Монополь “Монос”-ын гай

“Монос” группийнхэнд монголчууд итгэхэд бэрх болоод байна. “Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн найдвартай түнш” хэмээн өргөмжлөөд байсан энэ байгууллага сүүлийн үед эм  үйлдвэрлээд байна уу, эсвэл хор үйлдвэрлээд байна уу гэдэг нь олон хүнд   ойлгогдохоо болиод байна. Монголын эрүүл мэндийн салбарт монополь болтлоо хөгжсөн энэ байгууллагын ач гавьяаг  монголчууд уг нь мартаагүй. Гэсэн ч “Монос”-той холбоотой таагүй мэдээлэл сүүлийн үед  хэвлэлийн хуудаснаас салахаа больж, хэрэглэгчид нь  хэнд итгэхээ мэдэхээ болиод байна.

“МОНОС”-ЫНХОНД ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ

“Монос”-той холбоотой сайн, муу мэдээллийг бид 2011 оноос хойш идэвхтэй сонсож эхэлсэн. Гэсэн ч өвдсөн, зовсон үедээ элдэв эмийг нь эмчийн жортой, жоргүй “идээд” сурчихсан бидний хэнэггүй, тэнэг зан өнөөдөр  тэднийг  дэндүү даврахад хүргэжээ.  Эм биш “хор” үйлдвэрлэдэг, элдэв хэрэг дэгдэх үед арьсаа хамгаалаад ард нь үлддэг болчихсон байна. Хатуухан хэлбэл, бид тэдний ашиг олох мөнгөний эх үүсвэр төдийхэн болжээ. Олон хавар нэгэндээ гэдэг.  Арав гаруй хүүхдийн амь насыг дээсэн дөрөөн дээр аваачсан энэ байгууллагын удирдлагуудад “Хариуцлага тооцъё” гэдгийг салбарын сайдад нь уламжилмаар байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтсэн, эмэнд хордсон 12 нярайг эмнэлгээс гарсан гэж сонссон. Гэсэн ч  үртэй, хүүхэдтэй хүн бүрийн  сэтгэлийг түгшээсэн энэ мэдээлэл иргэдийг бухимдуулсан хэвээр байна. Эмийн чанар, аюулгүй байдал гэдэг эрүүл мэндийн салбарын том асуудал. Гэтэл хамаг буруугаа ганцхан жор баригчид тохчихоод,  хайнга байдлаа хаацайлаад үлдэж байгаа “Монос” компанийн удирдлагуудад хатуухан  арга хэмжээ авах цаг нь болжээ.  Уг нь хөөрхийс, хэдэн компанийн захирал нь хоорондоо ярилцаж байгаа сураг байсан. “Хүний амь эндээгүй юм чинь хэвлэлийнхны хэл ам тэгсгээд намжих байлгүй” гэж.

“Монос” компанийн “но”-г монголчууд бид ханатлаа сонсож байгаа. Зурагт байнга үздэг  захын нэг хөгшин тэдний баримт, пактуудыг өлхөн дэлгэнэ гээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй байх.  Жор баригч хэмээх  жонхуу хутгагч тэр нөхрийн эм андуурч өгсөн энэ удаагийн алдаанаас гадна монголчууд биднийг толгой сэгсрэхэд хүргэсэн олон зөрчил, дутагдал тэдэнд бий. Харин засаж, залруулсан нь одоо болтол сураггүй байна. Тиймээс  эрх мэдэл бүхий эрхмүүдэд эргэн сануулах үүднээс тэдний талаарх цөөн хэдэн баримтыг дэлгэе.

БАРИМТ 1.“МОНОС” КОМПАНИ ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ

2011.04.19-нд:  

Сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хууль бусаар худалдаалсны улмаас “Монос” компанийн захиралд Улсын мөрдөн байцаах газраас Эрүүгийн хуулийн 192.2 хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мансууруулах үйлчилгээтэй морфин, фенобарбитал, седуксин, сибазоны шахмал зэрэг эм бэлдмэлийг нэг эмийн санд 50-100 ширхгийг зарж байсныг сэжигтний  мэдүүлгээр  тогтоосон байна.

“factnews.mn,top.mn”

БАРИМТ 2. “МОНОС ФАРМ”-ЫН ЗАХИРАЛ МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН ЭМ НИЙЛҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЛОО

2011.08.02-нд:

Хар тамхи, мансууруулах төрлийн эм бэлдмэл худалдаалсан хэрэгт “Монос” группийн охин компани болох “Монос фарм трейд”, “Монос Улаанбаатар” компанийн гүйцэтгэх захирал Л.Алтанцогтыг холбогдуулж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ.  Тус дүүргийн шүүх  энэ хэргийг өнгөрсөн зургадугаар сард хэлэлцэж, Эрүүгийн хуулийн 193 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг худалдах журмыг зөрчсөн” нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон учраас 252 цаг албадан ажил хийлгэхээр болжээ.

“yanaa.mn”

БАРИМТ  3. ‘’МОНОС’’-ЫН ЭМИЙН САН МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ЭМ ХУДАЛДЖЭЭ

2012.10.18-нд:

Баянзүрх дүүргийн IV хороонд Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд мансуурч байгаад баригджээ. Тус сургуулийн Цахилгаан хангамжийн ангийн  нэгдүгээр курсийн зургаан оюутныг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байна. Тэд энэ сарын 16-нд Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах “Wendy” гэх  кафед мансууруулах төрлийн бодистой эм үнэрлэн мансуурч байгаад цагдаад баригджээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр оюутнууд мансууруулах төрлийн бодистой эмийг “Монос”-ын эмийн сангаас авч хэрэглэсэн байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс оюутнуудын мансуурах үедээ хэрэглэж байсан эмийг чухам ямар төрлийн эм болохыг тогтоолгохоор шинжилгээнд өгсөн байна.

Нийслэл таймс”

…Энэ бүхэн ердөө сүүлийн хоёр жилд нийтлэгдсэн мэдээллийн тойм төдийхөн. Ухаж төнхвөл энэ компанид олон “но”бий.

Аливаа байгууллагын ажил өргөжиж, хөгжих тусмаа арга барил нь нарийсаад, ажил нь чамбайрдаг. Гэтэл “Монос”-ынхон харин ч эсрэгээрээ жилд 1-2 хэрүүлтэй өнждөг, хэрэг зөрчил нь шүүх, цагдаагаас салахаа больжээ. Энэ нь тэдний ажлаас “Но” илрээд байгаагийн тод жишээ юм. Одоо бүр байтлаа эхийнхээ хэвлийд эрүүл саруул бойжоод, эсэн мэнд төрөөд, хорвоод хүн болох гэж ирсэн  улаан нялзрай үрсээ   унтаа байдалтай ажил хийдэг нэг нөхрийн арчаагүй байдлаас болоод үхэл рүү илгээх дөхлөө.  Монголчууд бид яахав, хаширч байж ухаан суудаг улс. Элдэв эмэнд хордсон тухай мэдээллийг орой бүр телевизийн  мэдээгээр сонссоор бараг дасал болчихсон. Гэтэл  эмийн санчийн буруугаас болж, эмэнд хордсон 16 нярайн тухай мэдээ нүдэн балай, чихэн дүлий биднийг сэрээж, олон  эцэг, эхэд айдас, дарамт авчирлаа. Өвдсөн, зовсон хүүхдүүдийн болон уурлаж, бухимдсан эцэг, эхчүүдийн сэтгэл одоо болтол тайвшрахгүй байна.

ЭМИЙН САНЧ ДАХИАД АЛДАА ГАРГАХГҮЙ ГЭХ БАТАЛГАА АЛГА

Эмэнд хордсон хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй “Монос” эмийн сангийн дарга залуухан хүү уулзаад, уучлалт гуйгаад явж байна гэсэн. Буруу хэрэг хийсэн хүн бусдаас уучлалт гуйх нь байх л асуудал. Үнэн хэрэгтээ  “Монос”-ынхон  эрүүл мэндийн салбарт мэдлэггүй, сэтгэлгүй боловсон хүчин бэлтгэж байгаагаа харуулж байгаа хэрэг юм.  Учир нь, тус групп  дэргэдээ “Монос” дээд сургуулийг ажиллуулдаг.  Эндээс төгссөн боловсон хүчнээ сүлжээ эмийн сангууддаа ажиллуулдаг.  Тэгэхээр  маргааш, нөгөөдрийн алинд ч  дахиад нэг эмийн санч алдаа гаргаж, хүний аминд хүрэхгүй гэх баталгаа алга.

“Фенобарбитал” буюу “Люминал” гэдэг эм сэтгэцэд нөлөөлөх  асар хүчтэй эм. Захын нэг зовлон үзсэн  хөгшин энэ эмийн хор, хөнөөлийг гадарлана. Гэтэл номыг нь үзэж,  ногоотой шөлийг нь уусан мэргэжлийн хүн андуурч, бээлийн чинээ нялх үрсэд “хор” өгсөн нь дэндүү болчимгүй хэрэг байв. Эмэнд  хордсон хүүхдүүдийн  биед  алсдаа  энэ эмийн хор нөлөө сөргөөр нөлөөлөхгүй гэх баталгаа алга.  Дээрээс нь манай улс эмийн хэрэглээ өндөртэй. Эмийн бизнес, архины наймаа хоёр хэзээний л ашигтай бизнесийн нэгд тооцогдсоор ирсэн. Тэгэхээр манай улс эмийн зах зээл дэх хараа хяналтаа сайжруулж, авах арга хэмжээгээ чангатгахгүй бол энэ мэт хариуцлагагүй нөхдийн хуудуутай наймаанд иргэдийнхээ эрүүл мэндээр дахин дэнчин тавиад дуусах нь.

“САЛИМОН”-Ы МААПААН НЬ СҮҮЛДЭЭ АРХИ БОЛЖ ХУВИРСАН

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2012 оны арванхоёрдугаар сард “Монос” компанийн хоёр эрдэмтэн “Салимон” хэмээх эмийн зохиогчийн эрхийг булаацалдаж,  сонин хэвлэлээр л нэг хэрүүл маргаанаа дэлгэж, хэдэн сарын турш хэрэглэгчдийг төөрөлдүүлсэн. Хэдийгээр энэ нь  нэг байгууллага доторх асуудал боловч  хүрээнээсээ хальж,  хүмүүс М.Амбага, Л.Хүрэлбаатар доктор нарын  хэнд нь итгэхээ мэдэхээ больсон. Гэтэл тус компанид ажиллаж байсан М.Амбага доктор  өөрийгөө  хэвлэлээр нэг PR-даж, эцэст нь  “Салимон”-ыг  өөрөө үйлдвэрлэдэг хэмээн олонд  арай гэж итгүүлтэл  түүний хийсэн “Салимон”-д  Баянгол дүүргийн иргэн Б. Оюунтуяа  гэгч хордож,  хэрэглэгчид хэнийх нь ч мэдэгдэхгүй  алдарт  “Салимон”-оос нь татгалзахад хүрч байсан. Харин энэ оны эхээр “Монос” группийн  “дүү”  “Арван-Ундарга”  компани  “Домогт” нэрийн  эмийн ургамлаар хийсэн архины  брэндтэй  болсон,  харилцагч  эмийн сангууддаа энэ архиа бэлэглэсэн  хэмээн  хэвлэлээр бас нэг хэсэг шуугисан.  Түүгээр ч зогсохгүй цахим хуудсаараа дамжуулан “12 төрлийн ургамлын хандмал “Домогт” архиа “Сархад бус шидэт рашаан”  гэж “хөөрхөн” рекламдаж,  0.5 литртэй энэ архийг 18.000 төгрөгөөр найман нэрийн дэлгүүрээс  худалдан авч болно хэмээн сурталчилсан. Энэ нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн болж таарч байгаа юм. Хоёрдугаарт, “Домогт” хэмээх архийг үйлдвэрлэсэн “Арван-Ундарга” компани нь “Монос” группийн хуулийн зөвлөх Д.Ганзоригийнх.  Д.Ганзориг нь “Монос” сургуулийн Удирдах зөвлөлд багтдаг төдийгүй “Монос” группийн хэд хэдэн охин компанийн Удирдах зөвлөлд багтаж, хуулийн зөвлөхөөр нь ажилладаг гэдгийг мэдэх нэг нь хэлж байсан юм.  Түүнчлэн хөндлөнгийн нэгэн мэдээлэл сөхвөл Архидан согтуурахтай тэмцэх хуулийн нэг заалтад 28 градусаас дээш градустай догшин ундааг тодорхой цэгт худалдаална. Харин 28 градусаас доош архи, шар айргийг найман нэрийн барааны дэлгүүрээр худалдаалж болох тухай заасан байдаг аж. Тэгэхээр “Домогт” архи нь 28 градус учраас найман нэрийн  аль ч дэлгүүрээр худалдаалах  боломжтой. Ингэснээрээ бусдад алдсан “Салимон”-оосоо  илүү ашиг өгнө гэдгийг “Архины хяналтын тухай хууль” санаачлаад байгаа Л.Эрдэнэчимэг гишүүн зөв тооцоолжээ гэдгийг амтай болгон ярьж байсан. “Монос”-ынхонд  итгэхээ больсон, эргэлзэхэд хүрсэн шалтгаан ийм.

“МОНОС”-ЫНХНЫ  АЛДАА ЖИЖИГХЭН ЖИШЭЭ БИШ

“Монос”  группийн ерөнхийлөгч, доктор, профессор  Л.Хүрэлбаатар  өөрөө эм зүйч мэргэжилтэй хүн. 1990 онд эмийн хувиараа эрхлэх аж ахуй байгуулаад, ах дүүтэйгээ нийлж, эмийн ургамлыг түүж, боогоод зах дээр  чихэр шиг зарсаар энэхүү  эмийн бизнесээ  эхлүүлж байсан гэдэг.  Тэр утгаараа эмийн чанар, аюулгүй байдал, иргэдийн амь нас, үүрэг хариуцлага гэдгийг хэнээс  ч илүүтэй мэдэх нэгэн. Гэтэл өнөөдөр  яагаад хаа, хаанаа алдаа гаргаж, хариуцлагагүй хандаад байна вэ?

Арав гаруй хүүхдийн аминд хүрэх дөхчихөөд,  хэлээ залгисан хүн шиг дуугай суугаад байгаад Монголын ард түмэн гайхаж байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас  энэ сарын 20-нд “Монос”-ын   23 салбар  эмийн санд шалгалт хийсэн. Энэ шалгалтаар дүүрэг бүрт үйл ажиллагаа явуулдаг  эмийн сангууд нь  бараг бүгд  зөрчилтэй  гарсан  гэдгийг албаны хүмүүс хэлж байсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  ийм шалгалтыг аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангууд, эмийн үйлдвэрүүдэд хий­сэн. Зөрчилтэй байгууллагуудын дунд нь   “ Монос”  эмийн үйлдвэрийн нэр бас л цо­хиж явсан. Гэтэл өнөөдөр яагаад энэ байгууллага алдаагаа засахгүй,  алдсанаа эргэж харахгүй байна вэ? Үүнийг учир мэдэх хүмүүс нь тунгаах цаг хэдийнэ болжээ. “Монос”-ынхны энэ алдаа бидэнд багадах жишээ биш.

 

 

Б.Энхтуул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих