ЦЕГ-ын даргын үүрэгт ажилд С.Баатаржавыг томиллоо
-Олон улсын банк, санхүүгийн байгууллагад ажиллаж буй монгол мэргэжилтний тоог нэмэх, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх зорилгоор Засгийн газрын ажилтнуудыг Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагад туршлага судлуулах тусгай томилгооны хөтөлбөр хэрэгжүүлнэ. ОУВС, Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх зөвлөх томилох тухай асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Монгол Улс ОУВС, Дэлхийн банк болон гишүүнээр элссэн олон улсын бусад банк, санхүүгийн байгууллагад Засгийн газрын байнгын төлөөлөлгүй. Эдгээр байгууллагад Засгийн газрыг төлөөлөх зөвлөх томилсноор Захирлуудын зөвлөлийн шийдвэрт өөрийн улсын байр суурийг тусгах, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, эрх ашгаа бүрэн хэрэгжүүлэх, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд байнгын оролцоотой байх зэрэг чухал ач холбогдолтой юм.
хх хх хх
-Хилийн боомтын тухай хуулийн дагуу “Боомтын хяналт шалгалтын дараалал”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан Засгийн газрын 2003 оны 20 дугаар тогтоолыг хүчингүй болголоо. Боомтын хяналт шалгалтын тоог цөөлж, зайлшгүй шаардлагатай хяналт шалгалтыг түргэн шуурхай, чирэгдэлгүйгээр нэг цэгт, нэгэн зэрэг зохион байгуулах журам, дарааллыг Боомтын үндэсний зөвлөлөөс энэ сарын 26-ны өдөр баталсан байна.
хх хх хх
-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 оны худалдан авах ажиллагааны эхний хагас жилийн явц, үр дүнг Сангийн сайд Ч.Улаан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар албан даалгаврын дагуу худалдан авах ажиллагааны зохион байгуулалтыг эрчимжүүлэх хэд хэдэн арга хэмжээ авахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.
-Татварын байгууллага, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, аж ахуйн нэгжүүдийн гаргасан санал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны саналыг харгалзан нэр бүхий 3 компанийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Баянхонгор аймгийн Баянхонгор суманд байршилтай “Хөвших”, “Ганбогд”, нийслэлийн Хан-Уул дүүрэгт байршилтай “Би Цэ трейд” компаниуд цаашид архи, согтууруулах ундаа үйлдвэрлэхгүй.
-Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэгт ажилд С.Баатаржавыг томиллоо. Тэрбээр ЦЕГ-т 1990 оноос хойш ажиллажээ.
URL: