“Шунхлай”-н түгээгч эмэгтэйг удирдлага нь дарамталдаг байжээ
Саяхан Төв аймгийн Зуунмод сумаас хойш таван км-т “Өндөр дов” гэх газарт байдаг “Шунхлай” шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэй Ц-г хөнөөн, орлогынх нь мөнгийг авч зугтсан хэрэг гарсан талаар мэдээлж байсан билээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр тус станц энэ сарын 17-ны үдэш ойролцоогоор нэг сая төгрөгийн орлоготой байсан бололтой. Талийгаач Ц-гийн цогцост хийсэн үзлэгээр цээжин тус газар нь хоёр удаа хутгалж амийг нь хохироосон байжээ. Хохирогч 1975 онд төрсөн, хоёрдугаар курсын оюутан охин, есдүгээр ангийн сурагч хүү, 80 гарсан ээжийнхээ хамт Зуунмод суманд амьдардаг байсан аж. Талийгаачийн дүү болон хүүхдүүд нь цагдаа нарт “Энэ ШТС-д түгээгчээр ороод дөрвөн жил болж байсан. Энэ хугацаанд нэг ч удаа ээлжийн амралт авч үзээгүй. Бие нь өвдөж байсан ч ажиллаж байдаг хүн. Энэ жил анх удаа ээлжийн амралт авч айраг, цагаан дээр гарч, төрөлх Баян сумынхаа ойд оролцож байхад нь ажлаас нь дуудсаар байгаад хугацаанаас нь өмнө ажилд нь оруулсан. Энэ ШТС-д даргатайгаа нийлээд ердөө гуравхан хүн ажилладаг. Уг нь таван хүн ажиллах ёстой юм билээ. Эгч маань ажлаа солих юмсан гэж ярьдаг байсан. Шинээр ажилд орсон хүн ирэхээ больчихлоо гээд амарч байхад нь утсаар дуудаад ажиллуулдаг байсан. Ажиллахгүй бол өөр хүнийг ажилд авна гээд байна. Дарамтладаггүй газарт ажилд орохсон гэдэг байсан ” гэж мэдүүлсэн гэнэ.Мөн талийгаач ганцаараа хоёр өдөр дараалан ажиллаж байснаа төвдөө нууж, М гэгчтэй хамт ээлжлэн гарч байгаа гэж мэдүүлж байсан байна. Яагаад худлаа мэдүүлж байв гэдэг нь анхаарал татаж байгаа гэнэ.
ontslokh.mn
URL: