Ингэж нүдний булай болох гэж
“Олуулаа ялъя”. “Олуулаа хөгжье”. “Хүн шиг амьдарч улс шиг хөгжье” гэх сүржин, сүржин уриаг АН өнгөрсөн сонгуулиар дэвшүүлж байв. Эндээс хэрэгжүүлэх гэж оролдож байгаа нь “улс шиг хөгжих” уриалга. Хотын дарга Э.Бат-Үүл элдэв янзаараа дуудуулсан ч нийслэлийг хот шиг хот болгож хөгжүүлэх гэж хичээж байгаа нь АН-ын төр барьсан энэ хугацаанд ганц үнэлэх зүйл болчихоод байна.
Засгийн газрын танхимын гишүүд нь жалга довны асуудлаар талцаж, хэрэлдэж, нэгнийгээ чацга, баасаар нь дуудаж өнгөрүүллээ.
Харин “Олуулаа” болох хөтөлбөр боловсруулсан “Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газар уриалгаа хэрэгжүүлэх талаар олигтой зүйл хийсэнгүй. Мөрийн хөтөлбөрийн биелэлт хэдэн хувьтай явж байгааг асуух ч хэрэггүй биз. Хамгийн сүүлд гэхэд “ЭЗЭН-100” гэх хөтөлбөрийг дуулиан шуугиантай эхлүүлсэн ч хоног нь дуусчихаад байхад хэн ч хөтөлбөрийн талаар сайн үг цухуйлгасангүй. Эдийн засгийг идэвхжүүлэх бус нам, фракцийн хэрүүлээ хамгийн сайн идэвхжүүлэв, энэ хугацаанд.
Засгийн газрын танхимын гишүүд нь жалга довны асуудлаар талцаж, хэрэлдэж, нэгнийгээ чацга, баасаар нь дуудаж өнгөрүүллээ. Үнэлж хүндэтгэдэг лидерүүд нь ийн зарчимгүй үйлдэл гаргаж байгааг харахаас өмнөөс нь нүүр улаймаар. “Ардын нам, АТГ хоёр ажил хийлгэхгүй байна” хэмээн Ерөнхий сайд нэгэн хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан удаатай. Гэсэн ч үнэндээ бол АН-ын фракциуд ажил хийлгэхгүй байна гэж хэлэх ёстой байлаа.
Засгийн газар ямар ч тохиолдолд танхимын зарчмаар ажиллах учиртай. Танхимаараа шийдвэр гаргаж, танхимын үйл ажиллагааг дэмжиж, шийдвэрээ ч гаргах ёстой юм. Гэтэл өнөөгийн бүрдээд байгаа энэ Засгийн газарт “танхим”-ын зарчим үйлчилдэггүй гэдэг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харагдав. Явган жиргээний хэрүүлээс болж хоёр сайд нь “чи, би”-дээ хүрч, шүүх цагдаа болсон нь саяхан.
Нэг нь гомдож суудлаа өгч, нөгөө хэсэг нь Ерөнхий сайдынхаа ар хударгаар хор найруулж, унагах гэж үзэж тарж байгаа нь өнгөрсөн хугацаанд хангалттай харагдсан юм. Энэ намрын улс төрд олон гэнэтийн зүйл тохиолдох нь тодорхой байна. Танхимын гишүүд нь Ерөнхий сайдаа унагахын тулд энэ тулаандаа фракциудын хүч нөлөөллийг ашиглаж эхэлжээ. Зарим фракциуд нь АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүнд олонхи болохын тулд бусад фракцийн лидерүүдийг унагах талаар хор найруулж эхэлсэн “бор шувуу” нам дотор хэсүүчилж эхэлжээ. ҮЗХ-д олонхи болсноор Засгийн газар, УИХ цаашлаад намын удирдлагын хувь заяанд ч нөлөөлж чадах хүч бий болно.
Фракциудын дайн хэрээс хэтэрлээ, энэ намд.
Тиймээс энэ намар ҮЗХ-г хуралдуулж, тэнд олонхийн суудалтай болох “цусгүй дайн” АН-ын фракциуд дунд өрнөж эхэлсэн сурагтай. Нэг нэгийнхээ араас хутгалж, хор найруулж, ойр тойрных нь хүмүүсээр туг тахих, үнэ хүндийг нь унагах улс төрийн хорт явуулга шат шатанд өрнөж эхэлсэн байна. АТГ гэх мэт хууль хүчний байгууллагад шалгуулж байгаа нөхдөө ч нам дотроосоо, фракциуд дундаасаа “матаж”, хүчтэй нөлөөлөл тогтоосон фракциа нухчин дарах үйл ажиллагаа эрчимжээд байгаа юм.
Энэ бүхний эцэст АН 2016 оны сонгуулиар эргээд гудамжиндаа гарна гэдэг нь тодорхой болжээ. Эрх мэдэл, хэргэм зэрэг хэзээ ч бидэнд зохихгүй гэдгээ мэдрүүлсэн АН-ын лидер гэх лойдоруудад эмгэнэл илэрхийлэхээс өөр яалтай. Энэ бүх зөрчил маргааныг дарчихаж чадахгүй, болохгүйд нударга өгч, болж байгааг нь урамшуулж чадахгүй, нухчин дарлуулж суугаа АН-ын удирдлагуудад дахин эмгэнэл илэрхийлье.
Фракциудын дайн хэрээс хэтэрлээ, энэ намд. Ерөнхий сайдын суудал ямар ч тохиолдолд хүчтэй байх учиртай. Гэтэл бэлгэдлийн Ерөнхийлөгч, парламентын танхимын тэргүүндээ араараа мадлуулж, танхимынхаа сайдуудыг хувийн тоглолт хийх орон зайг бэлтгэж өгч суугаадаа дүгнэлт хийх цаг нь болжээ. Гадны улс оронд бол нөхцөл байдал арай өөр. Гүйцэтгэх засаглалын тэргүүнтэйгээ үг хэлээ ололцож чадахгүй байна гэсэн ганцхан өгүүлбэр хэлсний төлөө Францын Ерөнхий сайд Франсуа Олланд танхимаа тэр чигээр нь огцрууллаа.
Ерөнхий сайдын шийдвэрийг хүндэтгэж ажиллаж чадахгүй бол сайдууд нь тэнд суух албагүй. Нэгхэн хоногийн дараа гэхэд л дараагийн танхим бүрдэж ажлаа хэвийн явуулах төрийн залгамж халаатай гэдгээ батлан харуулав. Учир нь ганц сайд солигдлоо гээд доод шатанд ажиллаж байгаа албан хаагчдад ямар ч халгаагүй, тэд өөрсдийнхөө хийж байгаа зүйлээ хийгээд явчихдаг учраас тэр юм.
Нэг албан бичиг дээр сайдын нэр өөрчлөгдөх нь төдийлөн хүнд асуудал биш. Харин манайд бол улс төр гэдэг жинхэнэ утгаараа жонхуу болчихоод байгаа. Сайдыг нь огцруулвал тэр салбарын ажил тэр чигээрээ унадаг. Өнөөх сайд гарч ирээд өөрийн хүмүүсээрээ хүрээлүүлэх гэж төрийн албыг самарч орхидог бичигдээгүй хуультай. Тэгэхээр энэ танхимыг унагалаа гэхэд ирэх хоёр жилд Монголын төр улстөрчдийн зугаа болж дуусах болчихоод байна.
Дараагийн сайдуудаа томилох гэж хэдэн сарыг барна. Томилогдсон сайдууд нь ах дүү амраг саднаараа төрийн албыг дүүргэх гэсээр 2016 он дуусах юм. Тиймээс зөрчилдөж хэрэлдэж, хэмлэлдэхээ урьтал болгох бус өмнөх ажлыг нь хийлгэхээс өөр сонголт алга. Өөрчиллөө гээд ч өмнөхөөсөө дээрдэх нь юу л бол.
2016 он АН-ын түүхэнд дахин нэг хар бараан дурсамж үлдээх нь тодорхой боллоо. Энэ байдлаараа АН-д дахиад хэзээ ч боломж олдохгүй болов уу.
Томилгоо гэдэг хэзээнээс л төрийн ажлыг завхруулдаг. Сүүлийн өдрүүдэд ч энэ байдал ажиглагдав. ЦЕГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш чамгүй олон хоног өнгөрсөн ч орных нь хүнийг тавих асуудлаар одоог хүртэл зөвшилцөж чадахгүй явна. Хэнийг тавих, хэн гэгч нь ямар сайдынхаа эрх ашгийг хамгаалж энэ суудалд очих вэ гэх тохироо хийж, бусадтайгаа тохиролцож чадахгүй явж байгаа гэнэ лээ.
Хууль хүчний салбараараа хүртэл улстөржиж, тэнд өөрсдийнхөө хүмүүсийг тавих гэсэн улаан цагаандаа гарсан зөрчил АН-ын засгийн үед л харагдлаа. МАН болж бүтэхгүй бүхний уурхай байсаан. Гэвч тэд зөрчлөө нууж чаддаг, хэрэгтэй гэвэл хамтарч ажиллаж, харилцан бие биенээ хүндэтгэх талаар намууд дундаа л №1.
Намын хүмүүжил төлөвшил гэдэг нь бүлгийн хуралдааны үеэр ч ажиглагддаг. Хэвлэл мэдээлэлтэй харилцах харилцаанд хүртэл энэ намын суурь хүмүүжил үнэртдэг. Гэтэл ардчилсан гэж цээжээ дэлдсэн эдгээр нөхдөд наад захын ийм мэдлэг дулимаг байгаа нь харагдсаар байгаа юм. Хатуухан хэлэхэд, энэ танхимд сайд шиг сайд гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Сайдууд нь ч гэсэн үнэхээр мэдлэг дулимаг, удирдах төвшний хувьд сул дорой гэдгээ харуулсаар байна.
Явган хэрүүлээр үг хийлцэж, ялихгүй асуудлаас болж намдаа том дайн дэгдээчихсэн явж байгаа нь нууц биш. Өвөрт нь орох гэж царай алдчихаад өнөөдөр араас нь хутгалаад явж байгаа сайдууд ч энэ нөхдүүд дунд цөөнгүй. 2016 он АН-ын түүхэнд дахин нэг хар бараан дурсамж үлдээх нь тодорхой боллоо. Энэ байдлаараа АН-д дахиад хэзээ ч боломж олдохгүй болов уу.
Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тэрсэлдэж байгаа АН-ын энэ үйлдэлд Ц.Нямдорж тэргүүтэн хэзээний эмгэнэл илэрхийлчихээ биз. Ингэж нүдний булай болж, өвөр зуураа хэмлэлдэн байж нам гэж явах хэрэг ч байна уу даа, АН-ынхаан.
Б.Өнөртогтох
Монголын мэдээ
URL: