“Торгууль” О.Магнай сангийн сайд Ч.Улааныг 960 мянган төгрөгөөр торгосон гэв үү
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар / ШӨХТГ/-ын дарга О.Магнай Сангийн сайдыг торгох шийдвэр гаргасан нь бусдад содон байгаа бололтой. Сангийн сайд Ч.Улаан төрийн өмчит их, дээд сургуулиудын захирлуудад “Санхүүгийн үйлчилгээ буюу сургалтын төлбөр тооцоог банкаар шилжүүлэх үйлчилгээг Төрийн банкаар түлхүү авах хэрэгтэй” гэсэн даалгавар өгчээ.
Сайдын уг даалгавар Өрсөлдөөний тухай хуулийн 13.2-т заасан “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Мөн 13.2.1 aж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан, 13.2.7 Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэж ШӨХТГ-аас үзсэн байна.
Иймд хуулийн заалтыг үндэслэн Сангийн сайд Ч.Улаанд 960 мянган төгрөгийн торгуулийн шийдвэр ногдуулсан байх юм. Үнэхээр ойрын өдрүүдэд орон нутгаас оюутнууд ирчихсэн сургалтын төлбөрөө банкинд шилжүүлэх гээд банкны аль ч салбарт орсон хөл хөдөлгөөн ихтэй байна.
Тэгвэл дээрх байдлаас харахад Төрийн банк бүр ч илүү ачаалалтай байгаа бололтой. Харин “торгууль” О.Магнайгийн шийтгэвэр хэзээ биеллээ олж улсын төсөвт Сангийн сайдын торгуулийн 960 мянган төгрөг шилжих бол.
Учир нь О.Магнай дарга торгох албан бичиг үйлдэхдээ тун гарамгай нэгэн. Тухайн нэг албан газар, аж ахуйн нэгжийг торгох тухай албан бичиг үйлдсэн тухайгаа хэвлэл мэдээллийнхнийг дуудаж аваачиж байгаад тунхагладаг юм.
Тухайлбал, ШӨХТГ-аас “АПУ” хувьцаат компанийг 43 сая төгрөгөөр торгожээ” “Миний дэлгүүр”-ын сүлжээ салбаруудад шалгалт явуулахад ноцтой зөрчил илэрсэн тул 450 сая төгрөгөөр торгохоор боллоо” “Номин холдинг” ХХК иргэдээс нэг төгрөг завшдаг нь нотлогдсон тул нэг тэрбум 100 сая төгрөгийн торгууль ногдууллаа” зэрэг О.Магнай даргын торгуулийн айлдварыг олонтаа сонсч байв.
ШӨХТГ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг учраас дээрх торгуулийн мөнгө улсын төсөвт шилжих ёстой. Гэтэл “торгожээ” гэх мэдээлэл хэвлэлээр гардаг ч торгуулийн мөнгө шилжсэн эсэх нь тодорхойгүй өнгөрдөг.
О.Магнайг “торгууль” гэж тодотгохын учир үүнд байгаа юм. Цаашлаад шатахуун импортлогчид үгсэн тохиролцож үнээ нэмсэн гэх үндэслэлээр ШӨХТГ-аас тэдэнд 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж байв.
Жишээлбэл, “НИК” компанийг зургаа, “Магнай трейд”-ийг 4.5 , “Сод Монгол”-ыг хоёр, “Жаст ойл” компанийг нэг тэрбумаар торгох шийдвэр ногдуулсан байдаг. Тухайн үедээ О.Магнай даргыг иргэд “Сайн ажиллаж байна” хэмээн сайшааж байсан.
Гэтэл энэ мөнгө өнөөдөр, өчигдөр, өнгөрсөн жил улсын төсөвт шилжих нь байтугай ШӨХТГ-ыг шүүхэд өгөхөд хүргэсэн. Энэ маягаар О.Магнай дарга иргэдэд ажил хийсэн болж харагдаж байгаа учраас эрхээ зөрчүүлсэн болон хууль бус үйлдлийн талаар иргэд “Алтан хошуу” хүргэдэг юм байна.
Харин цаадах байгууллагууд нь ШӨХТГ-тай шүүхдэлцэхдээ тулж байгааг харахад О.Магнай дарга “хов”-оор шийдвэр гаргадаг юм болов уу гэх хардпага төрүүлж эхэлж байгаа юм. Гэхдээ ШӨХТГ-аас торгуулийн арга хэмжээ авсан гэх байгууллагууд үнэхээр иргэдийн эрх ашгийг зөрчиж байдаг.
Харин торгуулийн хуудас хэр хүчин төгөлдөр хэрэгжиж, хэдэн төгрөг улсын төсөвт орж байна вэ гэдэг нь эрхгүй анхаарал татна. Түүнээс биш О.Магнай дарга торгох шийдвэр гаргасныхаа төлөө бусдад ихийг хийсэн мэт харагдаж, торгуулсан гэгдэх байгууллагууд нь үүний цаана үлдсээр байвал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэхэд ичмээр байна.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: Монголын үнэн
URL: