Х.Тэмүүжингийн эсрэг хөдөлсөн хурандаа нарыг төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархсан гэж тагнуулаар шалгуулахаар боллоо

18230c2a681893b4originalЦЕГ-ын шинэ дарга томилогдсоноос хойш нэлээн бужигнаантай байна. Өнгөрсөн баасан гаригт шинэ дарга тэргүүн комиссар С.Баатаржав Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрыг хуралдуулж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн эсрэг хөдөлсөн гэх хурандаа нар болон зарим газар хэлтсийн дарга нарыг шалгах үүрэг чиглэл өгсөн.

Ингээд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Эрүүгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Н.Ууганбаяр, дэд дарга Б.Ариунболд, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Мөн мөрдөн байцаагч Аадарсүхийг цалингийн тодорхой хувиар торгож сануулга өгчээ.

Тэр ч бүү хэл ЦЕГ-аас дээрх хурандаа нарыг ТЕГ-аар шалгуулахаар хандсан гэж эх сурвалж мэдээллээ. Тэднийг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлээр шалгахаар бэлтгэж байгаа бололтой.

Учир нь Ц.Батсүх, Н.Ууганбаяр, Х.Доржсүрэн, Б.Ариунболд нарыг ЦЕГ-ын дарга асан Б.Билэгттэйгээ хамтран Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдын суудлаас унагахын тулд 19 настай Г.Сарангэрэл охиныг “өгөөш” болгон ашигласан гэж ярих болсон юм. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 2-ны шөнө Г.Сарангэрэл нарын дөрвөн охиныг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэж байхад нь эрүүгийн цагдаагийн ажилтнууд саатуулсан байдаг. Улмаар цагдаагийн байгууллагаас Г.Сарангэрэлийн утаснаас Хууль зүйн сайд Х.Тэмүүжин руу 70, 80 удаагийн дуудлага хийгдсэнийг тухайн оператор компаниар нь шүүлгүүлэн тогтоосон юм. Харин уг дуудлагыг Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар эрүүгийн цагдаагийн ажилтнуудын хийсэн зохион байгуулалттай ажиллагаа гэж мэдэгддэг. Учир нь Г.Сарангэрэлийг хар тамхи хэрэглэж байхыг үйлдэл дээр нь баривчилсан цагдаа нар биед нь үзлэг хийж, бүх эд зүйлийг хураан цагдаагийн хэлтэст саатуулсан гэдэг. Энэхүү асуудлыг шалгуулахаар хурандаа нарыг ЦЕГ-ын шинэ дарга С.Баатаржавын тушаалаар ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст шалгаж байна. Ингээд хурандаа нарыг ТЕГ болон ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэс гэсэн хоёр газар зэрэг шалгаж эхэлжээ.

Харин тэдний орны хүмүүсийг ЦЕГ-ын шинэ дарга С.Баатаржав өчигдөр томиллоо. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар хурандаа Б.Амгаланбаатарыг, Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт хариуцсан орлогчоор Ц.Арвинбуудайг, Гүйцэтгэх ажиллагаа хариуцсан орлогчоор хурандаа Д.Энхбаярыг томилсон байна. Эдгээр шинэ албан тушаалтнуудыг Хууль зүйн сайдын Х.Тэмүүжингийн шинэчлэлийн бодлогыг дэмжих “багийнхан” гэж ЦЕГ-ын дотоод эх сурвалж мэдээлж байна.

Хурандаа Ц.Арвинбуудай нь өмнө нь ЦЕГ-ын дарга асан, генерал Д.Сандаг-Очирын үед УМБГ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, харин сүүлийн хэдэн жил ЦЕГ-т Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хийж байжээ.

Н.Энхбаяр нь Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, Булган аймгийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм байна. Мөн АТГ-тай тэмцэх газарт шалгагдах дээрээ тулж байсан гэж эх сурвалж тодотгов.

Б.Амгаланбаатарын хувьд Хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлсэнээс болж албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан гэнэ. Тэрээр ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн мөрдөн байцаах газрын даргаар ажиллаж байжээ.

Мөн ЦЕГ-ын шинэ дарга С.Баатаржав Цагдаагийн албаны тухай хуулийг баримтлан хууль зүйн сайдын бүтцэд огт байгаагүй УМБГ, ЭЦГ-ын даргын албан тушаалыг үгүй болгожээ.

Ийнхүү ЦЕГ-ын халаа сэлгээ, томилгоо, шалгалт үргэлжилж байна. Цаашид ч энэхүү халаа сэлгээ, хардлага сэрдлэгийн ажил үргэлжлэх бололтой. Мөн ЦЕГ-ын дэд даргын суудал эзгүй байгаа юм. Дэд даргыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин томилно. Х.Тэмүүжингийн дараагийн томилгоо хэн байх вэ гэдэгт олон хүн анхаарлаа хандуулж байна.

Б.Чимэг

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих