Цэцэрлэгийн бизнес буюу намрын синдром
Жил бүрийн намар цэцэрлэгийн бүртгэл эхлэхэд “Хоёр настай 30 хүүхэд авна. Гурван нас хүрсэн бол авахгүй” гэдэг. Гэтэл нэг цэцэрлэгийн үүдэнд л наймдугаар сарын 15-наас эхлээд энэ жил хоёр нас хүрсэн 100 гаруй хүүхдийн эцэг эх өдөр шөнөгүй дугаарлаж зогсдог дүр зураг хэдийнэ танил болчихжээ. Ингэж дугаарлаж зогсч байгаа эцэг эхчүүд өөрсдөө 2-3 цагийн зайтай бүртгэл хийгээд амжиж ирээгүйг нь хасах юмуу арагшаа дугаарлалтыг нь шилжүүлээд явна. Гэхдээ энэ нь албан ёсоор гаргасан дүрэм биш. Эцэг эхчүүд өөрсдөө л ийм журам тогтоосон хэрэг. Тэднийг тараахын тулд цагдаа дуудаад ч нэмэргүй. Цагдаа ирлээ гээд хэн нь ч дугаарлалтаа алдаж “намба алдахгүй”. Харин жинхэнэ хэл ам, хэрүүл шуугиан наймдугаар сарын 25-ны өглөө болдог юм. Өчнөөн хоног дуугарлаж зогсчихоод хүүхдээ оруулж чадахгүй нь хамгийн том асуудал. Өөрөөр хэлбэл, хоёр настнуудын олонхи нь цэцэрлэгт орж чадалгүй шоовдорлогдож үлдэнэ.
ЦЭЦЭРЛЭГГҮЙ ХОЦРОХ ХОЁР НАСТНУУД ХӨӨРХИЙ
Уг нь Монгол Улс 1990 онд буюу 24 жилийн өмнө НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенцид нэгдэн орсон дэлхийн тав дахь орон байжээ. Өнгөрсөн цаг дээр бичиж байгаагийн учир нь манай улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Конвенцийн 28.а зүйлд бага болосвролыг үнэ төлбөргүй, заавал эзэмшүүлэхээр заасан байдаг. Товчхондоо хүүхэд бүр нийгмийн гарал, үндэс угсаа, шашин шүтлэг, эд хөрөнгөөсөө болж ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Гэтэл өнөөдөр Монголд хоёрхон настай балчир үрсийнхээ эрүүл аюулгүй орчинд хүмүүжиж хөгжих эрхийг нь маш бүдүүлгээр боомилж байна. Тухайлбал, ийм дүр зураг нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн дурын нэг хороог сонгон очиход л харагдаж байлаа.
Баянзүрх дүүргийн XXIII хороонд сургуулийн өмнөх боловсрол эзэмших ёстой 1200 хүүхэд бий. Гэтэл энэ хороонд байгаа ганцхан улсын цэцэрлэг нь 365 хүүхэд л хүлээн авах хүчин чадалтай. Тиймээс 10 хоногийн турш өдөр шөнөгүй дараалалд зогссон хоёр настай 100 гаруй хүүхдийн эцэг эхчүүдийн олонх нь хаалганы цаана хоцорсон юм. Өөрөөр хэлбэл, тэдэнд хонгилын үзүүрийн гэрэл байтугай дөл ч сүүмэлзэж харагдахгүй. Ингээд эцэг эхийн аль нэг нь гэртээ хүүхдээ харахын тулд “сайн дураараа” ажилгүйчүүдийн эгнээнд шилжих сонголтыг хийхээр боллоо. Энэ хэрээр тус хороонд ажилгүйдэл, ядуурал өндөр хувьтай байх нь тодорхой. Цаашлаад дүүрэг, хот, улсаараа ийм л статистик гаргах нь ойлгомжтой юм.
Ингээд тус хорооны нутаг дэвсгэр дээр байдаг VI цэцэрлэгт 10 хоногийн турш өдөр шөнөгүй дугаарлаж зогсоод хүүхдээ оруулж чадаагүй эцэг эхчүүдийн төлөөлөлтэй ярилцсанаа хүргэе.
Б.Золжаргал:
ЯДУУРЛЫН ҮНДЭС БОЛЖ БАЙНА
-Манай хороонд энэ жил цэцэрлэгт орох ёстой хоёр настай 40 хүүхэд үлдчихээд байна. Энэ жил цэцэрлэгт оруулж чадаагүй хүүхдүүдийг ирэх жил гурван нас хүрэхээр авахгүй. Сургуульд ортлоо гэртээ үлдэх гээд байна. Ингэхээр хэн нэг нь хүүхдээ хараад гэртээ суух болдог. Ажил, орлогогүй суухаар ядуурлын үндэс эндээс гарч ирж байна шүү дээ.
Р.Сэвжид:
ОДОО 30 ХҮҮХЭД АВСАН Ч ХАВАР 60 БОЛЖ ТӨГСДӨГ
-Уг нь жил бүр хоёр гэр барьдаг. Харин одоо нөхцөл байдалдаа тохируулан цэцэрлэгийн гаднах талбайг ашиглаад гэр цэцэрлэгээ нэмж болдоггүй юм уу гэдэг саналтай байна. Нөгөөтэйгүүр, одоо 30 хүүхэд авлаа ч хавар 60 л болж төгсдөг шүү дээ. Намрын элсэлт цөөхөн хэр нь хавар төгсөлт болоход хүүхдийн тоо олон болчихдог. Тэр хүүхдүүд ямар журмаар яаж орж ирдэг нь тодорхойгүй байна.
Ц.Эрдэнэчимэг:
ХАНДИВ ӨГӨӨД Ч ХАМААГҮЙ ХҮҮХДЭЭ ОРУУЛМААР БАЙНА
-Уржнан, ноднин нэг ангид дандаа 60-70 хүүхэд байсан. Гэтэл одоо 30 хүүхэд авна гэнэ. Үлдсэн 30 хүүхдээ хаагуур яаж авах гэж байгаа юм бэ. Есдүгээр сарын 1-нд очиход нэг ангид 30 хүүхэд байдаггүй. 50, 60, 70 хүүхэд болчихдог. Нуугдмал хэлбэрээр хандив өгч л ордог. Өнгөрсөн жил бэлтгэлд орох гэж байгаа хүүхдүүдийн хоёр анги төгсөөд гарчихсан байгаа. Нэг анги нь дунджаар 60 хүүхэдтэй л байсан. Гэтэл одоо яагаад 30 хүүхэд авч байгаа юм бэ. Ядаж хоёр настай хүүхдийн хоёр анги авмаар юм. Цэцэрлэгийн багш ажилчид “Хоёр дахин илүү ачааллаар ажиллаж байгаа” гэж тайлбарласан. Тэгвэл яагаад 30-хан хүүхэд авч байгаа юм бэ. Хувийн цэцэрлэгүүд гадуур байна. 100 мянган төгрөгийн төлбөртэй нь хоол ч үгүй, гал ч үгүй. 300, 400 мянган төгрөгийн төлбөртэйд нь боломжтой айлын хүүхэд л явна. Баргийн айл тэнд хүүхдээ өгөх боломжгүй шүү дээ. Сар бүр үндсэн цалин нэрээр даатгал, татвараа өгөөд 300 мянган төгрөгийг хоёр хувааж гар дээрээ авч байгаа хүмүүс яахаа мэдэхгүй болчихлоо. Тиймээс ачаалал ихтэйг нь ойлгож байгаа ч нэг удаа хандивыг нь өгөөд ч хамаагүй улсын цэцэрлэгт л хүүхдээ өгмөөр байна.
П.Гэрэлмаа:
НЭГ ХҮҮХЭД 300 МЯНГА, ИХЭР ХҮҮХЭД 500 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬТАЙ
-Энэ цэцэрлэгт харьяаллын бус хүүхдүүд байдаг. Тухайлбал, дөрвөн настай бүлэгт Сүхбаатар дүүргийн хүүхэд бий. Анх өрхийн эмч нар вакцин хийхдээ мэдсэн юм билээ. Бодвол хахуулиар ордог байх. Өнгөрсөн жил 150 мянган төгрөгөөр хүүхдээ өгч байсан. Гэтэл энэ жил 300 мянгаар хүүхдээ өглөө. Нэг хүүхэд 300 мянга, хоёр ихэр хүүхэд 500 мянган төгрөг өгч орлоо гэж эцэг эхчүүд ярьж байсан.
СУВАРГА БИШ ЦЭЦЭРЛЭГ БОСГОЦГООЁ
Тус цэцэрлэгийн барилгыг 1975 онд барьжээ. Анх офицеруудын хүүхдүүдэд зориулж гурван бүлэгтэй цэцэрлэг барьсан нь энэ аж. Өнгөрсөн хичээлийн жилд VI цэцэрлэг 16 ангитай байжээ. Харин энэ хичээлийн жилд гурав нь хасагдаад 13 анги үлдсэн байна. Эндээс нэг нь унтлагын анги. Ингээд хоёр, гурав, дөрөв, таван настай хүүхдийн дөрвөн бүлэг энэ жил хичээллэх юм байна. Өөрөөр хэлбэл, хасагдлаа гэхэд дөрвөн бүлгийн гурав гурван анги үлдэх ёстой болов уу.
VI цэцэрлэгийн эрхлэгч Ц.Дэлгэрмаа үүнийг тайлбарлахдаа “Манай цэцэрлэг 2012-2013 оны хичээлийн жилд 16 бүлэгтэй байсан. Гэвч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийн дагуу манайхаас гурван бүлэг хаагдаж байгаа юм. Нэг ангийн унтлагын өрөөнд ямар ч зөвшөөрөлгүйгээр 24 цагийн бүлэг давхар дамжиж ордог. 60, 70 хүүхэдтэй анги байсан юм. Өөрөөр хэлбэл, нэг ангид хоёр ангийн 100 гаруй хүүхэд хичээллэж байсан. Тиймээс үүнийг энэ хичээлийн жилээс болиулж анхан шатны зориулалтаар нь ашиглахаар болсон юм. Үүнийг эцэг эхчүүд ойлгохгүй байна л даа” гэв.
Мөн тэрээр “Манай цэцэрлэг 365 хүүхдийн хүчин чадалтай ч 570 хүүхэд явж байна. Энэ намар шинээр цэцэрлэгт орж байгаа хоёр настай 30 хүүхэд нэмэгдээд 600 хүүхэд болно. Гурван гэр цэцэрлэг бий. Гурвууланд нь хуучин явж байсан хүүхдүүдээ авчихна. Гэр цэцэрлэгт бага болон дунд, ахлан бүлгүүд хичээллэдэг. Нэг бүлэгт 25 хүүхэд авах ёстой ч бас л даац хэтрүүлж 30 хүүхэд авдаг. Зарим бүлэг 60 хүүхэдтэй байгаа” хэмээн нэмж тайлбарлав.
Цагаан гартай, бараан костюмтой түшмэдүүд “Улсын цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа. Хувийн цэцэрлэгт өгч болно” гэж цэцэрхсэн хариулт өгдөг. Гэтэл бүхэл бүтэн хоёр жилийн турш гэртээ хүүхдээ харж суусан хүнд ямар хэмжээний мөнгө байх бол. Хувийн цэцэрлэгийн төлбөр нэг сарын 100-500 мянган төгрөг байна. Арай хямд гээд 100 мянган төгрөгийн төлбөртэй цэцэрлэгт өгөх гэхээр эрүүл ахуй, чанар стандартын асуудал хөндөгдөх юм. Болиод 350 мянгаас дээш төлбөртэйд нь өгөх гэхээр эцэг эхийн бяр хүрэхгүй байгаа нь дээрх яриануудаас ойлгогдож байгаа болов уу.
Дашрамд өгүүлэхэд, бизнесмэн, урлаг соёлын одууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөө суварга биш цэцэрлэг босговол жинхэнэ буян болох юм байна. Учир нь улсын цэцэрлэгт хүүхдээ оруулчих гэсэн сонирхол дээр тоглож, хэдхэн сая биш хэдэн тэрбумаар тоологдох далд эдийн засаг хэдийнэ үүсчихчээ. Нэг хүүхдийн 300 мянга, ихэр хүүхдийн 500 мянган төгрөгийн хандиваар эсвэл хахууль юу ч байлаа энэ жил улсын хэмжээнд 197 мянган хүүхэд цэцэрлэгт орлоо. Харин хавар төгсөхдөө хэд болж нэмэгдэхийг хэн ч таашгүй.
Г.Ганчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: