Лу.Болд Их Хар сүлдийг “Женко” Х.Баттулгад “хувьчилжээ”
Эрт урьд цагт “Женко” Х.Баттулга гэдэг жудоч хүү байжээ. Тэрбээр тун удалгүй Монголын эзэн болжээ… Энэ үлгэр бол одоогийн ЗТБХБ-ын сайд “Женко” Х.Баттулгын мөрөөдөл. Тэр одоо энэ хүслээ хэнээс ч нуухаа больж. Түүний хэмжээлшгүй шунал, Монголын “Загамайлсан эцэг” болох туйлын хүсэл өөрийнх нь хувьд овоо хэдэн хувийн биелэлттэй бололтой. Анх Японоос “Sony” камер тамирчны үүргэвчинд хийж зөөсөөр, одоогийн санхүүгээ босгосон.
Уг нь ид хувьчлалын үеэр үнэгүй авсан Монголын томоохон үйлдвэрүүд Х.Баттулгыг өдий зэрэгтэй, том мөрөөдөлтэй болгосныг хэн хүнгүй мэднэ. Х.Баттулгын эзэмшилд “Талх чихэр”, “Мах Импекс”, “Баянгол зочид буудал”, “ХИД”, “Женко Тур бюро”, Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, “Эмээлт” зах, Налайх, “Женко холдинг” зэрэг 30 гаруй томоохон компани, аж ахуй нэгж байдаг. Монголын банк санхүү, хүнс, хөдөө аж ахуй, зам барилга гээд түүний оролцоогүй салбар нэг ч үгүй. Тэрбээр одоо Монгол Улсын дэд бүтцийн томоохон салбарын сайдын ажилтай. Улс төрийн карьерын хувьд МоАХ шууд утгаараа Х.Баттулгын өмчлөлд шилжсэн гэхэд дэгсдүүлсэн болохгүй. МоАХ-ны дарга болуут өөрийн хөрөнгөөр Ардчиллын ордны өнгө зүсийг өөрчилж, эгээ л Төрийн ордноос тохь тухтай болгосон. Ер нь МоАХ-той холбоотой бүх ажил “Женко” компанийн мөнгөөр явагддагийг учир мэдэх олон хүн хэлдэг. Хүний шунал гэж агуу аж. Авч болмооргүй, өмчилж болохгүй, хүний санаанд оромгүй зүйлд ч Х.Баттулга гар сунгах юм. Тэрбээр хамгийн сүүлд Монгол цэргийн Их Хар сүлдийг өөрийн болгожээ. Хар сүлдийг тахиж цэнгүүлж байв. 1992 оны дөрөвдүгээр сарын 28-нд Ерөнхийлөгч П.Очирбат 62 тоот зарлигаа буулгажээ. Үүнээс хойш хоёр жилд нэг удаа Их Хар сүлдийг цэнгүүлэх болсон бөгөөд Монголын зэвсэгт хүчний гол бааз, бэлтгэл сургуулилалт бүх үйл ажиллагаа төвлөрдөг Тавантолгойд цэнгүүлсээр олон жилийн нүүр үзсэн. Их Хар сүлдийг цэнгүүлэх ёслол Таван толгойн хөндийд хуарагнасан Монголын армийн зэвсэг техник, цэргүүдийн жагсаалын тоос, уухайн дуутай, хослон ёстой л цээж огшиж самсаа шархирмаар их бахархлын дунд болдог байв. Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Батлан хамгаалахын сайд ЗХЖШ-ын дарга тэргүүтэй Улаанбаатарын цэргийн хүрээний албан хаагчид, Их Хар сүлд цэнгүүлэхийг үзэж сонирхох эрчүүд цугладаг байв. Гэтэл энэ жил гэнэт Монгол цэргийн Их Хар сүлдийг Тавантолгойд бус Цонжинболдогт цэнгүүллээ. Зургадугаар сарын 7-нд болсон энэ ёслол өмнөх жилүүдийнхээс даржин болов. Үүнээс хойш байнга Цонжинболдогт цэнгүүлэхээр болсон гэнэ. Салбарын сайд Лу.Болд, Х.Баттулга хоёрын тохиролцоогоор Монгол цэргийн Их Хар сүлд ийнхүү Цонжинболдогт шилжжээ. Учрыг тодруулбал, Х.Баттулгын “Женко Тур Бюро” ХК Цонжинболдогт байрладаг. Тиймээс Цонжинболдогт аялагч жуулчдыг татах бас нэг хөшүүрэг нь Монгол цэргийн Хар Сүлд гэж Х.Баттулга үзсэн аж. Тэр ч байтугай түүнд анх энэ “гоё санааг” хэлж өгсөн хүн нь өдгөө БХЯ-ны газрын дарга, бригадын генерал “казино” Д.Энхбаатар гэнэ. Д.Энхбаатарын энэ санааг Х.Баттулга алга ташин хүлээж аваад Лу.Болдтой уулзаж Цэргийн Их Хар сүлдийг “эзэмших” гэрээг сэм үзэглэсэн аж. Ийнхүү Монгол цэргийн хүндэтгэл бахархлын дээд, генерал командлагч бүхний толгой бөхийлгөн ёсолдог Их Хар сүлд “Женко” Х.Баттулгын бизнесийн хэрэгсэл болов. Муухай сонсогдож байгаа биз. Гэсэн ч болоод байгаа болохоор ингэж хэлэхээс яах вэ. “2013” оны зургадугаар сард Монгол цэргийн Их Хар сүлдийг цэнгүүлэх ёслол Х.Баттулгын “Женко Тур Бюро”-д болно”. Хоёр жилийн дараа хэвлэлүүд ингэж мэдээлэх үү. Аягүйдвэл тун удахгүй бүх цэргийн Их Хар сүлд БХЯ дээр үү, “Женко Тур Бюро” дээр үү, хаана байгаа нь мэдэгдэхгүй болж магадгүй нь. Нэг авч болсон юм, нэг мөсөн авна гэдэг Х.Баттулгархуу хүний зан. Нэг мэдсэн чинь, Төрийн ордонд залардаг өнөөх Есөн хөлт цагаан тугийг минь “Талх Чихэр”-ийн оройд залчихсан байх вий.
Б.Андгай
URL: