Н.Батбаяр сайдад цэцэрлэгийн асуудал огт хамаагүй юу?
Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлнэ гэдэг эцэг эхчүүдийн толгойны өвчин болоод хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Бүртгэл эхлэхээс долоо хоногийн өмнө эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа дугаарлах нь хэвийн үзэгдэл болжээ.
Тэгвэл өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод хамтран цэцэрлэгийн хүрэлцээг хэрхэн нэмэгдүүлэх боломжтой талаар холбогдох яамдын мэдээллийг сонсч, гаргалгаа хайж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Хуралдаанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, Г.Уянга, З.Баянсэлэнгэ, Ж.Батзандан, Д.Сумъяабазар нар болон холбогдох яам, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож санал бодлоо солилцлоо.
Гэтэл өчигдрийн хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр байгаагүй нь олон гишүүдийн бухимдлыг төрүүлэв.
Тухайлбал Сангийн сайд Ч.Улаан ”Н.Батбаяр сайд хаачив. Сангийн яам бол төсөвт суулгасан хөрөнгө оруулалтыг нь цаг хугацаанд нь шилжүүлэх үүрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн яам бодлогыг нь тодорхойлдог. Гэтэл сайд нь алга, өмнөөсөө газрын даргаа явуулчихаад сууж байхаар яадаг юм” хэмээн эгдүүцэв.
Жилд хичнээн цэцэрлэг барих талаар бодлогыг нь гаргаж, санхүүжилтийг нь төлөвлөдөг Эдийн засгийн хөгжлийн сайд энэ хуралдаанд оролцож, тайлбар өгөх ёстой баймаар. Гэтэл Фортуна сайдад хүүхдийн цэцэрлэгийн асуудал огт хамаагүй бололтой.
Түүнчлэн Ч.Улаан сайдтай санал нэг байгаагаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан илэрхийллээ. Тэрээр цэцэрлэг, сургуулийн хүрэлцээг шийдэж чадахгүй байгаа төр засгийн өмнөөс ард түмнээсээ уучлал гуйсан юм. Мөн хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан мэдүүлсэн байтал хэлэлцэлгүй жил дарж цаг алдлаа хэмээн бухимдлаа илэрхийллээ.
Ийнхүү өчигдрийн хуралдаанаар цэцэрлэг барихад шаардлагатай 20 тэрбумыг төсөвт суулгахаар ажиллана гэдгийг гишүүд хэллээ.
new.mn
URL: