Н.Энхбаяр шагнуулах гавъяа байгуулсан хүн биш гэж үү
Өнгөрсөн зун яг өдийд шоронгоос суллагдаад тэр чигтээ Сөүлийг зорьж одсон экс ерөнхийлөгч Н.Энхбаяр наадмын дараахан эх орондоо хөл тавих гэж байсан билээ. Гэвч АНУ-ын иргэн Ален Гинсбург гэгчээс одоогийн МАХН-ын байрыг 1,5 сая ам доллараар худалдаж авахдаа нэг сая ам долларыг нь өгөлгүй луу унжин хулхидаж алга болсон гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 148-ын 4 буюу бусдыг онц ноцтойгоор залилан мэхлэх гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж сүнсийг нь зайлтал айлгаснаас Монголд ойрын үед ирэхгүй болчихоод байгаа гэсэн мэдээлэл байгаа. Хөөрхий экс ерөнхийлөгч маань Төв аймгийн мөрдөнд ахин хоригдохоос айсандаа Сөүлийг орхин Канадын Ванкувер луу зугтаах санаатай байгаа гэсэн сураг ч сонсогдож байгаа билээ. Аягүй бол Хурц мэтийн нөхдүүд Сөүлд сэмхэн очоод өөрийг нь ерөнхий сайд байх үед Дамирангийн Энхбатыг Францаас хулгайлсан шигээ хулгайлаад аваад явж магадгүй хэмээн болгоомжилсондоо ийнхүү тив алгасан зугтаах бодол тээж яваа буй за. Мань эрийг нууцаар хулгайлаад ирвэл ирж чадахаар хүмүүс манай улсад олон бий.
Гэхдээ Н.Энхбаяр гэдэг хүн үргэлж айж эмээн эх орноосоо зугтааж явах дааж давшгүй нүгэл хийчихсэн хүн мөн үү гэдэг асуултыг тавьж үзье. Тэрбээр харин ч эсрэгээрээ гавъяа байгуулсан хүн гэж хэлэх үндэс бүрэн бий шүү. 1990 оны эхээр бид гэнэтхэн л ОХУ-д 11,7 тэрбум ам долларын өр төлөх болчихсон шүү дээ. Уг өрийг тэглэх ч юм уу багасгахаар Д.Бямбасүрэнгээс эхлээд үе үеийн засгийн газар чадах бүхнээ хийж оросуудын өмнүүр хойгуур гүйсэн байдаг юм. Жишээ нь Д.Бямбасүрэн гуай ерөнхий сайд байхдаа 1992 онд ОХУ-ын сайд нарын зөвлөлийн дарга Павловтой уулзаж 11,7 ам долларын өрийг 600 сая болтол нь хөнгөлүүлж үлдээснийг нь Монгол улс төлнө гэсэн санал тавьсан байв. Оросууд түүнээс чухам ямар эх үүсвэрээс мөнгө олж 600 сая ам долларын өр төлөх санаатай байгааг асуухад Д.Бямбасүрэн гуай Чингис хааныхаа онгоныг олж ухаад тэндээс гарсан алт эрдэнэсээр төлж барагдуулна гэх шахсан гэдэг юм. Гэхдээ арай ч ингэж хэлэлгүй “Бидэнд байгалийн асар их нөөц байгаа. Хэрвээ ухах юм бол бид маш их мөнгөтэй болно. Тэр болтол даанч цаг хугацаа хэрэгтэй байна. Энэ баялагтаа гар хүрэхээс өмнө бид Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банкнаас мөнгө зээлээд танай өрийг төлөх санаатай байгаа” гэсэн утгатай юм ярьсан учраас оросууд “Газар доор байгаа баялагтаа найдаж энд тэндээс баахан өр тавих гэж байгаа юм биз дээ. За яахав бид та бүхнийг харж үзээд энэ мөчөөс эхлэн өрөнд чинь хүү тооцохоо болъё.
Мөн өр төлөх хугацааны тухай асуудлыг түр хойшлуулъя” гээд өнгөрсөн байдаг юм. Хэрвээ оросууд манай ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн саналыг хүлээн зөвшөөрсөн бол манай улс ОХУ-ын өрийг төлөх гэж байна хэмээн Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банкнаас 600 сая ам доллар зээлж /ахиад л өр үүсгэж/ зээлэх байсан нь тодорхой байгаа юм. Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцинтэй уулзаж хэлмэгдүүлэлтийн асуудлыг нэг тийш нь болгон тохиролцоод буцаж ирэхдээ “Хэлмэгдүүлэлтийн асуудал дээр сайхан” ойлголцож байхад өөдөөс нь өр шир ярих жаахан бүдүүлэг санагдаад Орост төлөх их өрийн тухай ярьсангүй” хэмээн асуудлыг өөрөөсөө холдуулан түлхээд өнгөрч байлаа. Энэ хүн Монгол улсын гадаад өрийг нимгэлэх нь бүү хэл Гансүх хэмээх луйварчин залууд улсын сангаас 90 сая төгрөг өгч алдаад бүр ч өрөнд оруулж байсан удаатай.
1994 онд тухайн үеийн ерөнхий сайд П.Жасрай ОХУ-д айлчилж ерөнхий сайд В.Черномырдинтэй өрийн талаар ярьсан боловч оросууд “Түүхэн найрамдалт харилцааны уулзалтыг өр ширтэй холбохгүй” хэмээн эрс дургүйцсэн гэдэг. Үүний дараахан буюу УИХ-ын дарга Н.Багабанди “Туул Жин Пан”-гийн эзэн хятадтай толь бичиг ашиглан “ярилцаад сууж байх үед ОХУ-ын засгийн газрын шадар сайд Давыдов гэгч нөхөр манай улсад айлчилж ирээд “Их өр”-ийн 85 хувийг хөнгөлөх, үлдсэн 25 хувь болох гурван тэрбум ам.долларыг даруй төл гэсэн санал тавьсан гэдэг. Гэвч ерөнхий сайд П.Жасрай тэргүүтэй монголчууд энэ саналыг хүлээн авах боломжгүй хэмээн татгалзаад явуулсан байлаа. Харин 1996 онд Ардчилсан хүчин засгийн эрхэнд гарсны дараа ерөнхий сайд М.Энхсайхан ихээхэн өвөрмөц аргаар “Их өр”-ийн асуудлыг шийдэх гэж оролдож байв. Тэрбээр 1970-1989 оны хооронд Монголд байрлаж байсан Оросын зэвсэгт хүчин Монголын байгаль орчинд 12 тэрбум ам.долларын хохирол учруулсан учраас хэн хэнээсээ мөнгө нэхэхгүй дундаа хийгээд өнгөрөөе гэсэн санал тавьж оросуудыг тэсэртэл уурлуулсан байв. Тэгвэл 1998 онд ерөнхий сайд Ж.Наранцацралт агсан ОХУ-ын ерөнхий сайд Сергей Степашинд захидал илгээж Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын эзэмшдэг хувийг “Их өр”-ийн оронд өгч, асуудлыг тэглэх санал дэвшүүлж байсан юм.
Харин энэ захидал нь түүнийг ерөнхий сайдын суудлаас мулт татах шалтаг болон Р.Амаржаргал оронд нь томилогдсон билээ. Ж.Наранцацралт агсны захидлын хариуд ОХУ-ын ерөнхий сайд С.Степашин хариу бичихдээ “Өрийг бүхэлд нь хүчингүй болгохгүй. Харин 85 хувийг нь л хөнгөлж болно” гэсэн Давыдовын хувилбар дээр хатуу зогсч байгаагаа мэдэгдэж байсан гэдэг. “Их өр” хэмээх ярвигтай асуудал ийнхүү үе үеийн засгийн газрын толгойны өвчин байсаар 2000 онтой золгоход МАХН дангаараа засгийн эрх авсан бөгөөд энэ үеэс эхлэн Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан С.Баярыг ОХУ-д элчин сайдаар томилон ОХУ-ын ерөнхий сайд Михайл Касьяновтой жинхэнэ тулж ажиллаж эхэлсэн байдаг юм. Орос, Монголын талын яриа хэлэлцээр удаан үргэлжилсний эцэст 11,7 тэрбум ам.доллараас 500 сая ам.долларыг нь үлдээгээд бусдыг нь хасая гэсэн ерөнхий шийдэлд хүрсэн байлаа.
Нэг ёсондоо “Их өр”-ийн 95 хувийг нь хөнгөлөх тал дээр хоёр тал тохиролцсон байв. Чухамхүү тэр үед Н.Энхбаяр ОХУ-ын ерөнхий сайд М.Касыяновтай дахин уулзаж “95 хувь хүнд байна. Тиймээс 95 хүртэл гэж хаалгүйгээр 95-аас доошгүй хувиар гэдэг үгээр солиод тэгээд тооцоо судалгаа хийж үзье” хэмээн тохирсноор сүүлдээ гэрээ хэлцэл нь 98 хувь болж хувирсан гэдэг. Ингээд Н.Энхбаяр тэргүүтнүүд 2003 оны 12-р сарын 31-ний өдрөөс өмнө 250 сая.ам.доллар бүрдүүлэн төлбөрөө барагдуулснаар Монгол улс 11,7 тэрбум ам.долларын их өрнөөс салж, дэлхийн улс орнуудтай бүтээн байгуулалт болон эдийн засгийн салбарт хамтран ажиллах талаар нүүр бардам ярьдаг болсон билээ. Энэ бол яаж ч булж дарах аргагүй бодит үнэн.
Хэрвээ Н.Энхбаяр тууштай шийдмэг ажиллаж чадаагүй бол Монгол улс дор хаяж 500 сая ам.долларын өр ОХУ-д төлөх байсан нь харагдаж байгаа юм. Түүнээс гадна тийм их өртэй хэвээр байсан бол юун Оюу толгой, Таван толгойн уурхай. Оросууд бүгдийг нь их өрөөр дарамтлан өөрийнхөө мэдэлд аюул бодитой нүүрлэж байсан гэдэг. Тиймээс монгол түмнийг 11,7 тэрбум ам.долларын их өрнөөс 250 сая ам.доллараар салгаж асар том буян үйлдсэн экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг шагнах цаг болсон юм шиг. Түүнийг идсэн, уусан гээд шийтгэдэг ээ шийтгэчихсэн шүү дээ. Түүнээс өөр Монгол улсыг өрнөөс салгасан төрийн тэргүүн одоохондоо гарч ирээгүй байна. Бусад нь нэмж өр тавиад ядсан уу гэхээс өр тэглэх, хөнгөлөх тухай огт ярьж байсангүй.
Ийм хичээл зүтгэл ч гаргаж байсангүй. Тиймээс экс ерөнхийлөгчийг Солонгосоос дуудаж авчраад “Та Монгол улсдаа үнэхээр том гавъяа байгуулсан хүн. Таны хичээл зүтгэл, уран нарийн ухааныг бид үнэлэлгүй их цаг алджээ” гээд ядаж л “Хөдөлмөрийн гавъяаны одон”-гоор шагнаж урам зоригийг нь сэргээж болохгүй гэж үү. Н.Энхбаярыг шагнавал улс эх орныхоо төлөө зүтгэх хүмүүс улам олон болох биш үү. Хэрвээ үнэхээр чингэж чадвал “Монголын төр зүтгэсэн хүмүүстээ халтай. Тиймээс эрх мэдэлтэй байгаа дээрээ идэж аваад хар амиа бодоод зугтах хэрэгтэй” гэдэг ойлголт ч үгүй болох болов уу.
Б.Мөсөн
agshin.mn
URL: