж цохон тэмдэглэсэн зэрэг нь хөрш Орос, Хятадыг түгшээхэд хүргэсэн” хэмээн бичиж байсан. Энэ бүхнийг   төр засаг нь анхааралдаа авч дүн шинжилгээ хийдэг бололтой бөгөөд Путинийг манайд ирэх үеэр энэ форматаар асуудал яригдаж, үйл явдал өрнөхийг үгүйсгэх аргагүй юм.

Урд хөршийн том дарга Си-г ирэхийн өмнөхөн мөн л   Хятадын олон сайт, цахим ертөнцөөр  шуугиж, манай УИХ-ын зарим гишүүн хүртэл байр сууриа илэрхийлэхэд хүргэсэн нэлээн дуулиант мэдээнүүдэд “Хятад, Орос хүчээр Монголыг өөрсдийн геополитикийн хүрээнд бат бөхөөр оруулах болно.  Барууны орнуудад дахин боломж олгохгүй. Хятад, Орос болон барууныхны их тоглоом дунд Монголыг  бас нэг тулааны талбар болгох сонирхолтой хүчнүүд хаа хаанаа байна. Манай гурван улс гар гараасаа барилцан хамтран ажиллавал АНУ, Европын холбоо болон Япон хөндлөнгөөс оролцож чадахгүй мухардаж, сөрж   эсэргүүцэх арга ч үгүй болно.  Энэ хоёр том хүчирхэг хөршийгөө түшвэл сая Монголын одоогийн хоцрогдсон байдал өөрчлөгдөж, монголын ард түмний амьдралын түвшин дээшилнэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Си даргын айлчлалын үеэр Монгол ШХАБ-д элсэх тухай асуудал яригдана.

Хятад, Орос хамтран Монголыг сугавчлаад яваад өгөхөд гайхаад байх юм огт байхгүй. Хэрэв Монгол энэ боломжийг ашиглахгүй байх,  эсвэл “таг чиг” болчвол Хятад, Орос Монголд дахин нүүр өгөхгүй, түүнд дахин боломж олгохгүй. Ямар замаар явах нь Монголын эрх баригчид ашигтай ашиггүйг бодолцож сонголтоо хийхийг харж байна. Хэрэв Монгол итгэлийг эвдэн Хятад, Оросын сайхан сэтгэлийг хөсөрдүүлэх аваас Монголыг Хятад руу гэртээ нь буцаах замыг Орос нээж өгөх болно. Хятадын хувьд Монголыг буцаан авах нь зөвхөн манай хүсэл мөрөөдөл, үндэстний нэр хүндийн асуудал хэдий ч “Алхам нь гүйцвэл аяндаа бүтнэ” гэдэг Хятадын зүйр үгийг иш үндэс болгон Монголын ард түмний өөрийн сонгосон тусгаар тогтнол болон хөгжлийн замыг хүндэтгэн харж үзнэ. Одоогоор  яарахгүй. бий. Аливаа зүйл жам ёсондоо аяндаа эрт ороы боловч орно.” гэж  ник нэртэй саваагүй нэгэн блогерын дүрээр  урьд хөрш маань шулуухан  агаад хатуухан хэлсэн  бол, хойд ахынхан Монголоор дагнасан тэргүүлэх шинжээч нараараа уян зөөлөн дипломат үг хэллэгээр битүү түншиж байна уу гэмээр  хар аяндаа төрнө.

Элбэгдорж Ерөнхийлөгчийн  гурван талын уулзалт хийх тухай саналд хөршүүдийн хэвлэлүүдээр өгч буй дохио зангааг анзаарахын сацуу 100 жилийн тэртээд  Хиагтад 1915 онд болсон гурван талын анхны уулзалтыг эргэн санаж, жишиж үзэх шаардлагатай байгаа юм. “Гадаад Монголын” бие даах гэсэн оролдлогыг тэр үед хясан боогдуулж Хятадын шахалтаар хумьж өгсөн түүхтэй.  Уг уулзалтаар  Гадаад Монгол нь  Хятадын хараат \сюзернитет\  болохыг Оросоор Бээжин зөвшөөрүүлж Монголд тулгасанаар уулзалт өндөрлөж байж. Өнөөдөр  Монгол бол бүр хүчирхэг,  дэлхийн хувь заяанд онцгой нөлөөтэй НҮБ-ын АЗ-ийн гишүүд агаад том геополитиктой Орос, Хятад хоёр аварга хөршийн дунд амь зогоож байгаа. Монголын эрх ашгийг хамгаалж энэ хоёр их гүрэнтэй зөрөх ямар ч улс орон байхгүй нь хэн бүхэнд илт байгаа.

БНХАУ-ЗХУ-ын хооронд 1950 оны хоёрдугаар сард байгуулсан Найрамдал харилцан туслах гэрээнд манай улсын тусгаар тогтнолыг хоёр тал өөр хоорондоо  хүлээн зөвшөөрсөн байсан тусгай хавсралт байсан.Уг гэрээ 1980  онд хугацаа нь дуусч хүчингүй болсонтой зэрэгцэн Монголын асуудлаар харилцан хүлээсэн үүрэг  бүхий тэр хавсралт ч хүчингүй болж төрөл арилжсан билээ. Алс хэтийн хувь заяанд нэн хэрэгтэй уг заалт хамт ийнхүү хүчингүй болсныг манайхан тэр бүр анзаарч ач холбогдол өгөхгүй явж ирсэн. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн дархан байдал, сонгосон хөгжлийн замыг  хоёр хөрш бүрэн хүлээн зөвшөөрсөн 1993, 1994 оны ОХУ, БНХАУ-тай тус тус байгуулсан “Найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-нүүдээ дулдуйдан хоёр хөршөөрөө Монголын асуудлаар харилцан хүлээсэн үүрэг заалтыг  сэргээн авбал хожмын өдөр нэмэртэй байж болох юм.

Хатуухан хэлбэл өөрийгөө бариад өгчихөж мэдэх гурван талын уулзалтыг яаравчлан хийх цаг мөч  өнөөдөр мөн үү гэдгийг шүүн тунгаах шаардлагатай мэт. Нэгэнт санал болгосон, хөршүүд шахаад байвал хийх аваас  дээрх асуудлыг  тулхтай хэлэлцэж 3 талын уулзалтаас гарах баримт бичигт утга агуулгыг нь эдийн засгийн хамтын ажиллагаанаас түлхүүтэйгээр нарийвчлан тусгуулж авбал  уулзалтын утга учир оршиж байх.Манайх шиг жижиг буурай орны хувьд хожмын өдөр үүнээс илүү тустай  юм үгүй болохыг  25 жилийн тэртээ улс төрийн газрын зургаас арчигдсан БНАГУ  \Ардчилсан Германы\ гашуун туршлага хийгээд Крымын  санал асуулгаар ОХУ-д нэгтгэгдсний дараахнаас “Гадаад Монгол,Тува-г санал асуулга явуулж Хятадын хоёр сая км.кв нутаг оросууд  тасдан авсан,Одоо буцааж авъя”  гэж 700 сая шахам хэрэглэгчтэй Хятадын цахим ертөнцөөр  шуугиан (миний  дээр өгүүлсэн  номонд дэлгэрэнгүй ) тарьж ирсэн зэрэг нь үйл явдлууд анхааруулж байна гэлтэй. Нөгөө талаар Умард Атлантын цэргийн эвсэл, Европын холбоо дорно зүг оросуудын таамаглаж байснаас илүү эрчтэй түрэн орж ирсэн, АНУ-ын зүгээс үзүүлж буй даралт өссөн явдал  зэрэг нь ОХУ-ын хувьд БНХАУ-ыг илүү чухалчлах болсон. Нөгөө талаар Япон, ЗӨА-ийн орнуудтай маргаантай арлуудын асуудлаар сөргөлдөхдөө Бээжин Москваг тал тохой татах аяс гаргаж байна. Эдгээр хүчин зүйлүүд хоёр хөршийг өөр хоорондоо сүүлийн үед илүү ойртоход түлхэж байна.  Үүнтэй уялдан  хоёр улсын дунд орших Монгол Улсын ач холбогдол төдий чинээ өсч байна. энэ бүхнээс үүдэнд  завсар нь хавчуулаагдсан буурай маний хувь заяаны асуудлаар   хойд урьд хоёр хөрш  маань дүүгийнхээ араар   ярьж хөөрч, бодлого үйл ажиллагаа зохицуулдаг  болж биш  байгаа юм биз дээ гэж эргэлзэхэд хүрч байна” гэв. Мөн цааш нь “Манайхаар дамжин өнгөрөх  олон төслүүдээс хийн хоолойн талаар юу хэлэх бол?” гэсэн асуултыг тавихад “Манайд хамгийн ойр дөт ирээд буй Ямала-Хантманск-Тюменийн хийн хоолойн шугам  буюу Баруун сибирийн хоолой уг нь Увсын цаана буюу Барна Уул хавьд бараг хүрээд ирсэн. Энэ шугамыг хэрхэн Хятад руу үргэлжлүүлэн татах вэ гэдэг дээр ОХУ дотроо, Хятадад ч өөрийн санал бодолтой байгаа бөгөөд эцэслэн шийдэгдэлгүй өдий хүрэв. Манайхаас гадна Казахстан ч өөрийн нутаг дээгүүрээ явуулахыг гойд сонирхож идэвхтэй хөөцөлдөж ирсэн билээ. ОХУ-ын Алтайн БНУ –ын нутаг болох  Үхэгийн хөндийгөөр   явуулахаар оросууд олон жил ярьсан.  ЮНЕСКО-гийн өвд орсон  Казахстаны саналыг хүлээн авч түүний нутгаар барих нь хямд төсөр бөгөөд түргэн байгуулах боломжтой байгаа юм хэмээн гэж үзэж байна. “Үхэги Уг” төсөл нь эдийн засгийн төдийгүй улс төрийн хувьд аль болох тулхтай тогтвортой бүс нутгийн хувьд Казахстан нь  илүү нийцэж байна.  Хятадын тал ч үүнийг хуваалцаж илүү талархалтай хүлээн авч байна. хэмээн ОХУ-ын хил орчмын хамтын ажиллагааны нийгэмлэгийн  стратеги төлөвлөлтийн албаны удирдагч А. Собянин  “Независимой газеты” сонины сэтгүүлч Виктория Панфилова-гийн асуултад наймдугаар дугаар сарны 29-нд хариулжээ. “Монгол талын зам” гэсэн яриа Монголд л бид яриад байгаа болохоос Хятадад ч ОХУ-д одоогоор таг чиг. Цагт хавчигдаад байна.  Уг нь миний дээрх номонд дэлгэрэнгүй байгаа юм сан.

Том гүрнүүдийн геополитикийн зөрчилдөөн энэ оноос илт нэмэгдэж олон улсын байдал ийнхүү санасанаас өөрөөр эргэж буй өнөөгийн нөхцөлд манай гурван улсын хамаарал ийнхүү улам нэмэгдэж байна Монгол-бид “жийргэвч”-ийн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ хоёр гүрнийг хооронд холбох зарчмаар хамтран ажиллах өргөн бололцоо уг нь нээгдэж байна. Тиймээс байдал ийнхүү эргэж байгаа нь өнөөдрийнх шиг ийм онцгой нөхцөлд хоёр хөрштэйгөө “нүүдлээ зөв хийж” илүү үр өгөөжтэй хамтран ажиллаж, хамтдаа хөгжих таатай боломж гарч байгаа юм..Хоёр том гүрний завсарт  оршиж байгаа энэ сандвич- хавчуурга  байдлаа  сөрөг өнцөгөөс нь бус, “хажууд буй дэлхийн хамгийн том хоёр зах зээл дээр хамгийн бага өртөгтэйгөөр, шууд хүрч байгаа давуу талаас нь харж, ашиглаж сурах хэрэгтэй байна Холын ажлыг ойроос эхэлдгийн жишгээр хөршүүдтэйгээ учраа сайн ололцож, тэдний хүчин зүйлүүдийг оновчтой зөв ашиглан  урагшилъя” гэсэн Монголын төрийн ахмад зүтгэлтэн Д.Бямбасүрэнгийн үг орой руу орж байна” хэмээн хариулжээ.

 

З.БАТГҮР /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих