Уг нь Монгол хүн бол Монголын “Очир алмааз” шүү дээ!
Балар эртний үед хүмүүс нүцгэн шалдан гүйлдэж, даархаараа амьтны арьс хэгэлдэрлэн явах тэр зэрлэг балмад үеээс эдүгээ том хот сүндэрлүүлж соёлт нийгэмд бид бүхэн амьдрах болсон. Том буйдан дээр зурагтныхаа удирдлагийг аваад л сувгаа эргүүлж тойруулаад л суух нь гайхамшиг мэт санагдана. Энэ орчлон хорвоод хүмүүний амьдрал хувьсан өөрчлөгдсөөр эдүгээ хүрсэн. Техник технологи хөгжсөн эрин зуунд хүн төрөлхтөн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхсаар л байна.
Азийн цээжин дэх Монгол улсыг хөгжлийн төвшингөөр нь хөгжингүй орнуудтай жиших аргагүй. Өвөг дээдсээс үлдсэн газрын ашигт малтмал “Нарны тоос” мэт бужигнаж байна. Гэтэл ашигт малтмалаа улс орныхоо сайн сайхны төлөө ашиглаж үл чадна. Гай газар дороос гахай модон дотроос гэдгийн үлгэрээр өнөөгийн нийгмийн хар бараан зүйлийг харахад л товч тодорхой гэлтэй. Хамаг баялагаа харийнханд ухаж сэндийчүүлээд л нүдэн балай чихэн дүлий өнгөрөх юм. Энэ бол бидний амьдарч буй нийгмийн бодит үнэн. Хар бараан зүйл өдөр бүхэн л нэмэгдсээр л байна. Үүний хажуугаар хүн хүнээ хайрлах, хүндлэх сэтгэл ялангуяа Монгол хүнд байх ёстой. Гэвч өнөөдөр нөхцөл байдал ямар байгааг харахад эгдүүцмээр дүр төрх харагдаж байна.
Ядарч яваа нэгэндээ туслах нь хүмүүний ёс жудаг гэлтэй. Гэтэл ядарч зовсон Монгол хүнээ нийгмийн хог шаар мэт л ханддаг болсон. Урьд нь мэндийн зөрөөтэй явдаг байсан хүн нь ядруухан харагдвал жишимчгүй хажуугаар нь өнгөрнө. Хэзээ Монгол хүн тийм байсан билээ мэндлэх, хүндлэх ёс бидний өвөг дээдсээс өвөлж авсан амьдралын сайхан хэв уламжлал биш билүү? Нийгэм даяарчлагдах хэрээр Монголчууд нэг нь нөгөөгөө, нөгөөн нэгнийгээ хайрлах сэтгэл улам л хоосорсоор байна. Зүгээр л хүн хүнээрээ байх тэр нинжэн сэтгэл алга. Өнөөх сайхан өр нимгэн сэтгэл гээч нь усанд хаясан чулуу шиг л алга болжээ. Ийм нөхцөл байдлыг юу гээч нь ингэтлээ өөрчилсөн юм гэдгийг тааварлах нь илүүц биз. Монгол хүн нэг нэгэндээ таалагдахаа больчихсон. Сайн явж ч болохгүй, саар ч яваж болохгүй болсон. Эв эеээ ололцоод хүн хүнээ хайрлаж хүндэлдэг тэр сайхан уламжлал маань дахиад сэргэх төдийд бидний сэтгэлгээнээс асар их зүйл гарах боломжтой ард түмэн. Элэг нэгт ахан дүүсээ бид л хайрлаж хүндлэх ёстой. Бид чинь дэндүү цөөхүүлээ ард түмэн. Монгол хүн бол Монголын очиралмааз шүү дээ.
Г.Мөнхбаяр/HUNNU.MN/
URL: