З.Энхболд өмнө далайн эрэг дээр найрагдсан учир өөрийн хэлснээ “мартав” уу
Төлөвлөсөн ёсоор ээлжит бус чуулган хийлгүй намрын чуулгантай золгох гэж байна.
УИХ-ын хаврын чуулган хаагдах үеэр дарга З.Энхболд нь наймдугаар сарын 20-доор УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж, түүгээр Засгийн газрыг төсвийн тодотгол оруулж хэлэлцүүлэхийг үүрэгдсэн юм.
Энэ үеэр мөн “Чингис”, “Самурай” бондыг төсөв дотор багтаахыг ч хэлсэн үгэндээ онцолж байлаа.
Тэрбээр “…Засгийн газрын тэвчиж болох зардал, төсвөөс эргэн төлөгдөх хөрөнгө оруулалтыг төсвийн гадуурхи Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх ажлыг үргэлжлүүлсээр байвал төлбөрийн урсгал тэнцэл улам муудаж, хямралыг бодитойгоор бий болгох магадлал байна.
Засгийн газар Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу жил бүрийн хаврын чуулганд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг УИХ-д оруулж батлуулах ёстой.
Гэвч өнөөдрийг хүртэл энэ жагсаалтыг УИХ-д оруулж ирсэнгүй.
Судалгаанаас үзэхэд Хөгжлийн банк ДНБ-ий таван хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийг төсвийн гадуур зарцуулсан байгаа.
Хэрэв энэ байдал үргэлжилж Хөгжлийн банкны дансан дахь 1.0 тэрбум ам. долларын бондын хөрөнгөөр Хөгжлийн банкин дахь хүлээгдэж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлбэл төсвийн нийт алдагдал ДНБ-ний 10 хувьд хүрэхээр байна.
Тиймээс Хөгжлийн банкнаас хийж байгаа “Чингис”, “Самурай” бондын санхүүжилт, тэдгээрийн зардал, төсвийн шинж чанартай бүх үйл ажиллагааг нэгдсэн төсөвт тусгаж, нийт төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан түвшинд хүртэл үе шаттайгаар буулгах бодлогоор төсвийн тодотголыг боловсруулж наймдугаар сард УИХ-д оруулж ирэх хэрэгтэй.
Цаашид Засгийн газар бондын хөрөнгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид заасан зарчмаар зарцуулж, түүний хэрэгжилтэд УИХ-ын холбогдох Байнгын хороод анхаарал хандуулж хяналт тавьж ажиллах хэрэгтэй…” хэмээн хэлж байлаа.
Гэтэл Засгийн газар төсвийн тодотголыг болон бондуудын мөнгийг төсөвт багтаах ямар нэгэн үйлдэл хийсэнгүй.
Харин саяхан БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр 162 сая ам.долларын арилжааны зээл өгснийг “Чингис” бондын мөнгөнд нөхөн олгоно гэж ярьж суух аж.
Гэтэл өөрийн амаар үүрэг даалгавар өгсөн З.Энхболд дарга Засгийн газраас төсвийн тодотгол болон бондын мөнгөний асуудлыг нэхэхгүй байгаа нь ямар учиртай вэ.
Тэрбээр …”Хамгийн гол нь Засгийн газар ажил, амралтаа зохицуулж “ЭЗЭН-100” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө цаг хугацаа алдалгүй идэвхтэй ажиллах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна” гэж хэлснээ ч мартсан бололтой.
УИХ-ын дарга энэ зун Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг дагаад өмнө далайн эрэгт амарч зугаалж явсан зураг хөрөг нь хэд хоногийн өмнө сошиал орчноор цацагдсан.
Энэ үеэр өөрийгөө албан бус Ерөнхий сайд гэдэг Н.Батбаяр З.Энхболд даргын хөлд суусан нь ойлгомжтой байна гэсэн яриа ч дагалдав.
УИХ, Засгийн газрын гишүүдийн тайлбарлаж байгаагаар бол хоёр хөршийн удирдагч нар ирж байхад дотроо хагаралдаад хэрүүл хийгээд сууж болохгүй гэж буй.
Мөн Засгийн газар валютын ханш буурсан учир төсвийг тодотгохгүй гэх юм. Уг нь Засгийн газар энэ жилийн төсөвт ам.долларыг 1380-аар тооцуулан батлуулж авсан билээ.
Тэгээд ч хаврын чуулган хаагдах үед ханш 1810 орчим байсан бол 1900-д хүрээд одоо 1810 орчим болсон нь төсөвт тодотгол хийх хэрэггүйд хүргэж байгаа юм байх.
Манай төр засгийн ажил нэг иймэрхүү л явж байна. Үүнтэй УИХ-ын дарга хүртэл санаа нэгтэй байж хоёрхон сарын өмнө хэлсэн ярьснаасаа ухарч байгааг гайхах хүн олон байна.
О.Ган
gereg.mn
URL: