”Шунхлай” ШТС-ын түгээгчийн аминд ноцтойгоор халдсан хэрэгт нэг хүнийг саатуулжээ
Төв аймгийн Зуунмод хотод “Шунхлай” шатахуун түгээх станцын түгээгчийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ.
Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд энэ сарын 17-ны ням гаригт 23:45 цагийн орчимд нэгэн иргэн шатахуун авах гэж очоод түгээгч эмэгтэйг амиа алдсан байхыг харж дуудлага өгчээ. Ирсэн дуудлагын дагуу Төв аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн албан хаагч нар хэргийн газарт очиход шатахуун түгээгч 35 настай Ц-г хүзүү, хэвлийн тус газарт нь хутгалж амь насыг нь хөнөөж, орлогын мөнгө болох сая орчим төгрөгийг нь аваад зугтжээ.
Уг хэрэг гарснаас хойш хагас сар өнгөрөхөд хууль хяналтын байгууллагынхан гэмт этгээдийг олоогүй байна. Төв аймгийн цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагч нар хамтран орон даяар эрэн сурвалжлах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм.
Зарим эх сурвалжийн мэдээллээр энэ хэрэгт холбогдуулж өнгөрсөн долоо хоногт нэгэн залууг сэжиглэн 72 цаг саатуулсан байна. Гэвч түүнийг уг хэрэгт холбогдолгүйг цагдаагийн байгууллагынхан холбогдох шинжилгээ, бусад нотлох баримтаар тогтоосон аж.
Хэргийн газарт гэмт этгээд хэд хэдэн баримт үлдээсэн бөгөөд түүнийг шинжилж үзэхэд сэжигтнээр татсан залуугийнхаас тэс өөр дүн гарсан учраас саатуулагдсан залууг гурав хоногийн дараа суллажээ.
Мөрдөн шалгалтын явцад гэмт этгээд ШТС-ын хажуугийн зуслангийн байшинд компьютерийг эвдэж, хард дискийг нь аваад цонхоор гарч, хойд зүгт гүйн явган гүйсээр Хустайн даваан дээр гарч, цааш автомашинд сууж явсан болохыг цагдаагийн байгууллагынхан тогтоогоод байгаа. Тиймээс Хустайн даваа орчмоос 2014 оны наймдугаар сарын 17-18-нд шилжих шөнө сэжиг бүхий этгээдийг суулгаж явсан автомашины жолооч, эсвэл сэжигтэй машиныг харсан хүн Төв аймгийн Цагдаагийн газарт хандаж мэдээлэл өгөхийг тус газраас хүслээ.
Г.Ганчимэг
mongolcom.mn
URL: