МАН-ын удирдлагууд амь үрэгдсэн дайчдаа дурсч, хүндэтгэл үзүүлэв

527-1409202563f00fc8afa66a915a2cc6de58a3d40669_LХалх голын дайны ялалтын 70 жилийн ойгоор 131 ахмад дайчин байсан бол өдгөө 39 нь амьд сэрүүн байна.

Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй МАН-ын удирдлагууд эх орныхоо төлөө амиа өгсөн эрэлхэг дайчдын дурсгалд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Тус намын удирдах зөвлөл, намын дэргэдэх төрийн бус байгууллагууд болон Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн төлөөллийг оролцуулсан энэ өргөн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле, МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа тэргүүтэй удирдах зөвлөлийнхөн, НАМОХ, Ахмадын холбоо, Стратеги академийн удирдлага болон ажлын албаныхан багтсан юм.

Тэд Чойбалсан хотод орших Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж яваад амиа алдсан Зөвлөлтийн нисэгчдийн дурсгалын хөшөө болон Монгол дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

“Одоогоос 75 жилийн өмнө тусгаар тогтнолынхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайхран зүтгэж байсан ардын армийг МАН удирдаж, ард түмэнтэйгээ хамт түүхэн ялалтыг байгуулж байсан түүхтэй. Тиймээс энэ нь Монголын ард түмэн, ардын арми төдийгүй Монгол Ардын Намын ч баяр байдаг” гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат онцлоод өнөөгийн зол жаргалант амьдралыг авч ирсэн их ялалтын баярын мэндийг дэвшүүлсэн юм.

Халх голын дайнд эрэлхэг гавьяа байгуулсан БНМАУ-ын баатар Л.Дандар, Ц.Олзвой, БНМАУ-ын баатар, аймгийн генерал Б.Дорж нарын мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаараа онцлог байлаа.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих