П.Очирбатаас Ц.Элбэгдоржийг хүртэл…

527-14091901598-28-13-Айлчлалууд юу өгч байв?-
1993 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельциний урилгаар ОХУ-д айлчлав. Энэ нь ЗХУ задарснаас хойш Монгол, Оросын анхны дээд хэмжээний уулзалт болсон. Уг уулзалтаар Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
Учир нь 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаар 1966 оны Холбоотны гэрээг мөрдөх эрх зүйн орчингүй болж, ОХУ-тай дээрх гэрээг яаралтай байгуулах шаардлагатай болжээ.
1999 онд Ерөн­хийлөгч Н.Багабанди ОХУ-д айлчилжээ. Түүний айлчлалын талаар, уг айлчлалын үеэр чухам ямар асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн талаар тодорхой мэдээлэл олдсонгүй.
2003 оны зургадугаар сарын сүүлчээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр ОХУ-д албан ёсны айлчлал хийжээ. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Энхбаяр, ОХУ-ын Ерөнхий сайд М.Касьянов нар уулзаж Монгол Улсаас ОХУ-д төлөх “Их өр”-ийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр тохиролцов.
Энэ дагуу 2003 оны арванхоёрдугаар сарын 31-нд Монгол Улсаас ОХУ-д төлөх Их өр тэглэгдсэнийг Оросын талаас албан ёсоор мэдэгдсэн юм.
“…Энэ нь манай намын Засгийн газар, ерөнхий сайд Н.Энхбаярын эх орон, ард түмнийхээ өмнө байгуулсан түүхэн гавьяа мөнөөс мөн….Ерөнхий сайд Н.Энхбаяр их өрийн асуудлаар дээд түвшинд хэлэлцээ хийхдээ нөгөө талынхаа гадаад бодлого, улс хоорондын болон бүс нутгийн харилцааны өнөө үеийн онцлог, ирээдүйн төлөвийг гүнзгий мэдэрч, түүнийг Монголынхоо язгуур эрх ашигт хэрхэн нийцүүлэхийг нарийн тооцоолж, торгон мэдрэмжтэйгээр ухаалаг ажиллаж чадсан. 2003 оны долдугаар сард Москвад болсон хэлэлцээний явцад Н.Энхбаярын энэ чанар, ялангуяа халуун гэж хэлж болох агшин бүрт тод илэрч байсныг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж байсан бид сайн мэдэрч байлаа. Ер нь өрийн асуудлаар сүүлийн үед Н.Энхбаяр, К.Касьянов нар хэд хэдэн удаа биечлэн уулзаж, ярилцсаны дээр хэлэлцээний явцад ямар нэгэн асуудал гарвал л шууд утсаар ярилцаж санал солилцдог байсан юм. Ийм байдал 2003 оны арванхоёрдугаар сарын 31-ний 20 цаг хүртэл үргэлжилсэн гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй байх аа.”
Эх сурвалж: Өнөөдөр сонин. Сэтгүүлч Го.Энхтөр “П.Жасрай: Эвслийн үед их өрийн асуудал мухардалд орсон” ярилцлагаас… 2004-1-06.
2006 оны арванхоёрдугаар сарын 4-10-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-д айлчлав. ОХУ-ын Төрийн Думаар ОХУ-д төлсөн Монголын их өрийн асуудал дахин хөндөгдөж магадгүй үед энэхүү айлчлал болсон юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар хийсэн айлчлалын гол уулзалт болох ОХУ, Монгол Улсын Төрийн тэргүүний Дээд хэмжээний уулзалт Москвад арванхоёрдугаар сарын 8-нд болж байжээ.
Айлчлалын үеэр хоёр талын худалдааг либеральчлах чиглэл болон бусад 14 баримт бичигт хоёр тал гарын үсэг зурахаар болжээ. Айлчлалын албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 25, хэвлэл, мэдээллийн хэсэгт 20 гаруй, бизнесийн хэсэгт 40 гаруй, нийт 116 хүн оролцжээ.
2008 оны дөрөвдүгээр сарын 10-13-нд Ерөнхий сайд С.Баяр ОХУ-ын Засгийн газрын дарга В.А.Зубковын урилгаар тус улсад айлчилсан байна.  Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Баяр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Засгийн газрын дарга В.А.Зубковтай хэлэлцээ хийж, Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга В.В.Володинтай уулзжээ.
Энэ үеэр ураны хайгуул, судалгаа, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах болж, холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан.
Оросын тал Монгол Улсад 100 мянган тонн улаан буудайг хөнгөлөлттэй нөхцлөөр нийлүүлэх болсон. Мөн Монгол Улсын “Голомт” банк, ОХУ-ын “Росселхоз” банк хамтран Монголын хөдөө аж ахуй, газар тариалангийн төслийг хэрэгжүүлэхэд 200 сая хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон.
Оросын тал   Улаанбаатар хотод байгаа орон сууцны долоон байрыг Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн өгч, Улаанбаатар, Дархан хотод байгаа орон сууцны найман байрыг шилжүүлэх ажлыг богино хугацаанд дуусгахаар тохиролцжээ.
Айлчлалын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурав.
2011 оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д айлчиллаа. Айлчлалын талаар “Ардын эрх” сонины тоймч Д.Оюунцэцэг 2011 оны зургадугаар сарын 07-нд бичсэн нийтлэлдээ “…Монголын талаас санал болгосон 10 гаруй асуудлын ихэнх дээр ойлголцож, гурав орчим асуудал дээр ярьж хэлэлцэх шаардлагатай гэжээ. Энэ бүхэн хөшигний ард яригдсан ч гэлээ зарчмын ойлголтод хүрсэн гэдэг нь том үр дүн хэмээн Монголын холбогдох албаны хүмүүс сэтгэгдэл өндөр гарч ирсэн юм. Монголын тал ямар ч гэсэн 2011 онд багтааж 1949 оны гэрээг өөрчилье гэсэн саналаа тулгаж хэлчихээд гарч ирсэн нь энэ удаад бас нэг алхам урагшилсан хэрэг болов” гэжээ. Харин ОХУ-ын “Коммерсант” сонины сэтгүүлч Александр Габуев “ОХУ-ын Төрийн тэргүүн Дмитрий Медведев,  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нарын   хэлэлцээр нь Улаанбаатар Москвагийн саналыг анхааран сонсдог ч асуудлыг ямагт өөрийнхөөрөө шийдэж орхидгийг дахин харууллаа.
2014 оны тавдугаар сарын 22-25-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Санкт-Петербургт болсон Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан юм.
Уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Эдийн засгийн чуулганы урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, талууд хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа болон эдийн засгийн асуудлаар санал солилцон, төмөр зам, хоёр орны хамтарсан үйлдвэрүүд зэрэг олон асуудлыг хөндөн ярилцсан байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг төмөр зам, Монгол Оросын хамтарсан аж ахуй нэгжийн удирдлагуудтай уулзаж, санал бодлоо солилцсоноо ОХУ-ын Ерөнхийлөгчид дуулгасан байна.
Энэхүү уулзалтаар хамтарсан төмөр замын ашиглалтыг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудлыг ярилцах,  шаардлагатай тохиолдолд Монгол Улсын нутгаар байгалийн хийн хоолой тавих асуудалд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолжээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг айлчлалынхаа хүрээнд тавдугаар сарын 23-ны өдөр “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунинтай уулзсан юм.
Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монголын шатахуун импортлогч “Магнай трейд, “Шунхлай” компаниуд ОХУ-ын “Роснефть”-тэй хамтран ажиллах таван жилийн гэрээг үзэглэсэн байна.
2000 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд төрийн айлчлал хийв. Энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэл, зорилтыг тодорхойлсон “Улаанбаатарын Тунхаглал”-д Ерөнхийлөгч Н.Багабандитай хамт гарын үсэг зурсан.
Энэ нь Монгол, Оросын харилцааг гүнзгийрүүлэн бататгахад түлхэц өгсөн талаар судлаачид, дипломатууд дүгнэдэг.
Түүний айлчлалын талаар сүүлд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэвлэлд ярилцлага өгөхдөө “…В.Путин урьд нь  манайд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа хувиар айлчилж байсан. Манай хоёр улсын харилцаанд мэдээж ах дүүгийн найрамдалт харилцаа байсан бол 1990-ээд оноос хойш сайн хөршийн тал бүрийн хамтын ажиллагааны шинэ зарчмууд орж ирсэн шүү дээ. Ингээд удаа дараагийн айлчлалын үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр Их өрийг шийдвэрлэх зарчмыг Улаанбаатар хотод ярилцсан” гэж байв.
2002 оны гуравдугаар сард ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.Касьянов Монгол Улсад айлчилсан. Тэрээр айлчлалынхаа үеэр ОХУ-аас Хятад руу нефть татах хоолойг Монголын нутгаар барих боломжийг судалж байгаа. Энэ бол гурван улсын хэлэлцээрээр шийдэх асуудал гэж мэдэгдсэн.
Гэхдээ уг айлчлалаар хамгийн ихээр яригдсан асуудал бол Монгол Улсаас ОХУ-д төлөх Их өрийн талаар нэлээд яригдсан юм. Тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр хоёр улсын дунд удтал яригдсан Их өрийг тэглэх талаар асуудал тавьж, зарим талаар ойлголцсон тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
2009 оны тавдугаар сард ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Монголд айлчлав. Энэ үеэрээ Монгол, Оросын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” компанийг байгуулсан юм. Түүнийг Монголд айлчилснаас сар гаруйн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Үүнтэй холбогдуулан Оросын зарим томоохон хэвлэлүүд нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн нийтлэлүүдийг бичиж байлаа. “Засгийн газрын тэргүүн В.Путин өнгөрсөн тавдугаар сард Монголд айлчилж, хоёр улсын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” компаниар дамжуулан шинэ төмөр замын төсөлд хамтрахаар болсон.
Гэвч тавдугаар сарын сүүлээр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд барууны талыг баримтлагч, АН-ын лидер Цахиагийн Элбэгдорж ялсан нь Оросын сонирхсон төслүүдийн хувь заяанд нөлөөлж мэдэхээр болов”.  Эх сурвалж:: ОХУ-ын “Коммерсант” сонин. 2009 оны зургадугаар сар.
2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Монгол Улсад айлчлав. Халхын голын ялалтын 70 жилийн ойд оролцох гол зорилго бүхий уг айлчлалын үеэр Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай тунхаглал гаргав. Мөн сүүлд нь Монголд нэлээд шуугиан дэгдээсэн “Монголросцветмет”-ийн бүртгэлийн 180 сая.ам.долларын асуудлыг сөхжээ. Хойд хөршийн тэргүүн ялалтын баярын хүлээн авалтад ч оролоогүй буцсан байна.
Нийтлэлч Б.Дамдин-Очир
 
Зууны мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих