Ийм нэг санал байна
Хичээлийн шинэ жил эхэллээ. Зуны турш эзгүйрэн, ханхайж байсан их хот маань амь оров уу гэлтэй хаа, сайгүй залуусаар дүүрчээ. Аргагүй залуусын хот юм.
Хэдхэн хоногийн өмнө “Бид ирлээ” гэсэн бичигтэй хөдөөний оюутнуудыг шоглосон, жаахан дэгсдүүлээд хэлчихвэл доромж утга бүхий пост фэйсбүүкээр “тэнүүчилж” харагдсан. Угтаа бол хот, хөдөөний гэлтгүй бүгд л Монгол Улсын иргэн шүү дээ.
Харин энэ жил оюутан болж, их хотод хөл тавьж залуус маань багахан будилж мэднэ. Түүнээс биш чи хөдөөнийх, би хотынх гэж ангилаад байх шаардлагагүй. Яах вэ, тэдний хувьд биеэ авч яваа байдал, харилцаа нь хотын гангачуудаас арай өөр байж мэднэ. Түүнээс биш өөрийгөө хотынх хэмээн өргөмжлөгсөд ч үнэндээ бол хог тарьж, гудамжинд шүлсээ хаядаг нь үнэн шүү дээ.
Энэ бүхнийг шийдвэрлэх эрэл хайгуулын талаар Хотын даргад хүргэх, хэд гурван санал байна.
Хотын соёлын тухай, хотод ямар дүрэм баримтлах шаардлагатай талаар Э.Бат-Үүл дарга журам гаргавал ямар вэ. Хотын иргэний баримтлах таван дүрэм, эсвэл 10 шаардлага гэх маягаар.
Хотын соёлд сургаж, хотын иргэн болох дадлыг багаас нь суулгавал өнөөдрийн уур бухимдал, стресст автуулсан бүхнийг шийдвэрлэхэд хялбар мэт
Нэгдүгээрт тавих хамгийн энгийн шаардлага бол хотын иргэн хог тарьдаггүй, хүрээлэн буй орчиндоо цэвэр цэмцгэр аж төрдөг байх. Үүнд гудамж, талбайд хог болон шүлсээ хаяхгүй, ил задгай биеэ засахгүй, өвөл болохоор гудамжиндаа үнс, угаадсаа асгахгүй байх зэрэг багтана.
Хоёрдугаарт харилцааны соёлтой байх. Монголчууд бид эртнээс ахмадынхаа үгийг сонсдог, найз нөхөд, эцэг, эх, хүүхэд, эмэгтэйчүүдийг хайрлан хүндэтгэдэг соёлтой улс. Хүүхэд, хөгшдийг өргөж, тэтгэдэг, олон нийтийн газар хараалын үг хэлж, бүдүүлэг авир гаргахгүй байх зэрэг нь хоёрдугаар журамд хамаарах юм.
Гуравдугаарт үндсэн хэрэгцээндээ ухамсартайгаар хэмнэлт хийж сурах. Үүнд нийслэлчүүдийн өмнө тулгамдсан ундны цэвэр ус, эрчим хүч хамаарах юм. Хүний амьдралын үндсэн хэрэгцээ бол ус, эрчим хүч болчихоод байна. Ялангуяа Улаанбаатарт амьдарч буй иргэдэд ус, эрчим хүчний хэрэглээндээ хэмнэлт гаргах тухай сайтар ойлголт өгөхгүй бол ирэх он жилүүдэд бид хүндрэлтэй асуудалтай тулгарах нь гарцаагүй.
Дөрөвдүгээрт, замын хөдөлгөөнд соёлтой оролдож, явган зорчигчид гэрлэн дохио, гарцыг ашиглаж сурах нь чухал. Автомашины урдуур гүйдэггүй, хурд хэтрүүлдэггүй, явган хүний гарцаар зам хөндлөн гардаг, замын цагдаа нарыг хүндэлж, шаардлагыг нь цаг тухайд нь биелүүлдэг байх.
Харин тавдугаарт иргэн таны санал…
Төрөлх хотоо аюулгүй, цэвэр цэмцгэр байлгах талаар иргэн та ямар саналтай байгаагаа нийслэлийн удирдлагуудад хүргүүлж болох юм.
Улмаар таван журмаа олны хөл хөдөлгөөнтэй газруудад, үйлчилгээний байгууллагуудад, гудамж, талбайд нүдэнд харагдахуйц бичиж, байрлуулвал ямар вэ. Журмаа боловсруулж, шийдвэрээ гаргасныхаа дараа хичээлийн шинэ жилийн эхний өдөр оюутан, сурагчдад нэг цагийн хичээл ордог болчихвол…
Хөдөөнөөс хотыг зорин ирж буй оюутан залуучуудад хотод амьдрахын тулд ямар шаардлагыг биелүүлэх учиртайг нь хэлж танилцуулдаг байвал…
ЕБС-ийн сурагчдад, цэцэрлэгийн багачуудад хэлж, тайлбарлавал…
Хүн болох багаасаа гэдэг. Хотын соёлд сургаж, хотын иргэн болох дадлыг багаас нь суулгавал өнөөдрийн уур бухимдал, стресст автуулсан бүхнийг шийдвэрлэхэд хялбар мэт. Үүний тулд мөнгө зарлагадах шаардлагагүй, хууль санаачилж, хэлэлцүүлэх албагүй. Зөвхөн нөлөөллийн аргаар, бусдыгаа уриалж, нэгдэж чадвал хог, стресс бухимдал, зам тээврийн осол гээд өнөөгийн нийгэмд биднийг бухимдуулж байгаа бүхэн тодорхой хувиар буурах болов уу. Ийм нэг санал байна. Хотын дарга болон уншигч танд ямар санал байна вэ.
Х.Өнөржаргал
Монголын мэдээ
URL: