Ажлаа багасгаж ард олноо чирэгдүүлэх нь…

527-1409280474төрийн-албан-хаагчҮүрэгт ажлаа хийхдээ хүн чанарын дутагдал гаргадаг явдал их, бага аль ч газар байх юм даа. Өөрөөр хэлбэл, ажлаа хөнгөвчилж л байвал өөрөөс нь бусдад ямар чирэгдэл, зовлон гарах нь хамаагүй мэт аашлах явдалтай өдөр бүр таарах юм.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан зарим ЕБС увайгүй зан гаргах боллоо. Тухайлбал, нийслэлийн 80 дугаар сургуулийн үүдэнд “Хавар бүртгэл хийгдсэн тул нэмж бүртгэхгүй. Захирал болон сургуулийн удирдлагуудад саад болохгүй байхыг хүсье” гэсэн бичиг хадаад нэлээд хэд хонолоо.

Уг нь Монгол Улсын Үндсэн хуулиар бол хүн бүр сурч боловсрох эрхтэй юм шүү дээ. Харин бүртгүүлэхээр орсон харьяа хорооныхоо хүмүүсийг захирал нь нохой шиг хөөгөөд гаргаж байна лээ.

БШУЯ-наас болохоор “Бүртгэх л ёстой доо” гэх хариу өгөх жишээтэй. Ачаалал ихтэйдээ бухимдаж болох ч хүүхдүүдийн ирээдүйд ийм хайнга хандаж болохгүй шүү дээ.

Нийслэлийн таван байршилд газар өмчлүүлэхээр болсон. Арав гаруй мянган хүн өмчлөх эрх нь нээгдээд байгаа. Тэдний бүртгэл маргаашийг дуустал явагдана.

Гэтэл Хан-Уул дүүргийн Соёлын ордонд байрлах бүртгэлийн цэгийн нэг мэргэжилтэн харсаар байтал хэдэн хүнтэй “хар яр” гэж харилцаад хөөгөөд явуулчих юм. 2013 оны тавдугаар сараас хойш төрсөн хүүхдүүдийн газар өмчлөх асуудал нь маргаантай болохоор түр хүлээх болсон. 300 гаруй хүүхэд сонгогдоод байгаа юм билээ.

Хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд очоод газраа хэрхэн авахыгаа асуухаар тайлбарлаж өгөлгүй “Нийслэлийн Өмчийн харилцааны газраас очиж асуу” гээд гараараа зангачих юм. Нэг минут тайлбар хийхээсээ залхуурсанаас нь болоод балчир хүүхэд тэвэрсэн иргэд халуун наранд хотоор дэмий явах болж байна.

За тэгээд ойр зуурын түгээмэл жишээ татахад албан газруудын ариун цэврийн өрөөний зарим хаалгыг нь скочдож хаагаад л ажлаа хөнгөлчих юм. Цэвэрлэхэд хэдэн минут илүү зарцуулахаас сэргийлснээс болж заримдаа дараалал гарчихаж байгаа харагддаг. Иймэрхүү зүйлсд ер нь сэтгэл л дутсаных л шүү дээ.

Ж.Баяр

Эх сурвалж: Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих