Луйврын пирамид настан буурлуудыг ангуучлах нь

Луйврын пирамидЭдийн засгийн дэлхий нийтийн хэлнээ анх “Цасан уруй” гэдэг нэршлээр орж ирсэн, мөнгө хүүлэх энгийн атлаа хүний сэтгэл хөдлөлийг тун гарамгай  ашигладаг сүлжээний бизнес буюу луйврын пирамид хөдөөгийн өвгөд хөгшдийн тэтгэврийн хэдийг “саагаад” эхэлчихэж.

Хэдхэн бортого эм ургамал нь мэдэгдэхгүй зүйлийг өмнөө тавьчихаад аль нь, юунд сайныг нь ч мэдэхгүй хэрнээ өөрийгөө компанид ажилд орсон гэж хөөрч суусан өвөөгийн яриаг санах тутам сэтгэл өвдөнө.

“Тэтгэврээ авчихна. Цалингаа авчихна. Дээр нь энийгээ хэрэглэнэ. Энэ ажлыг хийх гэж зүдрэх юмгүй, биед огт амар. Бараагаа / хятад бичигтэй, ургамлын зурагтай хэдэн бортого зүйлээ хэлэв бололтой/ зарсан ч болно. Зарахгүй байсан ч хамаагүй. Мөнгө их олъё гэвэл арай өндөр үнээр зарна. Хямдхан өгсөн ч зүгээр. Олон хүн  элсүүлбэл бүр их мөнгө олно. Гэхдээ хүн элсүүлэхгүй байсан ч болно…”

Хөх хүрээ татсан нүд нь тоож яриа өдсөнд урамшив уу, “ажил” гэж андуурсан бизнесийг нь сонирхох хүн таарсанд урамшив уу хэрдээ золбоотой болж, дуу хоолой нь үе үе чангаран, ар араас нь  яаран урсгана.

Насаараа ажил хамт олон дотор яваад ирчихсэн хөгшчүүлийн хувьд “тэтгэврийн хөгшин” гэдэг үг сэтгэлд нь хүйт даах харангын дуу байдгийг бид яахан анзаарах билээ. Өвөөгийн яриа ч ийм төрлийн хөгшин гэдгийг нь илтгэнэ.

Таны энэ бүтээгдэхүүн юунд сайн гэлээ гэж асуухад минь “юм юманд сайн” гэж хурдхан хариулж байх юм. Яг юунд сайн юм гэхээр “Мэдэхгүй ээ, мэдэхгүй” гэж дуу нь намсана.

“Өвөө та энэ сүлжээндээ хэдээр эхэлж орсон юм бэ?” гэхэд “Энэ чинь сүлжээ биш компани гээд байхад даа. Сүлжээ биш гэсэн юм чинь” гэж унтууцсанаа үргэлжлүүлэн “Би компанидаа тэтгэврийн зээлээ авч байгаад 1 сая төгрөгөөр хөрөнгө оруулсан. Манай компани хүнийг төд өд гэж тоо хэлэхгүй. Нэг саяар ч хөрөнгө оруулж болно. Таван саяар ч болно. Бүр байрны хүсэл мөрөөдөлтэй ажиллах юм бол хорь гучин саяар ч эхэлж болно” гэж мөн л хөөрөн ярина. Бортоготой хэдэн эмнийх нь хажууд хэдэн гарын авлагархуу юм харагдана. /Эм л гэхээс. Яг юуг нь өвөө ч үзээгүй гэсэн/

Хэдэн сарынхаа тэтгэврийг зээлэн байж авсан хэдхэн хайрцаг бараагаа мэдэж байгаа ч юм алга. Мэдэхгүй байгаадаа харамсаж байгаа ч юм алга. Өвөөгийн хувьд одоогоор ажилтай хүн гэдэгтээ их л урамтай…

Тэр компани гэж нэрлээд байгаа явуулын хэдэн хүний үгэнд яасан ч их итгэж байх юм. Тэгээд хот руугаа буцаад олдохоо больчихвол хаанаас олох хүн юм.

Одоогоор өвөө дороо мөн л гурван хөгшин элсүүлсэн гэнэ. Харин үүндээ 130 000 төгрөгний цалин авсан гээд хачин урамтай. Цалин гэж дээ, үнэндээ өвөөгөөс авсан сая төгрөгнөөсөө жаахныг л буцаасан төдий. Иймэрхүү байдлаар тэтгэврийн хэд дээр нэмэгдэл цалин аваад амьдралд их үүрэг хүлээдэг, хүнд нэмэртэй хүн л болох гэсэн юм байх.

“Он дуустал хүн элсүүлэхгүй байсан ч урамшуулал олгоно гэнэ. Харин он дуусахаар хүн элсүүлэхгүй л бол цалингүй. Гэхдээ бараагаа худалдаж аваад зараад байж болох юм чинь гайгүй ээ”

Хөгшний энэ үг намайг бараг уйлуулах нь тэр. Нэлээн хатсан хэдхэн боорцог ааруул төдийхнөөр таваглан, хоол хийх нойтон махгүй суусныг нь бодохоор эмтэрмээр. “Манай компани” гэж ирээд өөриймсөг гэгч нь танилцуулсан явуулын хүмүүсийн элсүүлсэн сүлжээнийх нь ирээдүйг ямар ч маркетинг мэдэхгүй адгийн би тооцоолсон ч дэндүү алдангитай нь илт байх юм. Тэр элссэн мөнгөөрөө харьж яваа тамир муутай биеэ тойлсон бол хичнээн сайхан байхсан даа. Энэ өвгөний урамтай баяртай байгааг хараад өр өвдөн, самсай шархирч, үнэндээ үнэнийг хэлэх зориг дутаж байлаа. Мөнгө төгрөгний алданги хохирол ч бүр дүүрч. Буцаж яваа насандаа хүүхэд шиг хөөрсөн энэ их урам нь хугарвал угаасаа мордоход ойртсон эргэж ирдэггүй мөнхийн аянд явчихыг ч хэн мэдлээ.

Настай хүний энэ их урмыг ядаж би хугалахгүй байх минь. Баяртай гэхээс өөр хэлэх үг олдолгүй аймгийн төвөөс хөдөлж суманд ирэхэд би бүр ч өрөвдмөөр буурлуудын тухай дахин чих дэлсэв.

Өнөөх л хэдэн бортоготой эм. Аанай л хөгшчүүл. Доод тал нь нэг сая төгрөгөөр компанидаа хөрөнгө оруулж. Бас л тэтгэврийн зээлээрээ. Энэ суманд элссэн хөгшчүүлийн хувьд бараа бүтээгдэхүүнийхээ талаар бүр юу ч мэдэхгүй сууна. Цэвэрлэдэг цай гэсэн. Үс ургуулдаг тос л гэнэ. Зарим нь биш л гэнэ. Хятад бичигтэй энэ бараануудынхаа талаар ерөнхийдөө хөгшчүүл “юм юманд л сайн” гэхээс өрөөр хэрэглэж ч үзээгүй, зарим нь задалж ч үзээгүй байв. Тэгсэн хэрнээ одоогоор тэр нутагт “Золиг гэж. Хэдэн малтай ноцолдож байгаад би хоцорчихлоо” гэж харамсах хөгшчүүл ч байна л гэнэ.

Буурлуудын минь тэтгэврийн хэдийг төдийгүй хүүхэд шиг жаахан юманд хөөрдөг сэтгэлийг нь ч луйвардах энэ “явуулын сүлжээ” /хотоос ирсэн хүмүүс элсүүлээд буцсан болохоор  нь ингэж нэрлэв/  хаанахын ямар компани, ямар маркетингтай, ямар бараа бүтээгдэхүүн байгааг энэ удаад судлах боломж гарсангүй.

Гагцхүү өвөр дээр нь ач зээ нь дэрвэж байдаг бидний амин аав ээжүүд минь луйврын пирамидын занганд орчихвий гэж сануулахыг зорилоо.

Долоо хэмжиж нэг огтолдог хөгшид минь биш бил үү? Цаг цэвүүн боллоо гэхдээ харийн бэлдмэлийг харалгүй хэдэн мөнгөө тоолж суух ч гэж дээ.

Ёстой л “Хангай нутгийн намар сэм сэмхэн наашлахад харьж яваа насандаа гэнэ гэнэхэн хорогдох нь уу даа… Хүний нутгийн намар хүйс хүйсхэн ойртоход хувь дүүрэн амьдралдаа жаахан жаахан хорогдох нь ээ дээ…” гэсэн аавын минь шүлгийн сүүлчийн мөрүүдийн утгыг тайлах мэт буурлууд минь ингэн ингэн амьдралаас урам горьдон хорогддог байх нь.

 

 

Ч.Өлзийням /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих