Сэтгүүлч хүнд хүн чанар, үндэсний эрх ашиг хамгийн хэрэгтэй

СэтгүүлчСэтгүүлчийн хөдөлмөр гэдэг уурхайчны дараа ордог хүнд хүчир хөдөлмөр байдаг гэдэг. Энэ харьцуулалтын цаана ажлын хүнд хөнгөн гэхээсээ илүүтэйгээр аюултай, эрсдэлтэй тал илүү байгаа  нь мэдээж. Уурхайчид “үхвэл гомдолгүй шүү” гэж гарын үсгээ зурж өгөөд цооног руу ордог гэдэгтэй адил сэтгүүлчид ямар аюул руу хөл тавьдаг вэ гэдгийг дэлхий нийтээрээ сая харлаа. Сирид ажиллаж байсан америк сэтгүүлч залууг цаазалж байгаа бичлэгийг лалын хэт даврагчид интернэтээр цацсан. Дэлхийн халуун цэг болсон Сирид ажиллаж байгаад барьцаалагдаж, улмаар цаазлуулсан сэтгүүлчийн ээж “Дуртай мэргэжлээрээ ажиллаж, эрэлхэг зоригтой тулалдаж, Сирийн ард түмний зовлон зүдгүүрийг дэлхий нийтэд таниулах гэж яваад амиа алдсан хүүгээрээ  бахархаж байна” гэж хэлсэн нь дэлхийн өнцөг булан бүрт ээжүүдийг уйлуулж байна. Энэ бол Америк бахархал, Америкийн ард түмний эрх ашиг. Цаазлуулсан залуу шиг эрэлхэг зоригтой сэтгүүлчид Сирид галын шугам дээр ажиллаж, юу болоод байгааг үнэн бодитоор нь дэлхий нийтэд хүргэсээр байна. Дэлхийн мэргэжил нэгтнүүдтэйгээ адил Монголын сэтгүүлчид ч мэргэжлийн үүргээ биелүүлэхээр ажиллаж байгаа гэдэгт бид итгэж байна.

Нөгөө талаар сэтгүүл зүй бол дөрөв дэх засаглал гэдэг. Тэр утгаар нь авч үзвэл нийгмийн амьдралын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд сэтгүүлчид зайлшгүй орно. Тэгэхээр сэтгүүлч гэдэг тун их алдар хүнд, нэр төртэй, бас дээрээс нь эрх мэдэл бүхий ажил мэргэжил болж таарч байгаа юм.

Дээхнэ “…Сониноор дарга, ялаа хоёрыг алж болдог” гэсэн хэлц байлаа. Одоо ч хэвээрээ. Алж болдог…гэдэг айхтар үг. Босч ирэхгүй болтол нь гэсэн үг. Дээрх сэтгүүлчийн эрх мэдэл, нэр нөлөө… гэсний илэрхийлэл энэ мэтээр гарч ирнэ. Харин энэ зэвсгээрээ өөрийн эх орноо, Монголын ард түмний бахархалыг, үүх түүхээ алж болохгүй. Бидэнд нийтэлж болох болохгүй олон шалтгаан байгааг байнга санах хэрэгтэй.

Ингээд бодохнээ, сэтгүүлч хүн хэн нэгнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ намнах гэвэл дурынх нь хэрэг ч болж мэдэхээр байгаа юм. Гэхдээ сэтгүүлчид өөрийн ёс зүйн дүрэм, олон улсад баримталж мөрддөг элдэв факт, журмууд байдаг ажээ. Монголын сэтгүүлчид 2005 оны гуравдугаар сарын 11-нд хуралдсан Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийнхээ II Их хурлаар “Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчим” гэгчийг батлан гаргаж байж. Арван зүйл бүхий уг зарчим нь “Мэдээлэл авах, үг хэлэх эрх чөлөө бол хүний үндсэн эрх гэдгийг дээдэлж, сэтгүүлчдийн эрх үүргээс нийгмийн өмнө хүлээх хариуцлага ямагт дээгүүр байх ёстойг эрхэмлэж…”хэмээн эхэлж байна. Хамгийн гол нь энэхүү зарчмын Хоёрдугаар зүйлд “…Бусдыг гүтгэх, доромжлох,нэр гутаахыг цээрлэнэ, …Өөрийн болон бусдын эрх ашигт зохицуулан баримтыг санаатайгаар мушгин гуйвуулахаас зайлсхийнэ…” гэжээ.

Энэ бол шууд утгаараа “Сэтгүүлч хүнд хүн чанар байх ёстой” гэсэн үг гэж ойлгогдож байна. Нөгөөтэйгүүр бидний хэдэн хүн эрхэм сэтгүүлчдэд энэ журам зарчим, хамгийн гол нь хүн чанарыг сануулах нэгэн шалтгаан байгаа юм.

24 tsag.mn гэдэг мэдээллийн сайт бий. Харин энэхүү сайтаар сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын талаар зохион байгуулалттай гүтгэлгийн шинжтэй гэмээр элдэв мэдээллийг угсруулан цацах болсон нь жирийн уншигч бидэнд мэдрэгдээд эхэллээ.

Нөгөө талаар, 24 tsag.mn мэдээллийн сайтын иймэрхүү мэдээллүүд нь “Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчим”-ын Хоёрдугаар зүйлийг илтэд зөрчиж байна шүү гэдгийг ахмад хүмүүсийн хувьд сануулах гэсэн юм.

Монгол хүний элэг, сэтгэл гэдэг үхэлтэй өрсөлдөж, тэмцэлдэж байгаа нэгнийгээ хараад өрөвддөг энэрдэг дээ.  Бас хүний мууг хараад баярлана гэдэг чөтгөр болж байгаагийн шинж гэдэг үг ч бий.  Гэтэл Монгол Улсынхаа Ерөнхийлөгч байсан хүн, тодруулбал Н.Энхбаярын амь нас дээсэн дөрөөн дээр байхад энэ сайтаар “Н.Энхбаяр нууцаар идэж уугаад хэвтэж байна” хэмээн гүтгэн доромжилж, басамжилж, доог тохуу хийж,  дахин дахин бичиж байсныг хараад ямар харгис, хүмүүн бус, монгол хүнээс гарамгүй сэтгэл вэ хэмээн эрхгүй айдас төрж байсан билээ. Энд хувь хүний гэхээсээ Монгол Улс, Монголчууд бидний нүүр царай, өнгө зүс, хүнлэг зан чанарын илэрхийлэл харагдаад байгаа юм.

Бидний бодлоор, дөрөв дэх засаглал хэмээгдсэн тэр их нэр хүнд, эрх мэдлийг дагаад хариуцлага, хүн чанар хамтдаа оршиж байх учиртай болов уу… Ер нь сэтгүүлч хүний үзэгний үзүүрээр хүмүүний амьдрал, улс орны хувь заяаг эргүүлж ч болохыг мартаж боломгүй.

Яг үнэндээ Монголд өнөөдөр улс төрийн байдал тогтворгүй, ороо бусгаа болж, өрсөлдөгчдөө намнах гэсэн ашиг сонирхол хаа сайгүй тэнэж явна. Чухамдаа тийм адын хүслийг гүйцэлдүүлдэг зэвсгээрээ сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг сонгож, түүгээр дамжуулан элдэв гүтгэлэг, доромжлолоо нийтэд цацаж байгаа нь нууц биш.

Тиймээс сэтгүүлчид та бүхэн иймэрхүү сонирхолд хөтлүүлэлгүй, хэн нэгнийг гүтгэн доромжилсон захиалгат гүтгэлгүүдийг нь “Нийтлэхгүй…” хэмээн хүн чанар, сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн нэр хүндээ бодож, шударга  ёсыг сахихыг уриалж байна.

Монголчууд цөөхүүлээ, бидний Монгол Улс хүчтэй, чадалтай болохоор бэдэрсээр л, энэ бүхний төлөө зүтгэсэн, амьдралаа зориулж яваа хүмүүний амьдрал богинохон.

Шударга, бас хүнлэг байцгаая, сэтгүүлчид ээ.

 

 

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих