“Чалко”-ийн өрийг энэ жил төлж дуусахгүй
Манай улс нүүрсээрээ төлж барагдуулах гэрээтэйгээр 350 сая ам.долларыг БНХАУ-ын томоохон компани болох “Чалко”-гоос зээлсэн. Өдгөө 110 сая ам.доллар үлдээд байгаа. Харин үлдэгдэл мөнгийг энэ ондоо багтаагаад төлж барагдуулна гэх мэдээллийг салбар хариуцсан сайд Д.Ганхуяг хэлсэн.
Тэгвэл түүний төсөөлөл талаар болох магадал тун өндөр байна. Гэхдээ энэ бол сэтгүүлч миний таамаг төдий зүйл бус нүүрсээ зөөж, өрөө дарахаар ажиллаж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан мэдээллээс хийсэн дүгнэлт.
Уг нь тэрбээр оны эхээр “Алдарт “Чалко”-гийн өрийг энэ оны зургадугаар cap гэхэд төлж дуусна” хэмээн том ам гарсан удаатай. Гэвч түүнийг ийнхүү ярьснаас хойш бүтэн гурван сарын хугацаа өнгөрөөд байна.
Өөрөөр хэлбэл, зургадугаар cap гэхэд өрөө төлж барагдуулах “Эрдэнэс Тавантолгой”-н төсөөлөл талаар болж, тааварлаж байсан хугацаа нь даруй гурван ч сараар ухарчихаад байна. Ойрын өдрүүдэд энэ өрийг хэзээ тэглэх талаар албаныхан мэдээлэл өгч эхэллээ. Гэвч харамсалтай нь тэдний мэдээлэл алд дэлэм зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Тухайлбал, Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Чалкогийн өрийг энэ ондоо багтааж дуусна” гэсэн бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь асуудал үүссэнийг хэлж байна. Тэрбээр, нүүрсээ БНХАУ руу тасралтгүй зөөвөрлөж байж өрөө дарах учиртай байтал өнөөдрийн байдлаар нүүрсний тээвэрлэлт бүрэн зогсоод байгааг хэлжээ.
Учир нь манай улс “Чалко” компанитай өнгөрсөн жил түр хугацааны гэрээ байгуулан харьцангуй, боломжийн үнээр буюу нүүрсээ алдагдалгүйгээр нийлүүлж байсан аж. Гэтэл гэрээний хугацаа өнгөрсөн сарын 1-нд дууссанаар ийнхүү тээвэрлэлт зогсоход хүрчээ. Ингэснээр манай улс гацаанд ороод байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл, манайд хоёр сонголт байгаа ч үүний aль аль нь Монгол Улсад ашиггүй учраас шийдэлд хүрэхэд амаргүй байгааг Я.Батсуурь дарга онцлоод байгаа. Түр гэрээний хугацаа дууссанаар анх байгуулсан эх гэрээгээ мөрдөх хэрэгтэй болж байгаа юм байна.
Энэ нь нүүрсээ маш хямд үнээр гадагш нь гаргана гэсэн үг. Анхны гэрээнд дэлхийн зах зээл дээр нүүрсний нэг тонн тутмын үнэ 110 ам.доллар байхад “70 ам.доллараар гаргана” хэмээн үзэглэсэн байдаг. Түүгээр ч барахгүй хэрвээ нүүрсний үнэ бууж 70 ам.доллар болсон тохиолдолд 53 ам.доллараар тооцон гаргана гэсэн агуулга бүхий гэрээ байгуулсан байдаг.
Тиймээс эргээд гэрээний дагуу нэг тонн тутам нүүрснийхээ үнэлгээг бууруулахаас өөр аргагүй байдалд ороод байгаа аж. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ажиллаж байгаа гэдгийг захирал нь онцолсон. “Чалко”-той яриа хэлэцээр хийхдээ “Бид хямд үнээр нүүрс нийлүүлэх боломжгүй учраас түр гэрээгээ сунгах, эсвэл бид Хятадын өөр томоохон компаниудтай гэрээ байгуулж, нүүрсээ зах зээлийн үнээр нь борлуулъя” гэж байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл, гэрээгээ сайжруулах эсвэл өөр компанид зах зээлийн үнээр нүүрсээ борлуулж байж олсон ашгаараа өрөө үргэлжлүүлэн даръя гэдэг гэрээ хэлэлцээрийг судалж байгаа аж. Түүнээс гадна албаныхан “Чалко”-ийн өрийг 110 сая ам.доллар гэж ярьж байгаа ч хүүгийн төлбөр багагүй хэмжээгээр нэмчихээд байгаа юм байна.
Товчхондоо, ингэж гэрээгээ шинэчлэх, эсвэл нүүрсээ борлуулах оператор компани олох гэсээр байтал маш их хугацаа алдаж байгаагаас гадна хамгийн аюултай нь хүүгийн төлбөр багагүй хэмжээгээр нэмэгдээд байна. Өнөөдрийн байдлаар л гэхэд 350 сая ам.долларын хүүгийн төлбөр нь 30 гаруй сая ам.долларт хүрээд байгаа ажээ.
Энэ бол бага тоо биш, үндсэн зээлээ төлөх гэж ядаж байх зуур хүүгийн төлбөр ийнхүү хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь анхаарал хандуулахгүй байхын аргагүй ноцтой асуудал. Цаашлаад манай улсын уул уурхайн томоохон компани их өрийн дарамтад байгаа нь эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлж таарна.
“Өнөөдрийнх шиг муу эдийн засагтай үед өрийн дарамт, хүүгийн төлбөр биднийг өөдөө гарахад маш их саад болно” гэдгийг эдийн засагчид хэлж буй. Үнэндээ улсын өмчит томоохон компаниуд энэ мэт өрийн дарамтад байхад эрх баригчид энэ асуудалд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа.
Тэр ч бүү хэл, улсын өрийн хэмжээг өдөр алгасахгүй улам нэмж байгаа нь нууц биш. Хамгийн сүүлд л гэхэд БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр тус улсаас 162 сая ам.долларыг манай улсад хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгосон. Товчхондоо,энэ бол өр.
Дээрээс нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал А.Мөнхбат мөн л хэвлэлд өгсөн ярилцлагадаа улсынхаа өрийн хэмжээг 400 сая шахам ам.доллараар нэмэгдүүлэх гэж байгаагаа зарласан. Тодруулбал, олон улсын зах зээлээс 300 сая ам.долларыг босгох ажил гэрээнийхээ шатанд яваа бол ОХУ-ын Хөгжлийн банкнаас 70 сая ам.долларын зээл авахаар болж байгаа гэдгийг хэлсэн.
Цаашлаад Монголбанкнаас албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлснээр манай улсын гадаад өрийн хэмжээ 20 сая ам.долларт хүрчихээд байгаа аж. Гэтэл энэ өрийн хэмжээг улам бүр нэмэгдүүлэхээр ярьж байгаа нь хожим өндийхөөргүй болгочих вий гэсэн болгоомжлолыг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Өмнөх өрөө төлж барагдуулж чадаагүй, хүүгийн төлбөрт хүүлүүлж байгаа атлаа дахиад л өрийн хязгаараа нэмэгдүүлэх талаар ярьж суугаа нь “АН-ынхы гал унтраах гэсэн, зөвхөн хар амиа хоохойлсон муу арга” гэдгийг зарим судлаач хийж байгаа. Тэр бүү хэл, ээлжит бусаар хуралдаж, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар дорвитой арга хэмжээ авна гэж байсан ч “Ам.долларын ханш 50 төгрөгөөр буурсан учраас” гэх ядмагхан шалтгаанаар ээлжит бус чуулган зарлахгүй байхаар шийдээд байна.
Нөгөөтэйгүүр Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлж, дээшлүүлэх зорилготойгоор баталсан “ЭЗЭН 100″ хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дууссан ч албан ёсоор хэн ч дүгнэсэнгүй. Дэргэдээ Эдийн засгийн зөвлөл гээчийг байгуулж, энэ ажлыг сүр дуулиантай эхлүүлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч таг чиг cуунa.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн
URL: