Орос төмөр замаа хөгжүүлж, Хятадын нүүрсний зах зээлд өрсөлдөнө
Дэлхий даяар нүүрсний салбар хүндхэн үеийг туулж байгаа ч нүүрсний хэрэглээ цаашид буурна гэж ойлговол өрөөсгөл болох аж. Түүгээр ч барахгүй ойрын жилүүдэд нүүрсний зах зээлд цоо шинэ үйл явц ажиглагдаж, нүүрс дэлхий нийтийн сонирхолыг татсан бүтээгдэхүүний нэг болно гэж судлаачид үзэж байна. Үүнтэй холбоотойгоор www.vestifinance.ru цахим хуудсанд дараах тоо баримтуудыг дэлгэжээ.
1. Өнөөгийн байдлаар нүүрс дэлхийн эрчим хүчний үндсэн хэрэглээний 30 хувийг хангаж байгаа нь 1970-аад оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 41, гангийн үйлдвэрлэлийн 70 хувийг тус тус нүүрснээс хангаж байна.
2. Дэлхийн байгалийн нөөцийн хүрээлэнгийн мэдээллээс үзэхэд 2012 оны байдлаар нүүрсээр ажилладаг 1.200 цахилгаан станц шинээр баригдахаар төлөвлөгдсөний дийлэнх нь БНХАУ ба Пакистанд баригдаж байна.
3. Дотооддоо нүүрсний нөөцгүй Япон улс сүүлийн долоон жилийн хугацаанд нийт 19.7 тэрбум ам.долларыг хилийн чанад дахь нүүрсний төслүүдэд зарцуулсан бол Германы төрийн өмчит “Kreditanstaltfьr Wiederaufbau”банк Грек, Энэтхэг, Серби, Өмнөд Африк, Австрали зэрэг оронд найман жилийн хугацаатай үргэлжлэх нүүрсний төслүүдэд нийт 3.7 тэрбум ам.долларын санхүүжилт хийжээ.
4. Дэлхийн нүүрс худалдааны эргэлт саарах янзгүй байна. Өнгөрсөн жилд л гэхэд дэлхийн нүүрсний нийт экспортын хэмжээ 1.3 сая тоннд хүрсэн. Нүүрсний импортоор Хятад, Япон, Энэтхэг, Солонгос, Тайван зэрэг орнууд тэргүүлж байгаа бол топ экспортлогчдын жагсаалтад Индонез, Австрали, ОХУ, АНУ, Колумб зэрэг орон бичигдэж байна.
5. Нүүрсний тонн тутмын үнэ 72 ам.доллараас доош буувал дэлхийн нийт экспортын тавны нэг нь үр ашиггүй болоход хүрнэ.
6. 2015 он гэхэд Хятадад нүүрсний хоёр мянга гаруй жижиг уурхай үр ашиггүйн улмаас хаагдах тооцоо гарсан. Дэлхийн нүүрсний гол хэрэглэгч гэгддэг тус улсын Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Хятадын нүүрсний олборлолт 2012 онд 3.65 тэрбум тонн байсан бол өнгөрсөн онд 3.68 тэрбум тонн болж нэмэгджээ.
7. Агаарын бохирдолтой тэмцэх үүднээс 2020 он гэхэд Бээжингийн зургаан гол дүүрэгт нүүрсний хэрэглээг бүрэн хориглож, улмаар ойр орчмын нүүрсний уурхайнуудыг хаах гэнэ. Одоогоор тус хотын цахилгааны хэрэглээний 25 хувийг нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд хангаж байгаа юм.
8. Байгалийн хийн үнэ нэмэгдэж буйтай холбоотойгоор АНУ-ын нүүрсний хэрэглээ энэ жил өмнөх оныхоос 2.5 хувиар өсч, 949 сая тоннд хүрэх тооцоо байна.
9. Нүүрсний хэрэглээний өсөлтөөс шалтгаалан АНУ-ын нүүрсний олборлолт энэ жил мөн л 2.5 орчим хувиар нэмэгдэнэ.
10. Африк тивийн нийт хүн амын 60 хувь буюу ойролцоогоор 600 сая хүн өнөөдөр цахилгаан эрчим хүчгүй амьдарч байна. 35 тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэй гэгддэг тус тивийн нүүрсний хэрэглээ 2040 он гэхэд 70 хувиар нэмэгдэнэ.
ОХУ-ын Нүүрсний салбарын чөлөөт үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Иван Мохначукийн хэлснээр тус улс Элга, Элегест ордууд дахь нүүрсний олборлолтоо цаашид нэмэгдүүлсээр байх гэнэ.(Элга ордод л гэхэд тус улсын Мечел групп үйл ажиллагаа явуулдаг. Мечел нь ОХУ-ын нүүрсний салбарын тэргүүлэгч компани төдийгүй дэлхийн гангийн үйлдвэрлэлийг коксжих нүүрсээр хангадаг топ экспортлогчдын нэг юм. Тус групп Оросын коксжих нүүрсний нийт нөөцийн 25 хувийг эзэмшдэг бөгөөд зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд 27.5 сая тонн нүүрс олборложээ)
Дээр дурьдсан хоёр ордын аль аль нь коксжих ба эрчим хүчний нүүрсний баялаг нөөцтэйгээс гадна Хятад руу их хэмжээгээр экспортлох боломжтой юм. Харин овор ихтэй нурмаг бүтээгдэхүүнийг урт замд тээвэрлэнэ гэдэг утгаараа төмөр зам, ложистикийн асуудал чухлаар тавигдах болжээ. Гэхдээ ноён Мохначук төмөр замтай холбоотой техникийн асуудлууд ойрын хугацаанд бүрэн шийдэгдэж, экспортын хурд нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа юм. Тэрээр мөн Оросын нүүрсийг зүүн Азийн зах зээлд хүргэхэд одоо байгаа Байкаль-Амурын төмөр замын магистраль чухал үүрэгтэйг онцолсон байна. Тэрээр энэ талаар хэлэхдээ “1970-аад оны үед ЗХУ-аас энэ төмөр замын шугамыг анх барихад бүх хүмүүс л газрын мухарт, хэнд ч хэрэгцээгүй зам барилаа гэж шоолж байсан. Гэтэл тэр үеийн хүмүүс үнэхээр алсын хараатай байжээ. Өнөөдөр Байкаль-Амурын төмөр зам нэн их хэрэгцээтэй болсноор барахгүй ачааллаа дийлэхгүйд хүрээд байна. Оросын алс дорнодын хязгаар нүүрснээс гадна төмрийн хүдэр, байгалийн ховор элемент, түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ихтэй. Энэ утгаараа төмөр замын ачаалал цаашид ч нэмэгдэх тул хүчин чадлыг нь зайлшгүй сайжруулах шаардлагатай” гэжээ. Тус улсын нүүрсний салбараас уг төмөр замыг шинэчлэн сайжруулах сонирхол их байгааг ч тэрээр онцолжээ. “Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд бид 352 сая тонн нүүрс олборлосон. Энэ жилээс олборлолтыг 400 саяд хүргэх бүрэн боломж байна. Техникийн болон геологийн хүчин чадал бидэнд хангалттай учир зөвхөн төмөр замын дэд бүтцээ шийдэх л үлдэж байна. Ингэж чадвал олборлолтыг далайцтай нэмэгдүүлж болно” гэсэн байна.
“Оросын уул уурхай” ашгийн бус түншлэлийн Дэд тэргүүн Сергей Онисчук мөн энэ талаар хэлэхдээ “Нүүрсний нийлүүлэлтийг газарзүйн маршрутын хувьд тэлж, өөрчлөх асуудал Оросын нүүрсний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт тусгагдсан. Мөн энэ нь Украины асуудалтай огт хамаагүй” гэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: