Ц.Оюунгэрэл: Дүү шигээ шүүмжлэгчийг хамгаалахын тулд хууль санаачиллаа
-БНХАУ-ын дарга Си Зиньпин айлчлаад буцлаа. Манай хоёр улс соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар гэрээ байгуулсан байх аа?
-Хоёр орны хооронд 2014-2017 онд хийгдэх ажлуудад гарын үсэг зурлаа. “Соёлын солилцооны төлөвлөгөө” хэмээх энэ гэрээний хүрээнд харилцан соёл урлагын тоглолт хийх, соёлын өдрүүд зохион байгуулах, соёлын өвөө хамгаалах, соёлын өвийн хууль бус хулгайтай хамтарч тэмцэх зэрэг уламжлалт харилцаа үргэлжилнэ.
Мэдээж шинээр хийх ажлууд ч гэсэн нэмэгдсэн. Ер нь тодруулж хэлэхэд энэ гэрээ нь манай хоёр орны хувьд тогтмол байгуулдаг гэрээний нэг. Нийт 17 удаа байгуулсан байна. Монгол, Хятад хоёр орны соёлын харилцаа маш тогтвортой төвшинд байдгийн илрэл нь энэ.
Яахав, зарим салбарт цоо шинээр гэрээ байгуулах эсвэл олон жилээр тасалдсан байсныг нь сэргээж байх шиг байна лээ. Харин манай салбарын хувьд тийм зүйл байсангүй.
-Дэлхийн орнуудад үзэл суртал, соёлоо сурталчлах боломж нь уран сайхны кино болж байна. Хятадууд уран сайхны 25 кино бэлэглэлээ. Солонгос сериалыг багасгах нэг арга нь болов уу?
-25 кино бэлэглэсэн нь БНХАУ-ын даргын гэнэтийн бэлэг байлаа. Мэдээж Монголын сэтгүүлчдэд Хятад улстай танилцах, хятадын соёлыг иргэдэд танилцуулах боломж нээгдлээ. Манай үзэгчид аль болох олон орны соёлтой тусам дэлхий нийтийн соёлыг илүү ойлгох учиртай.
Энэ нь хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, соёлоо танин мэдэхэд түлхэц үзүүлэх нь дамжиггүй. Манай оюутан залуучууд хэдий чинээ соёлын солилцоогоор суралцана хятадууд төдий чинээ Монголын тухай мэдээлэлтэй болно. Тэр ойлголтыг нэмэгдүүлэхэд БНХАУ-ын даргын гэнэтийн бэлэг түлхэц болж таарна.
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жил боллоо. Сайд нар салбартаа өрнөсөн бүтээн байгуулалтын ажлаа багцлаад ярьсан гэх мэдээлэл байна. Танай салбарт ямар ажил өрнөв?
-Манайх бол байнгын буцалж байдаг салбар. Уран бүтээлчид, тамирчид, аялал жуулчлалынхан шинэ санаагүйгээр, шинэ амжилтгүйгээр салбартаа оршин тогтноход маш хэцүү. Миний хувьд энэ салбарт ажиллаж буйгаа аз завшаан гэж боддог.
Сонирхолтой цаг үед Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг удирдах хувь тохиол надад заяажээ. Яагаад сонирхолтой гэхээр монголчууд маань өв соёлоо хайрлан хамгаалахыг шахаж шаардаж байгаа үе байхгүй юу.
“Намайг сайн ажиллаач” гэх тэр шаардлага нь салбарын ажил урагшлахад маш сайн нөлөөлж байна. Яах вэ, зарим цаг үед соёлоо тоолгүй, мөнгө байвал болно гээд наймаанд явж байсан нь бий. Харин өнөөдөр иргэд өдөр тутмын амьдралаасаа гадна “Үр хүүхдүүддээ үлдээх соёлыг маань хамгаалаад өг, эрүүл чийрэг залуу үеийг бий болгомоор байна.
Спортыг дэмжмээр байна” гэдгийг хүлээн зөвшөөрсөн цаг үед энэ салбарыг удирдаж байна. Тийм ч учраас манай яамныхан өдөр тутамдаа их, багагүй гэлтгүй санал санаачлага дэвшүүлэн ажиллажээ. Эргээд харахад ч багагүй зүйл хийсэн байна.
Соёлын өвийг хамгаалах шинэ хуультай боллоо. Монгол уран бүтээлээ дэмжих хөтөлбөртэй боллоо. Сүм хийд, номын сан, айлд байна уу гэдгээс үл хамааран эртний ном судраа хамгаалах хөтөлбөр, аялал жуулчлалаа хөгжүүлэх талаар салбарын хэмжээнд нэгдсэн ойлголттой боллоо.
Шонхор шувуу, Бурхан халдун уул, үлэг гүрвэл гээд аялал жуулчлалын брэндүүд нь баяжсан байна. Спортын салбарт ч гэсэн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээ нэмэгдүүлж чадлаа. Багийн спортыг дэмжих бодлого гаргаснаас гадна спортын хөрөнгө оруулалтын бодлоготой болсон гэхчилэн үр дүнтэй сууна.
-Сайны хажуугаар саар гэдэгчлэн салбартаа бүхэлд нь бус зарим зүйлд нь хэт анхаарлаа хандуулж байна гэх шүүмжлэл тасардаггүй. Бүр урлагийнхан жагсч огцрохыг шаардаж байсан үе бий?
-Манай урлагийнхан цалингаа нэмэгдүүлэхийн төлөө жагсч байсныг санаж байна. Ер нь урлагийн салбарынхны цалин бусадтай харьцуулахад муу байдаг нь үнэн. Ялангуяа, нэртэй төртэй сайхан хүмүүс байдаг учраас нэрэлхсэндээ тэр юм болов уу төр, засгаас шахаж шаардсан асуудал ч байдаггүй.
Үе, үеийн Засгийн газар тэдний цалин нэмэгдэлд хойрго хандаж ирсэн байдаг. Гэхдээ тэвчээр шаардсан аливаа зүйлд тэсэрдэг цаг байдаг учраас тэсэрсэн. Манай гавъяат жүжигчид манлайлаад жагсаал хийсэн шүү дээ. Харин энэ жагсаалыг манай яам талархан хүлээж авсан.
Яагаад гэвэл түүнийг нь соёлын салбарын дуу хоолойг Засгийн газрын бүх төвшинд хүргэх боломж гэж харсан юм. Тэр ч утгаараа Засгийн газраас соёлын салбарынхны цалин, хөлсийг нь нэмэгдүүлэх тухай тогтоол гаргуулж чадсан болов уу.
Хэдийгээр “Батаараас өөр зүйлд анхаарахгүй байна. Яснаас хүн чухал шүү” гээд хатуу үг хэлж байсан ч жагсаалын үр дүн салбарынхандаа маш том нөлөө үзүүлсэн. Зөв шүүмжлэлийг хүлээж авсан учраас ажил хэрэг болж чадсан нь тэр.
Миний хувьд шүүмжлэлийг дуртайяа сонсдог, хүлээж авдаг. Хэрэв салбарын хэн нэг нь “Сайд та энэ сэдвээр их яриад байна. Өөр юм ярьж болдоггүй юм уу “ гэвэл өөр зүйл ярихаа нэмэгдүүлнэ.
-Урлагийн салбарт болж буй өөрчлөлт шинэчлэлт төдийлөн харагдахгүй байна уу даа?
-Тодорч харагдахгүй байгаа ч гэсэн өөрчлөлт гарч байна. Юу гэхээр өнөөдөр урлагийн салбарт ялгаварлан гадуурхлалт байхгүй боллоо. Гадны жуулчдад зориулж ялгаатай үнэ өртөгтэй тасалбартай байсан бол одоо ижил төвшний болсон.
Нөгөө талаас орон нутгийн театрыг өөрийн гэсэн брэндээ хөгжүүлэхэд нь тусаллаа. Өнөөдөр олон аймгийн театрууд өөрийн гэсэн бүтээлтэй болсон байна. Увсын театр гэхэд “Ээрэн хүрээ” дуулалт жүжиг, Хөвсгөлийнх “Этүгэн тэнгэрийн дуудлага” тоглолт, Ховдынх “Галдан бошигт” гэсэн дуулалт жүжигтэй боллоо.
Энэ бүхэн манай яамны санхүүжилтээр хийж байгаа бүтээл. Орон нутгийн театраас гадна төвийнхөө театрт уран бүтээлийн санхүүжилтийг нэмж өгч байна. Хөдөө орон нутагт аялан тоглох зардлыг нь хүртэл гаргаж өгч байгаа.
-Та салбарынхаа шүүмжлэлийг хүлээж аваад ажил хэрэгтээ тусгаж байна. Харин тантай хамт тохой нийлүүлэн суух нэг кабинетийн гишүүн А.Гансүх сайд салбарынхаа шүүмжлэгчийг шоронд илгээчихэв. Тэр шүүмжлэгч нь таны дүү байлаа?
-Уг нь ийм зүйл болох ёсгүй байсан юм. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга гээд төрийн бүхий л удирдах албан тушаалтан иргэдийн шүүмжлэлийг сонсох ёстой хүмүүс байхгүй юу.
Шүүмжлэл болгоныг гүтгэлээ, намайг хорлолоо, намайг ад үзээд байна гээд гомдоллоод байвал юу болох юм бэ. Ингэвэл ардчилал биш болно.
Өнөөдөр ганц сайд маань гомдомхой байж болно. Үүнийг нь засч залруулахын төлөө явахгүй бол дараа жил олон гомдомхой дарга гарч ирнэ. Хоёр жилийн дараа гомдоллогч дарга нарын тоо бүр цадигаа алдах байлгүй.
Хэрэв энэ зарчмаар цааш үргэлжилвэл даргынхаа өөдөөс дуугарч чаддаггүй нийгэм рүү орно. Энэ бол буруу жишиг. Маш буруу. Миний хувьд энэ буруу жишгийг газар авахуулахгүйн тулд хуулийн төсөл санаачилсан байгаа.
-Ямар төсөл вэ?
-Ардчилсан орнуудад Ц.Бат шиг шүүмжлэгч нарыг хамгаалсан хууль байдаг юм байна. Салбар цаашлаад байгууллага дотроосоо удирдлагаа шүүмжлэх нь өөрөө эрсдэлтэй. Харин ардчилал хөгжсөн орнуудад энэ эрсдлийг хүлээн зөвшөөрч шүүмжлэл өрнүүлдэг хүмүүсийг тусгайлан хамгаалдаг хуультай юм билээ.
Тэр хуулийг нь ихэнхи орнууд Шүгэл үлээгчийг хамгаалах хууль гэж нэрлэдэг юм байна. Энэ хууль ардчилсан засаглалтай улс орон бүрт бий. Иргэн үг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байгаа учраас шүүмжлэл гарч таарна. Харин манайх ардчилсан улс ч гэлээ шүүмжлэгчээ хамгаалах хуульгүй орон.
Шүүмжлэгчийнхээ хэлсэн зүйлийн үнэнийг тогтоох баталгаа ч алга. Өөрөөр хэлбэл, шүүмжилж байгаа хүн хуулиар хамгаалуулж чадахгүй байна гэсэн үг. Хоёрдугаарт, үнэнээр хамгаалуулж бас чадалгүй шууд шоронд явчихаж байна.
Энэ маш эмгэнэлтэй дүр төрх. Ардчилал өөрөө, өөрийгөө буцааж хэмхлэх зүйл рүүгээ явж байгаа юм биш биз дээ гэмээр түгшүүртэй дүр зураг байлаа. Яах вэ, эгчийн хувиар эсэргүүцлээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод хэлж байгаа.
Миний дүү хуульгүй ертөнцөд, хамгаалалтгүй ардчиллын ертөнцөд хохирогч боллоо. Тиймээс олон Батыг хохироохгүйн тулд, олон эгчийн дүүг шийтгүүлэхгүйн тулд, олон ардын хүүг гэмтэн болохгүйн тулд яаралтай хуулийн төсөл санаачлах ёстой юм байна гэдгээ ойлгосон.
Энэ төслийг энгийнээр тайлбарлавал эх сурвалжийг хамгаалах хууль. Эх сурвалжтай байж чаддаггүйгээс болж сэтгүүлчид шийтгүүлэх нь элбэг. Харин үүгээр хэвлэл мэдээлэлийнхэнд мэдээлэл өгөх эх сурвалжийг хамгаална. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль байгаа атлаа эх сурвалж хамгаалах хууль байдаггүй биз дээ.
-Ц.Бат өөрөө жирийн нэгэн жиргээч биш. Тэр салбарын мэргэжлийн хүн учраас сайдынхаа дургүйцлийг хүргэсэн байх?
-Олон улсад салбарын мэргэжилтэн салбарынхаа дотоод асуудлаар олон нийтэд мэдээлэл өгөхийг шүгэл үлээх гэдэг юм билээ. Байгууллага доторх болж бүтэхгүй байгаа зүйлийг мэдээлэхийг бас шүгэл үлээгч гэж хэлнэ.
Үүнийг хамгаалах хууль дэлхийн орнуудад яагаад байдаг гэхээр салбар дотроосоо бүтэхгүй зүйлийг илчлэх нь хамгийн эрсдэлтэй, хэцүү ажил учраас тэр. Жишээлбэл, би нисэхийн салбарт ажилладаггүй учраас энэ талаар шүүмжлэл өрнүүлэхэд надад ямар ч эрсдэл тохиолдохгүй.
Яагаад гэвэл миний цалинг хасахгүй, миний байрны зээлийг зогсоохгүй, ажлаас маань халахгүй учраас гаднаас шүүмжлэх их амархан. Харин “Нисэхийн салбарт энэ томилгоо, энэ гэрээ чинь болохгүй байна” гэж дотроосоо дуугарвал цалингаа хасуулах, тушаал дэвшихгүй байх цаашлаад ажлаас халагдах, цагдаад шалгуулах эрсдэлтэй.
Ийм учраас ихэнх хүн дуугардаггүй юм байна. Ц.Батын хувьд миний нэрлэсэн бүх эрсдлийг биеэрээ амссан. Цалинг нь бууруулсан. Ажлаас нь халсан, цагдаад өгсөн. Тэгээд ажилд нь буцааж авахгүй гэсэн. Салбарынхаа төлөө үг хэлснээрээ шүүмжлэгчийн эрсдлийг бүх шатанд нь 100 хувь амсчихаж байгаа юм.
Бүр сүүлдээ эрх чөлөөг нь хүртэл хаслаа. Цаашдаа Ц.Бат шиг хүн нисэхийн салбарын талаар ярихгүй. Гарч ирэхгүй. Юу ч болж байсан хэн ч дуугарахгүй. Хэн ч дуугарахгүй байна гэхээр нөгөө төрийн мөнгө яаж үрэгдэв, төсвийн асуудал яаж байна, албан тушаалтан хэрхэн дураараа авирлаж байгаа нь оньсого болоод үлдэнэ дээ. Тэр нь хамгийн аюултай.
Аль нэг салбараас дуугарсан хүнийг шийтгэснээр тэр салбарыг бүхэлд нь дарангуйллын тогтолцоонд оруулчихаж байгаа юм. Салбараа тийм тогтолцоонд оруулахгүйн тулд хуулиар хамгаалж, шүүмжлэх эрхийг нь нээж өгөх ёстой.
-Дарга нар шүүмжлүүлэх дургүй шүү дээ. Энэ төслийг дэмжиж батлах болов уу?
-Гишүүд дэмжинэ ээ. Олон гишүүн дэмжихээ илэрхийлж байгаа.
-Та А.Гансүх сайдтай энэ асуудлаар уулзаж байсан уу. Асуудлыг сайдын хэмжээнд шийдэж болоогүй юм уу?
-Хоёр эр хүн хоорондоо ярилцаад учраа олчих байх гэж бодсон. Тэгээд л тайван яваад байсан хэрэг. Нэг нь дарга. Нөгөөх нь цэрэг шүү дээ. Ийм байхад би дундуур нь орж гүйгээд ямар хэрэг байна. Ц.Батыг аргадаж, А.Гансүхийг гуйгаад явах албагүй. Утгагүй биз дээ.
Салбарын сайд гэдэг бол сайд. Би өөрөө ч заримдаа салбарынхандаа уурлана аа. Мэдээж шүүмжлэхэд нь уур хүрдэг. Хүн юм чинь аргагүй байлгүй. Гэхдээ салбарынхандаа уурласан тэр уур бухимдал маань ердөө хоёрхон минут үргэлжилдэг. Удаан үргэлжиллээ гэхэд 10 минут болно. Тэгээд л мартана.
-Цагдаад өгөхгүй юу?
-Юу гэж цагдаад өгөх юм. Цагдаад өгөх нь битгий хэл ажлаас нь халахгүй. Цалинг нь ч бууруулахгүй. Ц.Батад ногдсон шийтгэлийг хэзээ ч тэр хүмүүст ногдуулахгүй. Харин ч дараа нь нөгөө шүүмжлээд байсан нөхөдтэйгээ юу ч болоогүй юм шиг найзлаад явдаг.
Ер нь Бат гэдэг залуу жиргэлээ гэхэд нэг л шийтгэл хангалттай биз дээ. Хэчнээн дэс дараалалтай шийтгэх ёстой юм бэ. Би өөрөө хэтэрхий цагаан цайлган хүн юм уу, бүү мэд. Улс төрч хүн шүүмжлүүлэх ёстой гээд бодчихсон учраас надад шүүмжлүүлэх бол асуудал биш.
Харин А.Гансүх сайд хүний үг даахад юу нь хэцүү байсан юм бол доо гайхаад л байна. Бат намайг ч гэсэн шүүмжилдэг. Аялал жуулчлалын салбараа байнга шүүмжилдэг хүн ч гэсэн бий. Тэр хүний хэлсэн зөв санааг нь авч ажилдаа тусгаад, бурууг нь тоодоггүй.
-Дүүгээ эргэв үү?
Эргэсэн.
-Гайгүй юу. Юу гэж байна?
- Баригдсаных нь маргааш нь эргэсэн. “Би хохироод өнгөрлөө. Гэхдээ ардчилал чинь цаашдаа яах юм бэ. Хэвлэлийн эрх чөлөө чинь яах вэ. Үүнийгээ бодоорой. Танай Ардчилсан намын үед хэвлэлийн эрх чөлөө байхгүй болох нь байна. Та нар үүний төлөө тэмцээ биз дээ” гэж сануулж байна лээ.
-Уг нь А.Гансүх сайд та хоёр МоАХ гэсэн нэг фракцийнх?
- Энэ фракцийн нэрээр сайд болсон нь үнэн. Гэхдээ засаг байгуулсны дараа өөр өөрийнхөө замаар явж байна.
-Та ойрын үед намынхаа болж бүтэхгүй байгаа зүйлийг ил тод хэлчихэж байгаа. Ямар нэгэн дарамт, шахалт ирээгүй биз дээ?
-Манай намд үгээ хэлэх эрх нь нээлттэй. Үгээ хэлэх зөндөө хүн байна. Үүнээс болж намаа хуваах эсвэл хавчигдах, хэн нэгнийг намаас гаргах тухай асуудал хөндөхгүй. Ямар асуудал хөндөх вэ гэхээр зөв нийгмийг залуучуудад хүлээлгэж өгмөөр байна гэж хэлмээр байна.
Нам дотроо нэр хүндтэй байх нь чухал биш. Харин ардчилагчдын тэмцэж авчирч өгсөн эрх чөлөө бидний гараар дуусчихвий гэдэг түгшүүр надад байна. Үүнийг ойлгох гишүүн олон байгаа байх.
-АН-ын фракцийн үл ойлголцлоос болж Засгийн газар огцорно гэх юм?
-Засаг бүрдүүлэхэд фракц гэдэг зүйл их чухал байсан. Хэн хэнийгээ гомдоохгүй байх, аль аль талынхаа сонирхлыг ижил тэгш хүргэх гээд фракц нь чухал байдаг юм билээ. Харин одоо ажлаа хийгээд эхэлчихсэн, намаараа нэгдсэн дүн авах энэ үед фракц гээд хуваагдаад байх хэрэггүй.
Д.Болормаа
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: