А.Гансүх, Ц.Оюунгэрэл хоёрын тулаан дөнгөж эхэлж байна!

7Ардчилсан намын сайд нар хөнжилдөө хөлөө жийлцэж эхэллээ. Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Зам тээврийн сайд А.Гансүх  нар бие биендээ “хонзогнож” түүнийгээ ил тод илэрхийлэх болов.

Хоёр сайд хоёулаа жиргэгч. Тодруулбал “ twitter.com”   ашиглаж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэгч. Энэ нь эцэстээ хоёр сайдыг булхайгаа,”но”-гоо дэлгэх талбар болов. А.Гансүх сайдын хувьд инженер Ц.Батыг твитерт  өөрийг нь муулсан, доромжилсон юм бичлээ гэж гомдол мэдүүлж хориулж чадсан сүйхээтэй эр.  Харин инженер Ц.Бат бол сайд Ц.Оюунгэрэл сайдын төрсөн дүү. Ийнхүү Ардчилсан намын хоёр сайдын тэмцэл эхлэх нь тэр.

Ц.Оюунгэрэл сайдын хувьд төрсөн дүүгээ өмөөрч, хамгаалах нь байх ёстой л зүйл. Ямар ч Монгол хүн үүнийг харсан ойлгоно. Харин өчигдөр А.Гансүх сайд “Шинэ Монгол” телевизээр ярихдаа “Ц.Оюунгэрэл сайд дүүгээ дарга болгож өгөөч гэж гуйсан” хэмээн хэлчихэв. Харин үгүй гэснийх нь төлөө Ц.Бат буюу дүү нь өөрийг нь олон нийтийн өмнө твитерээр доромжилсон болоод явчихлаа. Тэр бүү хэл Ц.Оюунгэрэл сайдын ноцтой үйлдлийг харуулсан 30 минутын бичлэг байгаа, болохгүй бол тараана гэх маягийн хүүхэд шиг зүйл ярьж орхив.

Энэ байдлаас харахад Ц.Оюунгэрэл, А.Гансүх сайд хоёрын тэмцэл дөнгөж эхэлж байгаа гэж ойлгогдохоор байна. Цаашдаа энэ хоёрын дунд халуу тэмцэл өрнөх нь. Ц.Бат инженер 100 хоног хоригдоно. Ердөө 7 хоног нь өнгөрч байна. Тэгэхээр үлдсэн 93 хоногт Ц.Оюунгэрэл, А.Гансүх сайд хоёр бие биеийнхээ мууг үзэж, ноцтой, но –той үйлдлүүдийг нь дэлгээд дуусах нь гэж харагдаж байна.

Одоогоор А.Гансүх сайдын тухай янз бүрийн ноцтой асуудал сөхөгдөж эхэллээ.  “Японы хөрөнгө оруулагчийн хөрөнгийг дээрэмдэх ажиллагаа зохиож байсан л гэх, Эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхэд гар бие оролцсон л гэх. Энэ мэтчилэн Ц.Бат инженер хоригдсоноос болж  Ардчилсан намын хоёр сайдын ноцтой , “но”-той асуудал илчлэгдэх нь. Бид ч асуудлыг хөндлөнгөөс харж байх л үлдлээ дээ.

Ж.Батхишиг /HUNNU.MN/


URL:

Сэтгэгдэл бичих