Төрийн банк дампуурна гэв үү?

Баахан дуулиан дэгдээж, төрийн гэсэн малгайтай болсон банк дампуурах гэж байна гэсэн яриа дэгдэж эхэллээ. Хэдийгээр Монголд банк дампуурах нь гэсэн дуулиан дэгддэг ч гэсэн итгэлцэл дээр оршдог банкны салбарын хувьд ийм дуулиан банкны хувь заяанд ч нөлөөлөх магадлалтай байдаг учраас энэ бол салбарынхны хувьд эмзэг мэдээлэл. Саяхан л дуулиантайгаар төрийн болгосон банкны тухай энэхүү дуулиан жирийн иргэдийн хувьд төрийн юм хүчгүй, үнэгүй байдаг гэгчлэн банкны хөрөнгөөр цаашилбал, төсвийн  хөрөнгөөр тоглож байх вий гэсэн хардлагаар улам өдөөгдөхөөр. Харин банкны салбарынхны хувьд энэ нь эсрэгээр төрийн банк дампуурна гэж хэзээ ч байхгүй гэж мэргэжлийн салбарынхан андгай тангаргаа өргөх шахаж байна. Яагаад гэвэл төрийн сан хэмээх лусын сангийн “ар”-тай банкны хувьд бусад арилжааны банкныхнаас илүүрхэх боломжтой. Арилжааны банкныхан хадгаламжийн хүү, үйл ажиллагааны эрсдэл зэрэгтээ тулгуурлан зээлийн хүүгээ тогтоодог бол төрийн банкныхан лусын далайн сангийн хөрөнгөөр харьцангуй бага зээл гаргах боломжтой. Нөгөөтэйгүүр төрийн банк хамгийн найдвартай гэсэн итгэл үнэмшил байдаг учраас харилцагчид ч хадгаламжаа төвлөрүүлэх сонирхолтой байдаг. Тийм учраас ар нь “түүз” төрийн банк дампуурах нь бүү хэл, харин ч арилжааны банкуудаас давуу талтай учир, бор зүрхээрээ эрсдэл дундуур туучин яваа арилжааны банкуудыг “сүүдэрлэх” талтай. Тийм ч учраас төрийн хүчирхэг ар талтай төрийн банктай зах зээлд сүрийг үзүүлэх боломжийг хязгаарлах ёстой гэж үздэг байна, ялангуяа арилжааны банкныхан. Тийм ч учраас арилжааны банкныхны хувьд төрийн банкийг хувьчлах шийдвэр гарвал алга ташин хүлээх авах бололтой.

Бас нэг эргэлзээ. Дээр дурдсанчлан саяхан төрийн мэдэлд авсан банкуудыг хувьчлах хэрэгтэй гэсэн санааг албаны нөлөө бүхий байр сууринаас үе үе илэрхийлж байгаа. Энэ нь ч мөн банк, санхүүгийн талаар ойлголт муутай хүмүүсийн хувьд саяхан төрд “коммунчилж” сүрийг үзүүлчихээд, яагаад төд удалгүй хувьчилна гээд байгаа юм бэ гэсэн эргэлзээ төрүүлж байгаа. Харин үүнийг салбарынхан банкны хэмээх эмзэг, уялдаа холбоотой салбарын хувьд аль нэг банк өвчилж, эхлэхэд бусаддаа нөлөөлөх сөрөг нөлөөлөлтэй учир яаралтай “тусгаарлан” төрийн мэдэлд аваад, зохих эмчилгээг хийсний дараа эргүүлээд хувьчилдаг нь ердийн практик гэж тайлбарлаж байгаа юм. Юутай ч энгийн логик болон салбарын хүмүүсийн тайлбарласнаар төрийн банк дампуурна гэдэг жирийн л нэг айдаст хардлага гэж үзэж болохоор ч юм шиг. Харин бусад арилжааны банкуудын нэгтээ төв банкны ерөнхийлөгч нь байдал хүндэрч магадгүй 2-3 банк бий гэж ам алдсаныг нэхэж тодруулах шаардлагатай болов уу. Үүнд одоогоор манай банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сайн буюу мөнгөгүйдэхийн зовлон аль ч банкинд байхгүй. Гэхдээ өөрийн хөрөнгийн хэмжээ гэх мэтчилэн зарим үзүүлэлтээр “сэтгэл чилээх” 2-3 банк байгаа. Гэхдээ энэ нь Монголын банк, санхүүгийн салбарт нөлөө үзүүлэхүйц биш “жижгүүд” учир санаа зовох зүйл үгүй гэж албаны эх сурвалж тайлбарлалалаа.


URL:

Сэтгэгдэл бичих