Гурван тэрбум “Ноён ногоон”-ыг номхруулна
Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш 70 орчим төгрөгөөр суларчээ. Ийнхүү ханш суларч буй нь таатай мэдээ. Ханшийн өсөлтөд дөрлүүлсэн ч амралт зугаалгаа хойш тавилгүй амжуулж чадсан түшээд урд хөршийн төрийн тэргүүний айлчлалын сургаар цуглав бололтой.
Ноён ногооны галзуурал
Эдийн засаг сэргэхэд ханшийн өсөлтийг сааруулах, хөрөнгө оруулалтыг татах нь маш чухал хэмээн эдийн засагчид хэлж байв. Харин бодлогын хүүг чангалснаар валютын ханш суларна гэдэг хүлээлт талаар болж ноён ногоон цулбуургүй морь шиг давхисан. Тодруулбал, Бодлогын хүү чангарсан өдөр буюу долдугаар сарын 30-нд арилжааны банкууд нэг ам.долларыг 1858 төгрөгөөр авч 1879 төгрөгөөр зарж байв. Үүнээс хойш 10 хоногийн дотор нэг ам.доллар 1906 төгрөгтэй тэнцсэн юм. Тиймээс ид ажлын үе эхэлж байгаатай уялдан эдийн засгаа сэргээхээр ханцуй шамлан ажиллах цаг болжээ гэдгийг хүмүүс хэлж байлаа.
Таг чиг, нам гүм
Өрийн дээд хязгаарыг 70 хувьд хүргэвэл эдийн засаг сэргэнэ. Тэгэхээр өрийн удирдлагын тухай хуулийг шинэчлэн батлах зайлшгүй шаардлага тулгарч байгааг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хэлж байсан ч одоог хүртэл таг чиг. Одоо мөрдөж буй хуульд ДНБ-ий 40 хувь хүртэл өр тавьж болох тухай заалт бий. Энэ нь өнөөгийн үнэ цэнээр тооцох дүн аж. Харин “Улсын өр” гэж Засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс, Засгийн газрын гаргасан баталгаа, өрийн бичиг, төрийн болон орон нутгийн өмчит болон тэдгээр өмч давамгайлсан хуулийн этгээдийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийн үүргийн мөнгөн дүн, түүнд ногдох хугацаа хэтэрсэн хүү, алданги, торгуулийн нийлбэрийг хэлнэ хэмээн заажээ.
Зөв зарцуулалт эдийн засгийн өсөлт
Эдийн засагч, судлаачдын хэлж буйгаар манай улсын нийт өр ДНБ-ийн 80 орчим хувьд хүрсэн гэх. Харин үүнийг албаныхан эрс үгүйсгэх юм билээ. Зээлийн хөрөнгийг цахилгаан станц, төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэр, экспортыг дэмжих үйлдвэрт зарцуулвал манай улсын хөрөнгө шингээх чадвар өсч хэчнээн ч хэмжээний мөнгө гаднаас орж ирсэн инфляц болж шатахгүй болно гэдгийг эдийн засагч Б.Батжаргал хэлж байв.
Өрийн хязгаар эдийн засгийн аврагч
Валютын ханшийг төсөвт тусгасан хэмжээнд хүргэхийн тулд өрийн таазыг нэмэх тухай асуудлыг даруй шийдэх хэрэгтэй гэдгийг зарим эх сурвалж, эдийн засагчид хэлж байна. Тодруулбал, өрийн таазыг 70 хувь болгосноор дор хаяж гурван тэрбум ам.долларын урсгал наашилна гэсэн үг аж. Ингэснээр ам.долларын ханш 300 төгрөгөөр суларна гэдгийг ч тэд хэлж байна. Эдийн засаг сэргээхэд мөн “Эрдэнэс тавантолгой”, “Оюутолгой” төсөл гол дүрүүдийн нэг гэдгийг хүмүүс хэлдэг. Түүнчлэн өрийн таазыг нэмэх ч бас тэргүүн эгнээнд жагсч буй ажээ. Тиймээс өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэдэг хэлц үгийг мартах хэрэгтэй гэнэ. Орчин цагт өртэй бол баян, өргүй бол тэнэг гэдэг хэлц үг ч учиртай л гарсан бололтой.
Д.Оюунчимэг /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: