Давилуун сайд нарт даруулга хэрэгтэй болжээ

73fed4490e1d728aoriginal“Далан настанд даруулга хэрэгтэй” гэсэн үг бий. Үүнтэй адил Ардчилсан намын залуу бөгөөд хэгжүүн сайд нарт даруулга хэрэгтэй байдаг, яах вэ. Уг нь шинэ цагийн Монгол Улс шинэчлэгдэх ёстой юу гэвэл мэдээж тийм.

Гэвч шинэчлэл гэдэг үгийнхээ утгыг бүрэн ойлголгүй дайралт хийсээр өдийг хүрсэн сайдын суудалтай залуус үнэндээ салбар бүрт саад болж буйг амтай бүхэн ярих болов. Үнэндээ валютын ханшийн өсөлт, үнийн хөөрөгдлөөс эхлээд утаа угаар, Туулын бохирдол, элсний нүүдэл, байгалийн цөлжилт, сэтгэлийн мөстлөг, шашны мунхруулга гээд уур бухимдал төрүүлсэн дэндүү олон асуудал биднийг нөмөрчихөөд байгаа. Бүр сүүлдээ энэ олон бэрхшээлийнхээ аль нь чухал, аль нь чухал бусыг ялгаж салгах аргагүйд хүрэв. Тэр ч бүү хэл төрийн сайд нар нь хүртэл тендер чухал уу, төмөр зам чухал уу гэдгээ ялгаж салгаж чадахгүй байдалд ортлоо биеэ тоож, мухардалд оржээ. Уг нь мунхаг ухаанаар бодсон ч төрийн сайдын ёс зүй хийгээд ажлын харицлага гэдэг зүйл байх учиртай.

Ийм байтал бүхнийг “шинэ” болгох мөрөөдөлтэй намын шинэ залуу боловсон хүчин болсон сайдууд нь сэжигтэн, яллагдагчтай холбоо тогтоох, жигдхэн хувцсаар дэлхийн боловсролыг төсөөлөх, олон нийтийн цахим сүлжээг нүд цавчилгүй ширтэн сууж өс санах, аялал жуулчлалын салбарыг амьтны араг яс төдийхнөөр төсөөлөх нь энүүхэнд болжээ. Ёстой л албан тушаал хүнийг эвдэж, нүдийг нь сохолдог тухай сонгодог жишээ энэ бололтой юм. Одоогоос яг арван жилийн өмнө УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, техник технологиороо дэлхийд тэргүүлэгч, өндөр хөгжилтэй Япон улсад боловсрол эзэмшсэн нэгэн хүү “Намайг гишүүнээр сонговол та бүхэнтэй хамт гэр хороололд амьдарна” гэж чанга дуугаар хэлж чадсан эр хар зоригтон бол Лу.Гантөмөр билээ. Энэ цагаас хойш УИХ-ын чуулганы том хүрэн сандал дээр суух эрхийг гурван удаа Сүхбаатар дүүргийн иргэдээс авч, өдгөө төрийн сайд болтлоо дэвшив. Мэдээж түүнийг сайдын тамга атгахад Япон боловсролоос гадна “Түмний мөнгийг хэмнэнэ, дарга нарын тансаглалыг зогсооно” гэсэн бүтээлч санаа нь дэм болсон нь дамжиггүй. Түүнийг боловсролын салбарт шинэ хандлага үүсгэж чадах улстөрч гэдэгт ч эргэлзэхгүй хүн цөөнгүй байсан юм.

Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд тэрбээр их, дээд сургуулиас эхлээд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын дарга нарыг сольж, хүүхдийн хувцсыг жигдрүүлж шинэчиллээ. Мөн сургалтын төлбөрийн нэмэгдлийг тэвчээд суухаас өөр сонголт байхгүй гэдгийг иргэдэд өчигдөр ойлгууллаа. Япон боловсролтой сайдын нөлөөгөөр яг одоогийн байдлаар аав, ээжүүд их, дээд сургуулиудын төлбөрийг өнгөрсөн жилийнхээс 20 гаруй хувиар нэмж төлж байна. Тэрбээр “Ном” гэдэг сайхан нэртэй хөтөлбөрийг санаачилсан.

Нэр томьёоны хувьд ч тэр, өөлөх зүйлгүй сайхан санаа. Гэтэл энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүд өөрсдөө ном хийж байна гээд баахан гоёл чимэглэл нааж, гар урлалын дамжаа болон үндсэн үүргээ умартсан. Гэвч энэ бүхний ард боловсролын тогтолцоонд шинэ зүйл гарсан уу гэвэл үгүй. Муугүй гадарладаг уран зохиолын хичээлээр жишээ авахад “Аватор”, “Харри Поттер”, “Бөгжний эзэн” зэрэг киног аль хэдийнэ чамлаж, хайр сэтгэлээ илэрхийлсэн мессэж “савж” яваа 15 настай хүүхдүүдэд Өвөрмонголын зохиолч Аминбөхийн Одсэрийн “Алмасын дуу“ нэртэй аль эртний хийгээд айхтар үзэл сурталжсан өгүүллэгийг унш гэж шахсаар л байна. Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж нарын шилдэг бүтээлийг задалж тайлбарлах боломж олгохын оронд хэдэн онд Төрийн шагнал хүртсэн болохыг нь чухалчилсан тестүүдээр толгой түрүүгүй бөмбөгдсөн хэвээр л байна. Цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл хүүхэлдэйн киногоор нь үзээд цээжилчихсэн С.Маршакийн ”Муурын байшин”, А.С.Пушкиний “Алтан загасны үлгэр”-ийг дөрөвдүгээр ангийн хүүхдүүдэд унш гэж зандарсаар л байна. Зөвхөн энэ цөөн хэдэн жишээнээс авч үзэхэд боловсролын салбарын шинэчлэл гэдгийг сургууль нэгтгэх, төлбөр нэмэх, захирал солих, дүрэмт хувцас өмсөхийг хүчээр тулгах төдийхнөөр төсөөлсөн нь тодорхой харагдаж байна. Тийм л учраас эцэг эхчүүд “Яагаад сургалтын төлбөр нэмэгдэж байгаа юм бэ” гэсэн жижүүрийн мэт боловч асар өргөн цар хүрээтэй асуултаар шинэчлэл хийдэг салбарын сайдыг хайр гамгүй нүдэж суугаа юм. Сургалтын чанартаа анхаараагүй атлаа төлбөр нэмэгдсэнд гайхсан иргэдийн асуултыг дамжуулсан сэтгүүлчийн өөдөөс салбарын сайд Л.Гантөмөр “Чи ийм зүйл ярих болоогүй” гэсэн хариултыг нүүрээ хувиргалгүйгээр хэлж сууна, ямар вэ? Үнэндээ түүнтэй адил нүүрээ хувиргалгүй мэдэмхийрч суудаг ичих булчирхайгүй залуу сайд “шинэ” Засгийн газарт цөөнгүй бий. А.Гансүх гэж сайд байх.

Тэрбээр уг нь тээвэр, замын хувь заяанд буурал толгойгоо чиглүүлж, уураг тархиныхаа орон зайг зориулах үүрэгтэй. Гэтэл “PC”-д донтсон хүүхэд гэдэг шиг компьютерийн дэлгэц ширтэж, твитер хуудаст хяналт тавихаас хэтрэхгүй болсон. Түүнийг албан тушаал горьдсон захын нэг иргэнтэй цахим орон зайд хэрүүл тэмцэл хийж, шүүхийн хаалга татаж явах хооронд Улаанбаатар-Дарханы чиглэлийн зам цөөнгүй иргэний “Алтан хайрцаг”-ийг цагаас нь өмнө нээлгээд амжсан. Аймгийн удирдлагууд “АЗЗА” тодотголтой компаниудаас ашиг олох үүд хаалга нь юу юугүй “нээлтээ” хийхэд хэдийнэ бэлэн болов. Үүний цаана транзит тээвэр, төмөр замчдын уур бухимдал, цариг дагасан хувь улстөрчийн цамнал гэх зэргээр толгой өвтгөсөн олон зүйл энэ салбарт бий. Бас л энэ бүхэнд төрийн сайдын ёс зүй хийгээд эр хүний зангараг дутав. Үгүй ядахдаа монгол эрсийн дунд байдаг барилцаж аваад дараа нь эвлэрдэг “заншил”-ыг тэрбээр дагасангүй. Тэгээд ч албан тушаал горилж, албан тушаалтныг буруутгах үзлийг төрийн алба нь төрлийн алба болтлоо хувирсан шинэ нийгэмд алийг тэр гэх билээ. Энэ бүхнээс гадна соёл, спорт, жуулчдын тоонд санаа зовох үндсэн үүрэгтэй гол яамны сайд Ц.Оюунгэрэл араг яс судлалын мэргэжилтэн, газар зохион байгуулалтын ажилтан болж хувирсан. Тиймдээ ч өдгөө чиг үүргээ өөрчлөн Т.Батаарын яам болтлоо хумигджээ.

Түүний энэ харалган бодлогын нөлөөг ашиглаж, Боловсролын сайд Л.Гантөмөр ямар ч тооцоо үндэслэл үгүйгээр “Авьяас” хөтөлбөр гээчийг хэрэгжүүлж ЕБС-уудын сурагч бүрээс концерт, урлаг соёлын үзвэрийн зүйл нэхэж байна. Өөрөөр хэлбэл, Боловсрол, шинжлэх ухааны сайд нь “Авьяас” гэдэг үгийн утгыг дуулж, бүжиглэх, жүжиглэх гэж ойлгож байна шүү дээ та минь. Үүнээс гадна төрийн яамдын ажлын чиг үүргийн хуваарилалт, уялдаа холбоо гэдэг амин чухал зүйлийг залуу сайд нар Монголын төрөөс арчиж орхив.

Д.Ганбаатар


URL:

Сэтгэгдэл бичих