Х.Баттулга далай ламаас юу хүсэв
АН-ын томоохон улс төрч, МОАХ фракцийн тэргүүн, УИХ-ын гишүүн Х.Баттулга далай ламд бараалхсан зураг өчигдөр твиттерт цацагдав. Нэрийнхээ өмнө олон гуншинтай тэрбээр Жудогийн холбооны ерөнхийлөгчийн албыг хашдаг. ОХУ-ын Челябинск хотноо болж буй дэлхийн аваргын тэмцээнд Монголынхоо баг тамирчдыг авч яваа билээ. Харин тэрбээр энэ үеэр далай ламд бараалхаж, хүслээ шивнэжээ. Хамгийн сонирхолтой нь түүнийг далай ламаас юу хүссэн бол гэх таавар твиттерчдийн дунд багагүй өрнөсөн юм. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Сүүдрийн Засгийн газар” байгуулах гэж байна гэх мэдээлэл хэвлэлээр гарч байгаа. Тэрбээр ойрноос фракцийнхнаа орон нутагт хуралдуулан, энэ Засгийн газрын үйл ажиллагааг багагүй шүүмжилснээс гадна АН унасан нэр хүндээ сэргээхийн тулд сөрөг хүчинтэйгээ өвөр түрийндээ оролцохоос өөр гарцгүй гэх дүгнэлтийг ч хийгээд байгаа сурагтай. Ийм эмзэг үед тэрбээр далай ламтай уулзсаных лав л ойр зуурын аар саархан зүйл хүсээгүй нь лав. Магадгүй ирэх өдрүүдийн улс төрийн өнгийг хэрхэн тодорхойлох цаашлаад их улс төрд тэр дундаа АН-д хэн байх зураглалаа гаргаж, түүнийхээ талаар шивнэн, нууц хүслээ шивнэсэн ч байж болох.
М.Өлзий
- See more at: http://www.unen.mn/content/38900.shtml?alias=politics#sthash.jM6MG4fX.dpuf
URL: