Шадар сайд Д.Тэрбишдагва ахмад дайчдад хүнд суртал гаргав
Монгол, Зөвлөлтийн цэрэг дайчид 1939 онд болсон Халх голын дайнд гарамгай амжилт гаргаж түүхэн ялалт байгуулсан билээ. Тэдний гавьяаг хүндэтгэх түүхт 75 жилийн ойн баярыг Засгийн газар, хоёр улсым батлан хамгаалах салбарынхан наймдугаар сарын 23-29-ний өдрүүдэд Хэнтий, Дорнод аймагт тэмдэглэж буй.
Ялалтын баярт ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын газрын Хилийн албаны даргын орлогч, дэслэгч генерал В.Н.Стрельцов тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж, жагсаалд оролцох салаа цэргүүд, танк, хуягт байлдааны зэвсэг хэрэгслийг галт тэргээр зөөвөрлөн Чойбалсан хотод авчирсан байна. Энэ сарын 25-нд хүндэт эочдод зориулсан жагсаал, хүндэтгэлийн хурал болсон бол өчигдөр Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслол болжээ.
Цэцэг өргөх ёслолын ажиллагаа 09,00 цагт болохоор товлож 1939, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон хоёр улсын ахмад дайчид, нутгийн ард иргэд цагтаа цугласан боловч Шадар сайд Д.Тэрбишдагвыг бүтэн цаг хүлээсний эцэст үйл ажиллагаа эхэлжээ. Үүнд ахмад дайчид төдийгүй гадна дотны зочид төлөөлөгчид чамгүй чилээрхсэн аж.
Ингээд зогсохгүй хүндэт индрээс Шадар сайд үг хэлэхдээ “Хувьсгалт цэргүүд ээ” хэмээн хэлсэн нь мөн л олны эгдүүцлийг төрүүлсэн гэнэ. Засгийн газраас нэр бүхий УИХ-ын гишүүд, сайд, дарга нар очсон хэдий ч баярын үйл ажиллагаанд төдийлөн харагдахгүй байсан аж.
Хамгийн түрүүнд ирэх ёстой Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ ирээгүйгээс “Эх баригчид Ялалтын баярыг үл хүндэтгэлээ” хэмээн олон нийт дүгнэхэд хүргэжээ. Гэтэл ОХУ-ын генералууд салаа цэрэг, техник хэрэгслээ авчирч ёслолын жагсаал хийж, цэрэг дайчид нь нүдэндээ нулимстайгаар дайчдаа дурссан нь хурсан олны сэтгэл хийгээд гэрэл зурагт мөнхөрч үлдсэн байна.
Дайнд амиа алдсан болон баатарлаг гавьяа байгуулсан дайчдын ар гэрийнхэн ОХУ-ын цэрэг дайчдыг тэврэн угтаж, өөрийн ахан дүүс шигээ хүлээн авч байхад Засгийн газраас хүндэтгэлийн жагсаалын үөэр ОХУ-ын зочид төлөөлөгчдөд зориулсан орчуулга, тусгайлан бэлтгэсэн жагсаалын хөгжим бэлтгээгүй байсан нь хойд хөршийн дайчдын сэтгэлийг гонсойлгосон бололтой.
Үүнээс болж “Энэ Засгийн газарт орос хэлний мэдлэгтэй хүн байдаггүй юм байх даа” гэх яриа хүртэл гарсан байна. Уг нь тухайн ёслолын ажиллагаанд МАН-ын албан тушаалтнууд оролцсон. Тэдний туршлагыг ашигласан бол ийн шүүмжлэлд өртөхгүй байлаа.
Түүнээс гадна Шадар сайдын хамт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, Б.Гарамгайбаатар, Х.Болорчулуун, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр зэрэг албан тушаалтнууд оролцохоор очсон хэдий ч Дайчдын хөшөөнд цэцэг өргөх, цэргийн ёслолын жагсаалын үеэр Х.Болорчулуун, Б.Гарамгайбаатар нар оролцоогүй аж.
Гэтэл зохион байгуулагчид “Эдгээр гишүүд Ялалтын баярт өндөр ач холбогдол өгч оролцож байна” хэмээн нэр цохон зарласан гэх явган яриа ч байна. Ийнхүү Халын голын ялалтын 75 жилийн ойн баярын арга хэмжээ эхнээсээ таагүй мэдээлэл дуулгаж байна.
Баярын үйл ажиллагаа энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ. Халх голын дайнд оролцсон ахмад дайчдаас Монголын талаас 140 нь амьд сэрүүн байгаа бол ОХУ-ын таван ахмад дайчин байгаа аж.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: Монголын үнэн
URL: